573-р бүлэг : Өлсгөлөн
Өөрсдийнх нь хорих өрөөний үүдэнд хэвтэх цогцсыг даван алхсан Санни, Касси хоёр харанхуй, эзгүй хонгилд орж, хэдхэн хором зогсов. Тэд хонгилыг эзэгнэсэн цуурайтсан нам гүмийг түгшин чагнаад, дараа нь болгоомжтой урагшиллаа.
Ихэнх хүмүүс нэвт шингэшгүй харанхуйд төөрөх байсан ч тэдний хэн нь ч түүнийг тавгүй гэж мэдэрсэнгүй. Тэд чимээгүйхэн алхаж, хамгийн ойрын шатны хонгилын зүг явж байхад сүүдрүүд нь урдуур нь гулган явж, болзошгүй аюулыг тагнан байлаа.
Гэхдээ Санни сүүдрүүдээ хэт хол явуулсангүй. Ямар ч мөчид тэдний тусламж хэрэг болж магадгүй гэдгийг тэр мэдэж байв.
Өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш тэр Кассигийн Шөнийн Сүмийн талаар мэддэг бүхнийг сурсан тул түүний толгойд сүмийн дотоод бүтцийн тодорхой зураг бүрэлдсэн байлаа. Ядаж л сохор охины мэддэг хэсгүүдийнх нь зураг.
Одоогоор тэд долоон хонхны цамхгийн нэгийн хамгийн доод давхарт, үндсэн байгууламжийн гаднах цагаргийн гүнд байв. Гаднах цагаргад өөр хоёр хонхны цамхаг байсан бөгөөд цагаргийн өөрөө болон түүнээс доош үргэлжилдэг гурван цамхаг хүнгүй байлаа. Тэдгээр нь ихэвчлэн хоосон эсвэл Төөрөгсөд Цайзыг арчлан хамгаалахад ашигладаг агуулах, урлан болон бусад зориулалтын өрөөнүүдээр дүүрэн байв.
...Гэсэн ч тэднийг хоригдсоноос хойш сүмийн дотор юу өөрчлөгдсөн, харанхуйд ямар аюул нуугдаж байгааг мэдэх ямар ч арга байсангүй.
Тэд нэг давхраас нөгөөд шилжин явсан ч амьд хүнтэй огт таарсангүй. Энд тэндгүй тулалдааны ул мөр үзэгдэнэ. Тавилгууд үйрч бутарсан, ханыг хурц ирээр сийчсэн эсвэл цуурсан, зарим нь бүр бүхэлдээ сүйдсэн байлаа. Шал цусаар будагдсан ч өөр цогцос харагдсангүй.
Тэдний олсон зүйл гэвэл урагдаж, цусаар будагдсан хувцасны бөөн овоо болон хөмөрсөн хэдэн ширээ л байв. Хэн нэгэн тэдгээрээр яаран хаалт босгохыг цөхрөнгөө барсан мэт оролдсон бололтой. Гэвч тэр хүн амжилтад хүрээгүй нь илт байлаа. Түр зуурын хаалт эвдэрч сүйдсэн бөгөөд түүний ар талын шал, хана, бүр тааз хүртэл их хэмжээний цусаар будагдсан байв.
Санни, Касси хоёрын царай барайсаар түүнийг өнгөрөн алхлаа.
Хэсэг хугацааны дараа Санни цоожтой нэг хаалганы цаана модон хайрцгуудаар дүүрсэн агуулах олж нээв. Хайрцаг бүр дотор хэдэн зуун ширхэг жанхуу байлаа. Түүний аманд тэр дороо шүлс асгарч эхлэв.
'Хоол...'
Тэр шавар шиг нялцгай зүйлийг хэчнээн үзэн яддаг байсан ч яг одоо бол ганцхан балгахын төлөө ч алж чадахаар байв.
Санни, Касси хоёр харуулын цогцосноос авсан түлхүүрийн оосор дээрх нэг түлхүүрээр агуулахыг онгойлгож, дотогш орон, дараа нь араасаа хаалгаа түгжив.
Хоёулаа өлсөж үхэх шахсан байсан ч Касси нэг хоолойг авах гэж байтал Санни түүнийг зогсоов.
"Нэгээс илүүг идэж болохгүй. Бас удаан ид."
Касси эргэлзээд, хөмсгөө зангидан түүн рүү эргэж харав.
"Яагаад? Би маш их өлсөж байна..."
Санни толгой сэгсрээд хайрцгуудын нэг дээр суулаа.
"Хэрэв удаан хугацаанд юм идээгүй байж байгаад гэнэт хэт ихийг хэт хурдан идвэл үхэж ч магадгүй."
Сохор охин толгойгоо үл ялиг хазайлгав.
"Юу? Яагаад? Чи үүнийг яаж мэддэг юм?"
Санни нэг хоолойг онгойлгон мөрөө хавчив.
"...Нүдээрээ харж байсан."
Энэ бол захын дүүргийн гудамжны хүүхдүүдийн дунд байдаг жирийн мэдлэг байлаа. Харин Касси жинхэнэ өлсгөлөнг хэзээ ч амсаж байгаагүй нь лавтай. Харанхуй хотод байсан үед ч Өөрчлөгдөж буй Од болон түүний анчдын бүлэг гаднах суурингийнхныг хангалттай хооллодог байсан.
Ердийн хүүхдүүд иймэрхүү зүйлийг сургууль дээр үздэггүй гэж үү хэмээн Санни бүр гайхав.
Сохор охин хэсэг тээнэгэлзсэн ч эцэст нь түүний зөвлөгөөг дагалаа.
Тэд хоёулаа нэг жанхууг аажмаар идээд, дараа нь хэсэг амрав. Үүний дараа Санни Шунахай авдрыг дуудан, тагийг нь илээд, хэдэн хайрцгийг жижиг авдар луу ачив.
"Ямар сайн жижиг авдар вэ! Сайн байна, Авдархан минь!"
Дараа нь хүч тэнхээ нь өлсгөлөнд туйлдсан биед нь аажмаар эргэн орж, сэргэж тэнхэрсэн тэд хайрцгуудыг зайлуулж, Төгсгөлгүй булгийн тусламжтайгаар ээлжилж биеэ угаав.
Санни эхэлж орлоо. Өмхий үнэр шингэсэн хувцсаа тайлж, арьсаа хүйтэн усаар үрэн угаах нь диваажинд байгаа мэт санагдав. Дуусмагцаа тэр Үхэшгүй Гинжийг дуудан өмсөж, эцэст нь өөрийгөө эргээд өөрийнхөөрөө болсон мэт мэдрэв.
Үүний дараа тэр хаалганы дэргэд чимээгүйхэн сууж, нэг сүүдрээ ашиглан гаднах хонгилыг ажиглав.
Чулуун хонхны цамхгийг эзэмдсэн үхмэл нам гүмд Санни эргэн тойрон дахь бүх чимээг өөрийн эрхгүй сонсоно. Бүдүүлэг өмсгөл Кассигийн арьсанд шүргэлцэх чимээ, түүнийг тайлаад газарт унагах чимээ, жижигхэн, уян хатан биеэр нь ус урсан өнгөрөх намуухан шуугиан, хэдэн долоо хоногийн хоригдлын зовлон усанд урсан арилахад тэр гаргах үл мэдэг санаа алдалт хүртэл бүгд сонсогдож байлаа.
Удалгүй тэр цэнхэр хүрэм, өнгөлсөн хуягаа дахин өмсөн Саннигийн хажууд ирэв.
Санни хэсэг эргэлзээд:
"Нааш ир."
Касси толгойгоо үл ялиг хазайлгаад хэлснээр нь ойртлоо. Санни унтарсан тосон дэнлүүний нэг рүү гараа сунгаад, тортгийг нь авч Кассигийн цээжний хуяг, мөрний хуяг болон бусад ган хэсгүүд дээр үрж эхлэв.
Сохор охин хөмсгөө зангидсан ч түүнийг зогсоосонгүй.
"...Хуягийг маань гялбахгүй болгох гэж байна уу?"
Санни толгой дохив.
"Тийм. Зүгээр л... болзошгүй зүйлд."
Мордрет ямар чадвартайг тэд одоо хүртэл мэдэхгүй байсан ч түүний хүч толь болон тусгалтай ямар нэгэн байдлаар холбоотой нь илэрхий байлаа. Үхэшгүй Гинж бараан гангаар хийгдсэн ч Кассигийн хуяг хэтэрхий гялалзсан тул Санни тайван байж чадахгүй байв.
...Тиймээс л тэр Хэрцгий Харцыг одоо хүртэл дуудаагүй байсан юм. Шидтэй жадны мөнгөлөг ир тунгалаг толь шиг харагддаг бөгөөд түүнийг дуудвал юу болохыг Санни мэдэхгүй байлаа.
Санни Кассигийн хуягны өнгөлсөн ган хэсгүүдийг бүгдийг нь тортгоор бүрхэж дууссаны дараа тэд хэсэг амарч, бага зэрэг дахин идээд, агуулахыг орхин гарлаа. Одоо хонхны цамхагаар өгсөн гарч, Шөнийн Сүмийн гаднах цагиргад буцах цаг болжээ.
---
Тэд шатны хонгилоос гарч, Шөнийн Сүмийн үндсэн байгууламжийн хар ханануудын дунд дахин ирмэгц аймшигтай өмхий үнэр хамар цоргив. Санни ярвайгаад, хамраа гараараа таглалаа.
Энэ бол үхлийн танил, жигшүүрт үнэр байв.
Хонхны цамхгийн адил гаднах цагирга ч харанхуйд живжээ. Хэн ч дэнлүүнүүдийн тосыг солиогүй бөгөөд гэрэл нэвтрүүлэх цонх ч байгаагүй. Эндхийн хонгилууд илүү өргөн, чимэглэл нь илүү тансаг байлаа. Гэвч өмнөхийн адил бүх зүйл нам гүм бөгөөд эргэн тойронд хэн ч байсангүй.
Санни дагжин чичрэв.
'...Бүгд хааччихсан юм бэ?'
Шөнийн Сүм бүхэлдээ эзгүйрсэн мэт байлаа. Эхэндээ тэд өлсөж, туйлдсан байсан болохоор энэ нь Саннид таатай санагдсан. Харин одоо хүнгүй байгаа нь улам түгшүүр төрүүлж эхэлжээ.
Тэднийг хоригдож байх хугацаанд энд яг юу болсон юм бэ?
Тэд удаанаар, болгоомжтой хөдөлсөөр гадагш гарах хаалганы зүг явлаа.
...Удалгүй Санни хөл доорх чулуун дээр хатсан цусны мөр байгааг анзаарав. Яг л үхэж байсан эсвэл аль хэдийн нас барсан хүнийг чирэн авч явсан мэт. Санамсаргүйгээр тэр мөр мөн л тэдний явж буй зүг рүү хөтөлж байлаа. Төд удалгүй үхлийн үнэр улам хүчтэй болж, амьсгалахад ч бэрх болов.
Санни, Касси хоёр хаалганы өмнөх танхимд орж ирээд хөшин зогсов.
Түүний царай барайв.
'Энэ... энэ бол огт сайн зүйл биш...'