475-р бүлэг : Хийх хэдэн зүйлс
Хэсэг хугацааны дараа Санни гал тогоондоо сууж, дөнгөж сая өөрийн бэлдсэн өглөөний цайгаа идэж байлаа. Тэр хийх зүйлсийнхээ жагсаалтыг эргэцүүлэн бодож байв.
Тэдгээр нь тодорхой дараалалгүйгээр Зүүдний ертөнцөөс авчирсан сүнсний хэлтэрхийнүүдээ зарах, мөн цаашдаа илүү олныг тогтвортой зарах арга зам бий болгох; Зүүдний Оронд эргэн орж мэргэжлийн тулааны талбаруудад тулалдаж, Сүүдрийн Бүжгээ бэлтгэл хийж, Доод ертөнцийн өмсгөлөө ялалтаар тэжээх; Рэйнийг ажиглаж, тэр бүх нөхцөл байдлыг хэрхэн шийдэх арга бодож олох; жадтай зөв тулалдаж сурах; Нефистэй уулзах; мөн Ноктисын зооснуудын талаар Багш Жулиуст тайлан бичих байлаа.
Магадгүй хийх өөр зүйлс ч байсан байх, гэвч тэр тэдгээрийг мартчихсан байв. Ямар ч байсан түүнд хийх ажил аль хэдийн хангалттай их байлаа.
Өглөөний цайгаа дуусгаад, сүнс нь Зүүдний ертөнцөөр тэнүүчилж байгаа Эффигийн унтаж байсан зочны өрөөний хаалга руу ширтэн Санни толгой сэгсэрч, гадагш гарч үүдний довжоон дээр суун амтат цайгаа шимэв.
Өглөө эрт байлаа. Санни дүүргийн тайван үзэмжийг таалан, Рэйн сургууль руугаа явах замдаа нийтийн тээврийн буудал руу алхахыг ажигласны дараа холбооны хэрэгслээ идэвхжүүлэв.
Тэр хамгийн энгийн ажлаа хийж эхлэх гэж байлаа.
Интернетийн захын хэсэг рүү орж, урьдын адил Сэрэгсдийн хэсэгт нэвтрэхийн тулд өөрийн таних дугаарыг оруулав. Санни өмнө нь тэндхийн бараануудыг олон удаа үзэж байсан ч тэр үедээ юу ч худалдаж авах мөнгө бараг хүрдэггүй байжээ.
Харин өнөөдөр байдал өөр байв. Өнөөдөр тэр сүлжээнд худалдан авагч биш, харин худалдагчийн хувиар хандаж байлаа.
Санни хайлтын түлхүүр үгэндээ "сүнсний хэлтэрхий" гэж бичээд жагсаалтыг ширтэн, үнийнх нь ард байх тэгүүдийн тоог бахдан харлаа. Хэлтэрхийн үнэ жигд биш бололтой... мэдээж илүү өндөр зэрэгтэй хэлтэрхий хамаагүй үнэтэй. Гэхдээ хүмүүс хачирхалтай нь тэр талстыг ямар Хар дарсан зүүдний мангасаас олж авсан, мөн тэр мангасыг хэрхэн устгасан гэдэгт бас их ач холбогдол өгдөг бололтой.
'Юу гээч новш нь вэ?'
Илэрхий чинээлэг жирийн хүмүүсийн дунд иймэрхүү зүйл цуглуулах дуртай цуглуулагчид байдаг аж. Бас зарим мухар сүсэгтэй Сэрэгсэд ямар нэгэн шалтгаанаар "муу" хэлтэрхийг шингээвэл сүнснийх нь ариун байдалд сөргөөр нөлөөлнө гэж итгэдэг байв.
'Хачин амьтад...'
Санни олон зүйлийг мэддэггүй байсан ч нэг зүйлийг бол гарцаагүй мэддэг байлаа. Энэ хорвоод цэвэр ариун сүнстэй ганц ч Сэрэгч үгүй. Тэдний хамгийн сайнууд хүртэл мөн чанартаа алуурчид бөгөөд туулж өнгөрүүлсэн хар дарсан зүүднүүд нь зүрх сэтгэлийг нь хараар будсан байдаг.
Тэгээд ч сайн эсвэл муу сүнсний хэлтэрхий гэж байдаггүй. Тэд бүгд аймшигт мангасуудаас гардаг, цусаар олддог зүйлс. Ямартай ч энэ бол өөрийн зараа нийтлэхдээ анхаарч үзэх зүйл байлаа. Үнийн ерөнхий байдлыг ойлгосны дараа Санни өөрийн цахим дэлгүүрийг үүсгэх маягтыг нээв. Тэр нэг их бодолгүйгээр түүнийг "Гайхамшигт Дэлгүүр" гэж нэрлээд бүх мэдээллийг бөглөж эхлэв. Дараа нь сүнсний хэлтэрхийнүүдийнхээ тайлбарыг бичих ээлж ирэхэд Санни энгийнээр ингэж бичив.
'Нүгэлт Ад зэтгэр Ховдогч Элэглэгчээс гарсан дөрвөн сүнсний хэлтэрхий. Энэхүү амьтныг Гайхамшигт Дэлгүүрийн эзэн өөрийн биеэр алж, дараа нь идсэн болно. Үүнээс өмнө Ховдогч Элэглэгч эрдэнэсийн авдар болж дүр эсгэн, эрдэнэсийн амлалтад хууртагдсан хүмүүсийг залгидаг байсан. Эцэст нь өөрийн залгиж чадахаас ихийг хазсан юм.'
Үүндээ сэтгэл ханасан Санни зараа нийтэлж дуусгаад хэн нэгэн тэр дороо үнэ хаях болов уу гэсэн мэт хэсэг ширтэв. Гэвч тийм зүйл болсонгүй. Санаа алдан тэр холбооны хэрэгслээ унтрааж, гэр лүүгээ буцан оров.
'Удахгүй ээ... би удахгүй баян болно...'
Түүний дөрвөн сүнсний хэлтэрхий бүгд зарагдахад хэдэн өдөр зарцуулагдав. Үүний дараа Санни аюулгүй бараа хүргэлтийг зохион байгуулах хэрэгтэй болсон нь өөрөө бас нэлээд төвөгтэй ажил байлаа. Ерөнхийдөө энэ бүх үйл явц аль хэдийн шахуу хуваариас нь хэтэрхий их цаг авч байв.
Мөн бизнесээ үнэхээр цэцэглүүлэхэд хэрэгтэй чухал мэдлэг өөрт нь дутагдаж байгааг тэр мэдэрч байлаа. Түүний зарж байсан бүтээгдэхүүн нэгдүгээр зэрэглэлийнх байсан ч Идэвхгүй болон Сэрсэн Зэрэгтэйгээсээ харьцуулахад Нүгэлт Зэрэгтэй сүнсний хэлтэрхий маш ховор байсан ч үнэ хаялцалт төдийлөн идэвхтэй өрнөсөнгүй. Тэр нэлээд их мөнгө олсон ч олж болох хэмжээндээ хүрсэнгүй.
Гэсэн ч тэр мөнгө нь доод Зэрэгтэй хэдэн хямд Дурсамж худалдаж авахад хангалттай байлаа. Санни хамгийн хэрэггүй, өөр хүн хэзээ ч авахгүй зүйлсийг хайж олоод хамгийн бага үнийг санал болгов. Тэдгээрийг зарж байсан хүмүүс эцэст нь энэ зүйлсээс салсандаа туйлын ихээр баярласан нь гарцаагүй.
Санни Дурсамжуудыг хүлээн авмагцаа шууд Гэгээнтэнд өгөх гэж байсан ч түүнээс өмнө газар доорх дожо дээрээ Хэрцгий Харцаар удаан хугацаанд бэлтгэл хийв.
Тэр богино сэлэм ашиглах талаар сайн ойлголттой байсан ч жад бол түүний хувьд огт өөр араатан байлаа. Санни тулааны үндсэн зарчмуудыг мэддэг бөгөөд ямар ч зэвсгийг барьсан боломжийн хэмжээнд тулалдаж чаддаг байсан ч тэдгээрийг төгс эзэмшихээс маш, маш хол байв.
Тэгвэл азаар түүний зочны өрөөнд яг жадны алдартай мастер, Чоноор Өсгүүлэгч өөрөө байрлаж байлаа.
Мэдээж Эффи биеийн байдлаасаа болж түүнтэй жинхэнээсээ халз тулалдаж чадахгүй. Гэхдээ түүнд Гэгээнтэн байсан.
Эцэст нь гурвуулаа подвалд ихэнх цагаа өнгөрөөв. Эффи ажиглангаа юу хийх, яаж хийх, хамгийн чухал нь юу хийх ёсгүйг тайлбарлана. Гэгээнтэн өрсөлдөгч нь болж, хүчирхэг дайсны дүрээр түүний дөнгөж бүрэлдэж буй ур чадварыг өнгөлөн хурцалж өгнө. Харин Санни... Санни дахиад л дуртайяа боксын мишокны дүрд оржээ.
Яг л тэд Харанхуй хотын сүйрсэн сүмийн нууц өрөөнд хамт өнгөрүүлсэн тэр долоо хоног шиг байлаа. Санни тэр үеийг санан, тухтай сайхан байсан тухай бодоод бүр бага зэрэг дурсамжинд автлаа.
Харин одоо бүх зүйл түүнээс ч дээр болсон байв. Бэлтгэлийн завсарлагаар хүссэн хэмжээгээрээ амттай хоол идэж болохоос гадна хөхөрч няцарсан биеийнх нь өвдөлтийг намдаах эм, мөстэй усанд орох боломж хүртэл байлаа.
Гэгээнтэнтэй хийх бэлтгэл үнэхээр үр дүнтэй байсан ч тэр чөтгөр цохилтоо зөөллөнө гэж огт мэддэггүй байв!
Ингэж хэдэн өдөр өнгөрөв.
Тэгээд Саннигийн нэлээд хугацаанд айж явсан зүйл эцэстээ зайлшгүй тохиолдлоо.
...Кайтай хамт "Гэрэл ба Харанхуйн Дуу" киноны нээлтэд явах цаг болсон байв.