401-р бүлэг : Сэжүүр үгүй
Чөтгөрийн ходоодонд байсан хүчил өвсийг хайлуулсан байсан ч одоо газрын хөрснөөс шинэ өвсний ишнүүд аль хэдийн урган гарч, өмнөхөөсөө ч өндөр болжээ. Санни тэдний дундаас зооснуудыг олоход багагүй хугацаа зарцууллаа. Бороо ч бас түүнд саад болж байв. Гэсэн ч эцэст нь тэр гурвууланг нь олж чадсан юм.
Эдгээр зоос эхнийхтэй яг адилхан. Хүнд жинтэй алтаар цутгасан бөгөөд нэг талд нь дарвуулын шонг тойрон ургасан модтой үзэсгэлэнт модон хөлөг, нөгөө талд нь тэрхүү нууцлаг үл таних хүний царай дүрслэгджээ.
Зооснуудаа үүргэвчиндээ хийсний дараа Санни нүүрэн дээрх борооны усыг шудран арчаад далавчтай чөтгөрийн үлдэгдэл рүү харав. Аянгын гэрэл цахих мөчид тэр бүхэл бүтэн цогцсыг нь олж харлаа. Цагаан ясны завсраар улаан өвс урган, хоосон нүдний хонхорт нь харанхуй үүрлэж, аймшигт соёонууд нь аварга хүчирхэг эрүүг нь дүүргэнэ.
Үхсэн ч гэсэн тэр амьтан аймшиг төрүүлэм хэвээр байлаа.
'Чи ер нь хаанаас гараад ирсэн гажиг бэ?'
Санаа алдсан Санни тэнгэр өөд харан хэсэг хугацаанд борооны дуслуудаар нүүрээ нүдүүлэхийг хүсэв. Нисдэг тэр гаж амьтныг цусны мөрөөр нь дагаж олох өчүүхэн боломж хүртэл одоо үгүй болжээ. Өөр тэр юу хийж чадах билээ?
Хэсэг нүдээ аниад Санни хэдэн алхам урагшлан шавраас мэрэгдсэн модны хэлтэрхий авч гаргав. Санаж байснаар нь энэ нь авдрын булангийн хугарсан хэсэг бөгөөд залгаасыг нь бэхэлсэн төмөр туузтай ажээ. Төмөр тууз ч, мод нь ч үхсэн чөтгөрийн хазалтаар авдрын бусад хэсгээс хүчтэй тасарсан бололтой.
Энэ нь ганц л зүйлийг илтгэнэ. Хаа нэгтээ нууцлаг зоосоор дүүрэн дор хаяж нэг авдар байх магадлалтай.
Гэхдээ Санни түүнийг яаж олох юм бэ? Гинжлэгдсэн Арлууд бол тоо томшгүй аюул, нуугдмал газруудаар дүүрэн асар уудам нутаг. Түүний мэдэж байгаа ганц зүйл гэвэл тэр амьтан Харанхуй талын оршин суугчдадаас үхлийн шарх авч, дараа нь Няцлалтад өртөн амиа алдсан явдал.
Няцлалт гэснээс, гинжний нижигнэсэн чимээ алсаас нижигнэн сонсогдож, Төмөр Гарт арал өгсөх үе шатандаа орсныг зарлав. Санни энэ газрыг яаралтай орхих хэрэгтэй байлаа. Дараагийн удаа эргэж ирэхэд чөтгөрийн яс аль хэдийн тоос болон бутарсан байх биз.
Шүдээ зуун Санни тэр гаж амьтны гавлын яс руу очоод хүчтэй өшиглөж нэг соёог нь мулталлаа. Ирмэг нь арзайсан ясан чинжаал гартаа авч хэсэг ажигласны дараа үүргэвчиндээ хийв.
Хэрэв өөр арга олдохгүй бол тэр зөн совинтой холбоотой төрөлхийн чадвартай нэгэн Сэрэгчийг олж, энэ соёогоор мэргэ хийлгэхийг ятгах болно.
Ядаж Гинжлэгдсэн Арлууд дээр тийм зүйл хийж чадах нэг хүн байгаа. Гэхдээ Санни яг тэр зөнчөөс тусламж хүсэхийг огтхон ч хүссэнгүй. Өөр ямар ч сонголт үлдэхгүй бол л өөр хэрэг.
'Одоохондоо тэр хэмжээнд хүрээгүй.'
Бараан бодлуудаа толгойноосоо хөөн гаргасан Санни үхсэн чөтгөр болон эргэн тойрныг сүүлчийн удаа ажиглаж, ямар нэгэн сэжүүр орхигдсон эсэхийг хайв. Гэвч юу ч байсангүй.
Түгшүүртэй царайлан тэр сүүдэрт уусан алга болж, Ариун Дагшин Газар руу яаран буцлаа.
---
Түүнийг Ариун Дагшин Газарт эргэн ирэхэд үүр цайхад нэг их хугацаа үлдээгүй байв. Санни сэмхэн Тахилын ширээ арал дээр гарч, гурван зоосны хоёрыг чулуун цул дурсгалын хүйтэн гадаргуу дээр тавиад хэсэг хүлээлээ.
Юу ч болсонгүй.
'Хөөх.'
Урам нь хугарсан ч тэр үүлний харанхуй хөшигний доороос сар цухуйхыг тэвчээртэйгээр хүлээв. Хэсэг хугацааны дараа Ариун Дагшин Газар бүдэгхэн сарны гэрэлд умбаж, тахилын ширээн дээрх хоёр зоос тэр даруй гялалзан сарны туяаг ойлголоо. Дараа нь тэд өөрсдийнхөө зөөлөн гэрлээр туяарч эхлэв.
Харин түүний гартаа барьж байсан зоос гэрэлтсэнгүй.
Удалгүй Хар дарсан зүүдний Хараал навчсын сэрчигнээ, урсах усны шуугиантай сүлэлдсэн хоолойгоор шивнэн хэлэв.
[Таны сүүдэр хүчирхэгжлээ.]
[Таны сүүдэр хүчирхэгжлээ.]
Санни инээмсэглэлээ.
'Тэгэхээр тахилын ширээ ч, сар ч хоёулаа хэрэгтэй юм байна.'
Тэр яаран гурав дахь зоосоо тахилын ширээн дээр тавив. Төд удалгүй Хар дарсан зүүдний Хараал гурав дахь удаагаа давтан хэлэв.
[Таны сүүдэр хүчирхэгжлээ.]
'Тэгэхээр... энэ намайг хоёр зуун нэгт хүргэлээ.'
Түүнчлэн... тэр андуурч байна уу, эсвэл обсидиан чинжаал үл ялиг хөдөлсөн үү?
Эргэлзсэн харцаар Санни хараал идсэн хутгыг өргөхийг оролдсон ч өмнөхийн адил юу ч хийсэн хөдөлгөж чадсангүй.
'Өө боль доо!'
Саяхны нээлт нь өөрөө хангалттай шагнал байлаа. Тэр амиа өчүүхэн ч эрсдэлд оруулахгүйгээр дөрвөн Сүүдрийн хэлтэрхий авчээ. Энэ нь нэг Нүгэлт Мангас устгасантай тэнцэх хэмжээний ашиг юм. Дангаараа бол тийм ч их биш.
Гэхдээ тэр ийм гайхамшигтай зоосноос мянгыг, эсвэл ядаж хэдэн зууг олчихвол яах вэ?
Далавчтай чөтгөрийн хазсан авдар нуугдаж байгаа эрдэнэсийн санг олчихвол яах вэ?
Тэгвэл... бүх зүйл өөрчлөгдөнө.
Гол асуудал нь Санни хаанаас хайхаа огт мэдэхгүй байлаа.
Нааш цааш алхсаар хэсэг бодсоны эцэст тэр өөртөө хэлэв.
"Би Гинжлэгдсэн Арлуудын талаар бүгдийг мэддэг нэг мэргэжилтнийг олох хэрэгтэй юм байна."
Энэ төрлийн Хар дарсан зүүдний мангас, тэдний зан авир, ихэвчлэн хаагуур нутагладгийг мэддэг, Зүүдний ертөнцийн энэ бүсэд олон жилийг өнгөрөөсөн, бас Саннитай найрсгаар ярилцах хүн.
'Эдгээр бүх шаардлагад нийцэх хэнийг би мэдэх билээ?'
Санни алхахаа болиод хэдэн хором зогссоноо аварга том чулуунуудын цагираг руу толгойгоо эргүүлэв.
Түүний нүүрэнд хачирхалтай илэрхийлэл тодорлоо.
---
Өглөө эрт ганцаардмал нэгэн дүр Цагаан Өд овгийн байрлах хэсэг рүү хүргэдэг хонгилын аман дээр ирэв.
Гэгээнтэн Тирис болон түүний хүмүүс Ариун Дагшин Газрын дотор хэсгийн хойд талыг эзэмшдэг байлаа. Санни хэзээ ч урилга авч байгаагүй учраас дотор нь юу байдгийг мэдэхгүй. Харин тэдний эзэмшлийн хоёр орцыг үргэлж харуул хамгаалдаг гэдгийг мэднэ.
Өнөөдөр ч ялгаагүй байлаа.
Санни хонгил руу хөл тавихаас өмнө шонхрын өдний хээ сийлсэн хуяг өмссөн залуу дайчин ханын хонхроос гарч ирэн түүнийг сонор сэрэмжтэйгээр ажиглав.
"Ямар хэргээр ирэв, Сэрэгч ээ?"
Санни залуу руу чин сэтгэлийн харцаар ширтээд инээмсэглэв.
"Өө! Би Мастер Роантай уулзахаар ирсэн юм. Надад ямар нэгэн хэрэг гарвал өөрийг нь зорьж ирээрэй гэж нэг удаа хэлсэн юм. Тэгээд... би ирлээ. Надад нэг хэрэг гараад. Түүнийг түргэн дуудаад өгч болох уу?"
Харуул хэд хэдэн удаа нүдээ анивчаад хөмсгөө зангидав.
"Яг ямар хэрэг юм бэ?"
Санни инээмсэглэн хэсэг азнаснаа үнэнээ хэлэв.
"...Чөтгөр агнах тухай."