477-р бүлэг : Алга ташилт
Нефис Харанхуй хотод хүрч, анчин бүсгүйн дүр гарч ирсний дараа Санни, Эффи хоёр үлдсэн киног бараан царайтайгаар үзэв.
Хоёрдугаар хэсэг нь гаднах сууринд өрнөж, Нефис тэнд гацсан залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг хамгаалж, тэдэнд урам зориг өгөх гэсэн баатарлаг оролдлогод зориулагджээ. Тэнд сэтгэл хөдөлгөм олон илтгэл, Харанхуй хот руу хийсэн үс босгом аянууд, мөн Ганлаугийн армитай хийсэн хурц мөргөлдөөнүүд гарна.
Мөн дэлгэцэн дээрх залуу Саннигийн хийсэн элдэв тэнэглэлүүд үзэгчдийн баярыг хүргэсээр байлаа. Нэгэн үед хүмүүс түүнтэй хамт "Чи галзуурчихаа юу?!" гэж орилж эхлэв. Харин удалгүй дүрийнх нь өсөлтийг харуулсан хөгжилтэй хэсэг гарч, тэр урьдын адил шүүмжлэхийн оронд "...Би галзуурчихсан юм болов уу?" гэж асуугаад Нефисийг дагасанд танхим даяараа баярлан алга ташив.
...Гэвч киноны энэ хэсгийн ихэнх нь тэр хүнд хэцүү цаг үед Нефис, Кастер хоёрын хооронд үнэхээр төрсөн хүндлэл, нөхөрлөлийг харуулахад зориулагджээ. Царайлаг эрэгтэй гол дүр түүний баруун гар болсноор Өөрчлөгдөж буй Од гаднах суурингийн хүмүүсийг амжилттай нэгтгэж, хүн байх нь ямар утгатайг нь тэдэнд сануулан, шударга бусаар хоригдсон дуу шуутай Эффиг аврахын тулд Ганлаугийг тулаанд дуудлаа.
Тэр тулааны үзүүлбэр боломжийн сайн байсан ч бодит тулаантай огтхон ч адилгүй байв. Гэрэлт баатар бүсгүй болон харгис тирантын хэрэглэсэн хөдөлгөөнүүд сүрлэг, драматай бөгөөд уур амьсгалыг сайн илэрхийлж байсан ч бодитоор тэгж тулалдахыг оролдсон хэн ч байсан дайснаа инээгээд үхүүлэх эрсдэлтэй байлаа.
Гуравдугаар хэсэгт Улаан цамхгийг бүсэлсэн тулалдаан, эхний шугамын дайчид болон Эффигийн баатарлаг эсэргүүцэл, Кайгийн Цамхгийн Элчүүдтэй тэнгэрт хийсэн тулаан, мөн Нефис, Кастер хоёр мөр зэрэгцэн тулалдаж, олон арван Хар дарсан зүүдний мангасыг хамтдаа устгаж буйг үзүүлэв.
Үзэгчид амьсгалахаа хүртэл мартсан мэт байсан бөгөөд бүр Санни хүртэл энэ тулааны хэсгийг онцгой сайн хийснийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Энэ нь ийм аллага ямар эмх замбараагүй байдал, аймшиг, хүний амь насны ямар аймшигтай үнэ төлөөс авчирдгийг үнэхээр чадварлаг харуулжээ. Үзэгчдийн аль хэдийн хайрлаж эхэлсэн олон туслах дүр баатарлагаар амиа алдаж, тэр бүр харанхуй танхимаас хэд хэдэн хүний мэгших чимээг хүртэл сонсов.
Үзэсгэлэнт хөгжмийн ачаар уур амьсгал нь гунигтай биш байлаа. Харин ч сүр жавхлантай, ялалтын мэдрэмжээр дүүрэн бөгөөд яг л ингэж үхэх нь хүний хүртэж болох хамгийн дээд нэр төр мэт санагдуулж байв.
Тавгүйцсэн Санни суудал дээрээ эвгүйхэн хөдөллөө.
'Тэр Гриффин гэдэг залуу үнэхээр аялгуу зохиож чаддаг юм байна...'
Нөхцөл байдал хамгийн найдваргүй болж, харанхуй ус дээшлэн үлдсэн бүх дайчдыг живүүлэхээр заналхийлж байх үед гэнэтийн өөрчлөлт болов. Тэнгис гэнэт ухарч, мангасууд газарт унаж эхлэв. Цус, шархаар бүрхэгдсэн Кастер Нефис рүү хараад шивнэн хэлэв.
"Хатагтай! Нар..."
Үнэхээр нар гэнэт аймшигтай улаан өнгөтэй болж, түүний гэрэл үлдсэн Хар дарсан зүүдний мангасуудыг устгангаа хүмүүсийг хүртэл дайрч байлаа. Киноны турш анх удаа Өөрчлөгдөж буй Одын нүүрэнд эргэлзсэн, цөхөрсөн төрх тодров.
Аврал үзэгчдийн хэзээ ч тийм агуу зүйл хийнэ гэж төсөөлөөгүй хүнээс ирэв. Хонхны цээлхэн дуу агаарт цуурайтаж, цамхгийн дэргэд болхи, хэнд ч хэрэггүй Санни гараа даллан зогсох нь харагдав.
Амьд үлдсэн хүмүүс Улаан цамхаг руу гүйн орж дотогш нэвтрэв.
Тэнд Нефис дээш харснаа Санни руу эргэн харав.
"Хүн бүрийг зугтах хүртэл Аюулыг хэн нэгэн саатуулах хэрэгтэй. Би тэр хар дарсан зүүдтэй тулалдана, гэхдээ чи заавал биелүүлэх ёстой нэг чухал даалгавар байна. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь Гарц руу удирд!"
Дэлгэцэн дээрх Санни айсан харцаар Өөрчлөгдөж буй Од руу харав.
"Хатагтай Нефис... та галзуурчихаа юу? Би ердөө л захын дүүргийн болхи жаал. Та яаж над шиг хүнд ийм чухал зүйлийг даатгаж чадаж байна аа?"
Бодит ертөнцийн Санни ууртай ёолохоо арайхийн барив. Харин үзэгчид маш их хөдөлжээ.
"Чи чадна, Санни!"
"Чамд найдаж байна, жаалаа!"
"Чи мундаг тагнуулч шүү, өөрийгөө битгий басамжил!"
Дэлгэцэн дээр Нефисийн дүрийг бүтээсэн үзэсгэлэнт жүжигчин өмнөө зогсох хөгжилтэй атлаа бага зэрэг өрөвдмөөр хүүг ширтээд мөрөн дээр нь гараа тавив.
"Бид Сэрэгсэд хүн төрөлхтнийг хамгаалахын тулд шаардлагатай үед үргэлж босож зогсох ёстой. Хэчнээн хүнд нөхцөл байдал байсан ч бууж өгөхгүй л бол итгэл найдвар үргэлж байдаг. Би чамд итгэж байна, Санни. Чи өөрийнхөө бодож байгаагаас ч илүү ихийг хийж чадна!"
Ингээд тэр амьд үлдсэн хүмүүсийг орхиод Аюултай тулалдахаар явж, харин Санни бүгдийг Гарц руу удирдав. Энэ явцад Кастер ч мөн Өөрчлөгдөж буй Одод туслахаар бүлгээс саллаа.
Киноны сүүлийн хэсгүүдэд зуун амьд үлдэгч Гарц хүрэхээр тулалдан урагшилж буй дүр зураг, Цамхгийн оройд тэр хоёрын аймшигт мангастай хийж буй эмгэнэлт тулаан хоёрыг ээлжлэн харуулав.
Тэр хоёрын хэн нь ч бодит ертөнцөд эргэн ирэхгүй гэдгийг сайн мэдэж байсан олон үзэгч уйлж байлаа.
Эцэст нь Кастер Нефисийг хамгаалахын тулд баатарлагаар амиа золиослон, тоо томшгүй олон үзэгчийн зүрхийг шархлуулав. Амьд үлдсэн хүмүүс Гарц олж, сүйрэхээс нь хэдхэн хормын өмнө амжилттай зугтаж чадлаа.
Хамгийн сүүлчийн кадрт цусаар будагдсан Нефис эвдэрхий сэлэм барин цамхгаас гарч ирэв.
Тэр Мартагдсан Эрэг рүү ширтэхэд ганцхан нулимс хацрыг нь даган урслаа.
"Бууж өгөхгүй л бол... итгэл найдвар үргэлж байдаг."
Дэлгэц харанхуйлж, дараагийн мөчид танхим тэр аяараа нижигнэтэл алга ташив.
Санни нүдэндээ нулимстайгаа алга ташиж байсан тэр олон хүнийг хачирхалтай царайлан ширтэв.
'Тэд... үнэхээр энэ хогийг таашаасан гэж үү?'
Тэр Эффи рүү эргэж, хэсэг тээнэгэлзсэний эцэст асуулаа.
"Өө... чамд таалагдсан уу?"
Өмнөх анчин бүсгүй түүн рүү удаан ширтэв.
Тэгээд хэлэв.
"Би юу, чи ? Мэдээж таалагдаагүй. Ямар аймшигтай хог вэ!"
Санни тайвширсан янзтай уртаар амьсгаа гаргав.
Ядаж энэ театрт өөр нэг эрүүл ухаантай хүн байжээ...