555-р бүлэг : Найзуудтайгаа оройн хоол
Хэд хоногийн дараа Саннигийн гэрээр амтат үнэр аажмаар тархаж байлаа. Тэр яг одоо нэгдүгээр давхрын гал тогооны хэсэгт хөгжилтэй аялгуу исгэрэн, гартаа хэд хэдэн гал тогооны хэрэгслийг зэрэг эргэлдүүлж байв. Зуухан дээр хэд хэдэн хайруулын таваг, тогоо зөөлөн буцалж, түүний эргэн тойрны тавцангууд дээр шинэхэн орцууд энд тэндгүй өрөөстэй байлаа.
"Аан, ямар сайхан үнэр вэ..."
Тэр хажуу тийш нэг алхам хийн, хаанаас ч юм бэ гэмээр нэгэн хачирхалтай хутга гаргаж ирээд ногоогоо хэрчиж, жижиглэж эхлэв. Гурвалжин ир нь тийм хурдтай хөдөлж байсан тул бүдгэрсэн дүрс мэт харагдана.
Төмс арилгах даалгавартай байсан Рэйн түүн рүү удаан бөгөөд бараан харцаар ширтэв.
"Санни... чиний үнэнч зан, мэргэжлийн ёс зүйд эргэлзэж байгаа юм биш л дээ, гэхдээ энэ яг ямар байдлаараа миний бэлтгэлийн нэг хэсэг юм бэ? Чи намайг зүгээр л хямд ажиллах хүч болгож ашиглаад байгаа юм биш биз? Үгүй ээ, түр хүлээ... хямд ч биш юм байна, би бүр чамд мөнгө төлж байгаа!"
Хийж байсан зүйлээ зогсоолгүй Санни түүн рүү хараад хөмсгөө зангидав.
"Мэдээж мөн! Би үүнд маш итгэлтэй байна. Бас чи хутгыг ингэж барьдаг юм уу? Бурхад минь гэж, чи сая тэр хөөрхий төмсний бараг талыг нь хэрчээд угаалтуур луу шидчихлээ шүү дээ! Үүнийг арилгах гэдэг болохоос сүйтгэх гэдэггүй юм! Уран чадвар чинь хаана байна? Нарийвчлал чинь хаана байна? Наад хутгаа илүү сайн удирд! Эд нар чинь маш үнэтэй эд шүү!"
Рэйн хэдэн хором түүнийг дүрэлзсэн хорслоор ширтсэний эцэст хүндээр санаа алдан төмсөө үргэлжлүүлэн арилгав. Санни инээмсэглэлээ.
Түүнийг өлссөн чоно шиг харцаар хоол хийхийг нь ажиглаж байсан Эффи шүлсээ залгив.
"Тэгэхээр... аан... арай болоогүй юу?"
Саннигийн нүд татвалзав.
"...Чи яг энэ асуултыг өмнө нь асуугаад дөнгөж дөчин секунд өнгөрсөн байна, хараал ид гэж. Зуу дахь удаагаа. Түүнээс хойш юу өөрчлөгдсөн гэж бодоод байгаа юм?!"
Эффи хариу барихаар амаа ангайсан ч яг тэр мөчид хаалганы хонх дуугарав.
Саннигийн нүдэнд гэнэт харгис баяртай гэрэл гялалзлаа.
"Өө. Хэн байж болох бол доо."
Тэр Рэйн рүү хараад хайхрамжгүйгээр хэлэв.
"Рэйн, очоод хэн ирснийг хараадах."
Өсвөр насны охин нүд рүүгээ унжсан үсээ үлээн холдуулж, гараа хормогчиндоо арчаад түүн рүү хяламхийв.
"Юу гэсэн вэ, би одоо бүр чиний үүдний жижүүр болчихсон юм уу?!"
Үглэсээр тэр хутгаа тавиад хаалга руу очиж, нээв.
Санни түүнийг ихэд сонирхон ажиглав.
Рэйн дээш харснаар санаандгүй зочин нэлээд өндөр болох нь ил болов... тэгээд гэнэт хөшчихөв.
Түүний царай цонхийн бараг бүхэлдээ цагаан болж, хүүхэн хараа нь таваг шиг томрон, ам нь ангайсан хэвээр үлдэв. Охин яг л аймшигтайгаар саажсан мэт харагдаж байлаа.
Санни гартаа байсан хүнд кунайгаа жигнэнгээ урагш алхав.
Түүнийг алхаж байх зуур Рэйн амнаасаа нэгэн хачирхалтай авиа гаргалаа.
"Н... н... н..."
Үүдэн дээр өндөр нуруутай, итгэмээргүй царайлаг залуу эелдэг, найрсаг инээмсэглэлтэйгээр түүн рүү харж зогсоно. Түүний хүрэн улаан үс гайхалтай сайхан, цахилгаан мэт ногоон нүд нь бишрэм үзэсгэлэнтэй байлаа. Тэр энгийн хэрнээ дэгжин хувцас өмсөж, нэг гартаа загварлаг нарны шил болон нүүрний хаалт барьжээ.
"Өө... үнэхээр уучлаарай. Би буруу айлд ирчихсэн бололтой."
Түүний хоолой хүртэл сэтгэл татам, зөөлөн хөвөн мэт сонсогдож, сонссон хүний чихийг хүртэл жирвэлзүүлэх аж.
Эцэст нь Рэйн нэг үгийг арайхийн шахан гаргав. Түүний хоолой сандарсан чарлаан байлаа.
"Н—Найт!"
Санни түүн рүү товчхон харж, толгой сэгсэрсний дараа Кай руу инээмсэглэв.
"Эе бро! Ирчихэж! Уучлаарай, оройн хоол хараахан бэлэн болоогүй байна... ор, ор!"
Кай ч мөн инээмсэглээд дотогш орлоо.
Санни гараа өргөн Рэйн нуруунаас нь хуруугаараа хатгачихаад, нүдээ нарийсган залхсан өнгөөр хэлэв.
"Рэйн, чи яагаад зүгээр зогсоод байгаа юм? Миний брод хурдхан шаахай аваад ир!"
Дараа нь тэр Кай руу эргэн санаа алдав.
"Үнэхээр уучлаарай. Энэ бол Рэйн, миний хичээл заадаг охин байгаа юм. Заримдаа жаахан удаан л даа."
Кай түүн рүү харахад хоёр хацар дээр нь аминд хүрмээр хөөрхөн хонхорхой тодров.
"Би тийм биш гэдэгт итгэлтэй байна. Танилцсандаа маш таатай байна, Рэйн."
Тэр ямар нэгэн зүйл хэлэхээр амаа ангайсан ч нэг ч үг гарч ирсэнгүй.
Санни хэдэн хором хүлээгээд дахин толгой сэгсэрч, бөхийн Кай руу гэрийн шаахай түлхэн өглөө.
"Өөрийн гэртээ байгаа юм шиг байгаарай! Энэ бол зочны өрөө. Би гал тогооны хэсэгт жаахан ажилтай байна, гэхдээ бурхдыг бодоод Эффиг жаахан саатуулж өгөөч? Тэр намайг галзууруулах нь."
Кай инээж, мөрөн дээр нь алгадаад, өлссөн анчин бүсгүйтэй мэндлэхээр дотогш явлаа.
Санни, Рэйн хоёр хэсэгхэн зуур хоёулхнаа үлдэв.
Өсвөр насны охин хэдэн хором хүндээр амьсгалсны дараа аажмаар доош харж, төмсний хальс наалдсан бохир хормогч, гараа ширтэв. Царай дээр нь туйлын айдас тодорлоо.
Дараа нь тэр том болсон нүдээрээ Санни руу хараад шивнэн хэлэв.
"Санни... яагаад Н... н... Найт танай гэрт байгаа юм?!"
Тэр хэдэнтээ нүдээ ирмэн, асуултыг ойлгоогүй дүр үзүүлэв.
"...Юу гэсэн үг вэ? Кай бол миний дотны найз. Бараг ах дүүс гэж хэлж болно! Өнөөдөр чамд юу тохиолдоо вэ?"
Санни үл тоосон янзтай толгой сэгсэрлээ. Рэйн түүнийг цочирдон ширтээд ямар нэгэн зүйл хэлэхээр амаа ангайв.
Гэвч амжихаас нь өмнө хаалганы хонх дахин дуугарав.
Санни тайван алхсаар хаалгыг онгойлгоход үүдэн дээр намхан нуруутай, туйлын үзэсгэлэнтэй залуу бүсгүй зогсож байлаа. Тэр нарийн тансаг төрхтэй, цайвар шаргал үстэй, гайхамшигтай цэнхэр нүдтэй аж. Залуу бүсгүй даруухан хувцасласан байсан ч түүнээс нүд салгахын аргагүй нэгэн онцгой оршихуй мэдрэгдэнэ. Яг л хир буртагтай, төгс бус эгэл ертөнцөд ямар нэгэн байдлаар төөрч ирсэн ариун тэнгэрийн оршихуй мэт.
Түүний гарт урт цагаан таяг байлаа.
Касси хэсэг тээнэгэлзсэний эцэст толгойгоо үл ялиг эргүүлэн Саннигийн зүг хандав.
"Би хоцроогүй гэж найдаж байна."
Рэйн сүнс үзсэн мэт царайлан түүн рүү ширтэв.
"Н... н... Нүгэлтний Дуу Хоолой..."
Дараа нь тэр Санни руу ч мөн эргэж харахад нүд нь өмнөхөөсөө ч илүү томорчээ.
Хөөрхий охин яг одоо ухаан алдах гэж байгаа мэт харагдана.
Санни нүүр дүүрэн инээмсэглэл тодруулав.
'Аан, эцэст нь! Өшөө авалт!'