479-р бүлэг : Төлөөлөгч
Аз болж Саннигийн хувьд Кай удалгүй ажлаа дуусгаж, тэд театрын байшингаас гарч илүү хувийн орчин руу явж чадлаа.
...Эс бөгөөс Гэрэл ба Харанхуйн Дуу Хоолой киноны нээлтийн үеэр энгийн иргэд хүртэл хохирох байв. Нөгөө хараал идсэн зохиолч ресторанд байсан бүх хүнд Саннигийн хэн болохыг зарласны дараа түүнээс нүүрэн дээрээ "Чи солиотой юм уу?!" гэж хэлүүлэхийг хүссэн хүмүүсийн тоо бараг түүний тэвчээрийн хязгаарт хүргэсэн юм.
Ямар ч байсан удалгүй тэр Эффи, Кай, Айко гуравтай хамт тансаг чамин амралтын өрөөнд сууж байлаа. Бяцхан бүсгүй загварлаг ажил хэргийн хослол өмссөн нь тун цэгцтэй харагдаж, тайван, нөхөрсөг зантай Кайд шууд ойртохоос хүмүүсийг хоёр дахин бодоход хүргэхүйц хүйтэн мэргэжлийн уур амьсгал цацруулж байв. Саннигийн бодлоор энэ нь алдартны менежер энэ хүний ажлын чухал хэсэг ажээ.
Тэд суусны дараа өнөөх алдартан гэмшсэн харцаар тэднийг харав.
"За... аан... тийм ч муу байгаагүй биз дээ?"
Эффи түүн рүү инээмсэглээд, намуухан хоолойгоор хэлэв.
"Тийм ээ, тийм ээ! Гэхдээ чи одоо хүртэл амьд байгаа цорын ганц шалтгаан нь миний тэргэнцрээс цус цэвэрлэх төвөгтэй болохоор л тэр."
Кай эвгүйхэн инээгээд Санни руу харав.
"Харин чи?"
Санни мөрөө хавчив.
"Надад бол хамаагүй. Үнэндээ намайг будилуу тэнэгээр дүрсэлсэнд би баяртай байгаа."
Царайлаг нумчин нүдээ ирмэв.
"Үнэхээр үү?"
Санни тун нухацтай толгой дохилоо.
"Мэдээж! Чамайг тэнэг гэж боддог хүмүүсийг хуурах илүү амархан байдаг. Тийм болохоор... надад бол хамаагүй."
Кай ичингүйрэн харцаа буруулав.
"Ямартай ч... нэг их санаа зовоод хэрэггүй ээ. Ийм төрлийн кинонуудыг ихэвчлэн олон нийтийн зоригийг өргөхийн тулд хийдэг. Хэн ч үнэхээр нухацтай хүлээж авахгүй. Энгийн хүмүүс хүртэл Сэрэгсдийн тухайд бодит байдал, уран зохиол хоёрыг ялгаж чаддаг."
Санни инээв.
"Тийм ээ. Ялгахыг хүссэн үедээ."
Эцсийн эцэст тэр амьдралынхаа ихэнх хугацаанд энгийн хүн байсан. Захын дүүрэгт өссөн ч бусад сэрүүн ертөнцийн хүмүүсийн адил хямдхан зугаа цэнгэл хэрэглэдэг байлаа. Тийм ээ, тэр суртал ухуулгыг таньж, юуг нухацтай хүлээж авах ёсгүйгээ мэддэг байсан, гэхдээ тэр үед ч үнэнтэй ямар ч холбоогүй олон зүйл түүний оюун санаанд шингэж, мэдэгдэхгүйгээр итгэл үнэмшил нь болж хувирсан байв.
Сайн зохион байгуулсан худал яг ингэж ажилладаг.
Тэд киноны ялангуяа инээдэмтэй хэсгүүдийн талаар хэсэг ярилцаж, хошигносны дараа Санни тохиромжтой мөчийг ашиглан хэлэв.
"Дашрамд... би Касситай ярьсан. Тэр зөвшөөрсөн. Гэхдээ өвөл болохоос өмнө хийх хэрэгтэй болохоор бэлтгэлээс нэг сар хасагдана."
Эффи инээмсэглэв.
"Сайхан мэдээ байна! Тэгвэл би ачаагаа бэлдэж эхэлье. Би одоо Бэхлэлтээс өмнө зүгт байгаа болохоор... Гинжлэгдсэн Арлууд хүрэхэд хоёр, гурван сар хэрэгтэй байх? Эсвэл та хоёрын хэн нэг нь нутгийн найрсаг Гэгээнтэн таних юм биш биз."
Санни Гэгээнтэн Тирисыг бодоод чимээгүй үлдэв.
Үгүй ээ, тэр эмэгтэй түүнд дэндүү аймшигтай санагддаг тул тусламж гуйж огт зүрхлэхгүй. Мастер Жет анх яаж түүнийг зөвшөөрүүлснийг тэр гайхаж байлаа.
Кай толгой дохив.
"Бид Бэхлэлтэд уулзаад хамтдаа хойд зүг рүү аялъя. Илүү аюулгүй байх болно."
Харин Айко тэднийг будилсан харцаар ширтэж байлаа.
"Хойд зүг рүү аялна гэж? Өвөл болохоос өмнө хийх ёстой гэж? Та нар юу яриад байгаа юм?"
Гэнэт царайлаг нумчны нүүрэнд гэмшсэн төрх тодров.
"Тэр... аан... би өмнө нь хэлээгүй. Гэхдээ ер нь бол би Санни, Эффи, Касси нартай нэгдээд... Хоёр дахь Хар дарсан зүүдийг сорих гэж байгаа."
Айко түүнийг цочирдсон харцаар ширтэв.
"Саннигаас үгийг нь булаах гэсэнгүй, гэхдээ... чи солиотой юм уу?! Агентлагт хэлсэн үү?"
Кай сулхан инээмсэглэв.
"...Үгүй? Үнэндээ чамаар хэлүүлэх санаатай байсан. Тэд чиний үгийг сонсоно шүү дээ! Уг нь энэ чинь олон нийттэй харилцахад ч сайн зүйл биз дээ? Дээрээс нь би Мастер болчихвол өдөр бүр Зүүдний ертөнцөд очих шаардлагагүй болно."
Бяцхан бүсгүй хамраа сөхөв.
"Амьд үлдвэл шүү!"
Дараа нь тэр Санни, Эффи хоёр руу хараад толгой сэгсэрлээ.
"Ахх, би юугаа ч яриад байгаа юм... Удахгүй би дахиад ажилгүй болох юм байна л даа. Та нар түр хөгжилдөөд байж бай, би уух юм аваад ирье."
Ингээд тэр босоод баарны зүг алхав.
Санни хэсэг бодсоноо мөн босов.
"Би очоод хамт аваад ирье."
Кай түүн рүү талархсан инээмсэглэл илгээв.
"Баярлалаа."
'Намайг юу хийх гэж байна гэж бодоод байгаа юм бол?'
Санни найз руугаа гайхсан харцаар хараад Айког дагалаа.
Мэдээж тэр өрөвдсөндөө ингэж байгаа юм биш. Үнэндээ түүнтэй ганцаарчлан ярилцах зүйл байсан юм.
Тэр бааранд очиж бяцхан бүсгүйн хажууд зогсоход Айко түүн рүү муухай харлаа.
"Юу ч байсан үгүй. Огт үгүй..."
Санни нүдээ ирмэв.
"Юу гэсэн үг вэ?"
Айко ёжтой инээмсэглэв.
"Би чиний тэр харцыг мэднэ. Сүүлд чи над руу ингэж харахад Стев бид хоёр бараг Цуст Эзний өгөөш болох шахсан. Яасан, амиа хорлох аяндаа намайг элсүүлэх гээ юу?"
Тэр толгой сэгсэрлээ.
"Үгүй, үгүй. Тийм юм биш. Үнэндээ ажлын чинь тухай..."
Бяцхан бүсгүй хөмсгөө өргөв.
"Өө?"
Санни толгой дохилоо.
"За, чиний орлогын нэг хэсэг алдагдах магадлалтай байгаа болохоор, бас Кай чамайг зохион байгуулалтын ажилд үнэхээр сайн гэж хэлсэн... чи шинээр цэцэглэн хөгжиж буй бизнесийг минь удирдахад туслах сонирхолтой байна уу?"
Айко эргэлзсэн харцаар түүн рүү харав.
"Чи хөлсний алуурчдын агентлаг нээх гэж байгаа юм уу?"
Санни бараг хахах шахав.
"Юу? Яагаад тэгж бодоо вэ? Үгүй ээ, би зүгээр л бодит ертөнц, Зүүдний ертөнцийн хооронд эд зүйл зөөх арга олсон юм. Миний мөрөөдөл гэвэл Дурсамж зардаг дээд зэрэглэлийн дэлгүүрийн эзэн болох..."
Бяцхан бүсгүй нүдээ томруулан ширтэв.
"...Үнэн гэж үү?"
Санни хөмсгөө зангидав.
"Тийм ээ, үнэн! Яагаад, би мөрөөдөлтэй байж болохгүй гэж? Зүгээр төсөөл дөө, Зүүдний ертөнцөд амиа эрсдэлд оруулахгүйгээр гоё тохижуулсан дэлгүүртээ аюулгүйхэн сууж байхад мөнгө өөрөө миний гар луу урсаад орж ирнэ. Мөрөөдөл гэж яг ийм л зүйл биз дээ?"
Айко будилсан төрхөөр толгой сэгсрэв.
"Тийм... байх?"
Санни инээмсэглэв.
"Чи ойлгож байна! Бусад нь тэнэг санаа гэж бодож магадгүй, гэхдээ өөрөө бизнес эрхэлж байсан хүний хувьд чи тэгэхгүй гэдгийг би мэднэ. Ямартай ч хэсэг хугацаанд дэлгүүрээ дүүргэх хэмжээний Дурсамж надад байхгүй, гэхдээ нэр хүндийг нь одооноос бүрдүүлж эхэлж болно. Брэндийн нэр ч гэдэг юм уу. Тэгээд би сая интетнетээр нэг Ад зэтгэрийг алж... идсэнийхээ дараа авсан дөрвөн Нүгэлт сүнсний хэлтэрхийг зарсан юм. Гэтэл ямар ч шалтгаангүйгээр тэр новшийн хэлтэрхийнүүд тийм ч өндөр үнэд хүрсэнгүй..."
Айко хөмсгөө зангидан түүн рүү харав.
"За... чи борлуулагчийн лицензийнхээ ямар ангилалд хүсэлт өгсөн бэ? Үнэлгээ хийдэг хүн чинь хэн бэ? Онцлох стратеги чинь юу вэ? SEO арга барил чинь? Дэмжигчдийн хүрээ чинь?"
Санни хэсэг чимээгүй байснаа хэлэв.
"...Хар даа, чи маш олон үг хэллээ, ихэнх нь бүр танил сонсогдож байна, гэхдээ юу гэсэн үг болохыг нь би огт мэдэхгүй."
'Энэ бүсгүй ер нь юу яриад байгаа юм бэ? SEO гэж юу байдаг юм? Лиценз хүртэл олон төрөлтэй юм уу? Байз, надад лиценз ер нь хэрэгтэй юм уу? Битгий хэлээрэй, татвар ч төлөх ёстой юм биш байгаа...'
Бяцхан бүсгүй хэсэг нүдээ анив.
"Юу ч хийгээгүй гэж үү? Эдгээрийн алийг нь ч?"
Санни толгой дохилоо.
"Тэгсэн мөртлөө чи тэр хэлтэрхийнүүдээ зарж чадсан чинь бүр гайхамшиг юм!"
Тэр инээмсэглэв.
"Тийм болохоор л чам шиг ухаалаг, сэргэлэн хүн надад хэрэгтэй байгаа юм! Борлуулалт бүрээс а... таван хувийн шимтгэл авна. Бодоод үз л дээ. Сүнсний хэлтэрхийг бодит ертөнцөд авчирч, хоолны амтлагчийг Зүүдний ертөнцөд хүргэж чаддаг Сэрэгч хэд байдаг юм? Бид удахгүй баяжина!"
Айко санаа алдаад хэсэг чимээгүй болов.
Дараа нь тэр хэлэв.
"Энэ бол урьдчилан таамаглах аргагүй хоёр зүйлээс бүрэн хамаардаг маш өндөр эрсдэлтэй бизнес. Чи амьд үлдэх эсэх, мөн Хар дарсан зүүдний мангасуудыг үргэлжлүүлэн агнах эсэх. Ихэнхдээ энэ хоёр хоорондоо зөрчилддөг. Тийм болохоор ердийн нөхцөлд бол би үгүй гэж хэлэх байсан. Гэхдээ... энэ чинь чи юм даа. Дээрээс нь чи хамгийн сүүлд нэрээ мөнхөлсөн гурван Сэрэгчтэй бүгдтэй нь сайн харилцаатай, бас Өөрчлөгдөж буй Одын бүлгийн гишүүний хувьд нэр хүндтэй. Одоо бүр соёл урлагийн ертөнцөд ч жаахан алдаршчихлаа..."
Айко мөрөө хавчаад, нэлээд удаан бодсоны эцэст шийдэмгий хэлэв.
"Арван хувь."
Санни өргөн инээмсэглээд түүн рүү гар сунгав.
"Төгс! Саннигийн Гайхамшигт Дэлгүүрт тавтай морил!"
Бяцхан бүсгүй цочирдон түүн рүү ширтэв.
"Байз... чи үнэхээр дэлгүүрийнхээ нэрийг Гайхамшигт Дэлгүүр гэж өгчихсөн юм уу?! Нэрийг нь өөрчилж болох уу?!"
Тэр толгой сэгсэрлээ.
"Үгүй. Энэ бол тохиролцох боломжгүй зүйл. Гэхдээ энэ нэрний юу нь болохгүй байгаа юм? Маш гоё нэр шүү дээ! Би бол... мэдэхгүй ээ... гайхамшигтай л гэж бодож байна..."