476-р бүлэг : Гэрэл ба Харанхуйн Дуу
Хэсэг хугацааны дараа Санни хүнээр дүүрсэн кино театрын хамгийн арын эгнээнд суун амьдралынхаа сонголтуудын талаар эргэцүүлэн бодож байлаа. Гэрэл аль хэдийн унтарсан байсан нь түүний хувьд мэдээж ямар ч ялгаагүй байсан ч хүмүүс энэ киног үзэхдээ үнэхээр догдолж байгаа бололтой... ялангуяа хажууд нь суун "попкорн" гэдэг зүйл мэрж, дэлгэц ширтэж байсан Эффи.
Харанхуйд гунигтай хөгжим эгшиглэн эхэлж, бүх танхимаар цуурайтан үзэгчдийн биеэр жихүүдэс гүйлгэв. Эффи гэнэт тохойгоороо түүний хавирга руу чичив.
"Энэ киноны хөгжмийг хэн зохиосныг мэдэх үү? Гриффин! Түүнийг яаж урьж чадсаныг мэдэхгүй юм, гэхдээ тэр бүх киноны хөгжмийг зохиосон. Ямар нэр төр гээч! Итгэж байна уу?"
Санни энэ Гриффин гэгчийг хэн болохыг огт мэдэхгүй байсан ч Эффигийн хариу үйлдлээс харахад нэлээд алдартай хүн бололтой. Хавиргаа ярвайсан янзтай илэнгээ Санни хүчилж байж хариулав.
"Итгэж байна."
Дэлгэцэн дээр өргөн уудам, гоёмсог гэрэлтүүлэгтэй өрөөний дотор тал гарч ирэв. Мөнгөлөг үстэй бяцхан охин хивсэн дээр тоглож байхад нүднийх нь доор хар хүрээтэй царайлаг эр газрын зураг судалж байлаа.
'Ямар балай юм бэ...'
Тэр Нефис байх ёстой гэж үү? Хэрэв мөн бол үс нь хар байх ёстой. Анхны Хар дарсан зүүдээ туулсны дараа л мөнгөлөг болсон шүү дээ.
Эффи инээд алдав.
"Ямар хөөрхөн юм бэ!"
Энэ хооронд охин ширээ рүү очоод дээр нь байсан хачин сэлэмд хүрэхээр гараа сунгав. Тэр сэлэмний ир богинохон бөгөөд эрт дээр үед хагарсан мэт хэлбэр нь эвдэрхий байлаа.
Гэвч охин өөрийгөө эсгэхээс өмнө өнөөх эр сэлмийг өргөн авч, түүний гар хүрэхээргүй газар тавив.
"Энэ тоглоом биш шүү, Нефис!"
Санни нүүрээ алгадаад ярвайв.
"Гэхдээ ааваа... таны сэлэм яагаад хугарчихсан юм?"
Эр инээмсэглэв.
"Хугарсан байлаа гээд яах юм? Ир нь хурц хэвээрээ шүү дээ."
Дараа нь тэр охины мөрөн дээр гараа тавиад маш ноцтой царайгаар түүн рүү харав.
"Хэзээ нэгэн өдөр чи ч гэсэн сэлэм барина, хонгор минь. Тэр үедээ нэг зүйлийг санаарай, Сэрэгсэд ид зэвсгээ зөвхөн хүн төрөлхтнийг хамгаалахын тулд л өргөдөг. Хэчнээн хүнд байдалд орсон ч бууж өгөхгүй л бол итгэл найдвар үргэлж байдаг. Яг энэ сэлэм шиг хүн төрөлхтөн харагдаж байгаагаасаа илүү тэсвэртэй байдаг юм!"
Санни толгойгоо хазайлгав.
'Хүлээ... энэ чинь ямар ч утгагүй байна...'
Гэвч тэр хэсэг аль хэдийн дуусчихсан байлаа. Дэлгэц хэдэн хором харанхуйлсны дараа кино ирээдүй рүү шилжив. Одоо нарийхан бэлхүүстэй, дур булаам бие галбиртай, урт сормуустай, сэтгэл татам саарал нүдтэй хаш чулуу шиг үзэсгэлэнт бүсгүй болсон Нефис Академид орж ирэв. Үүний дараа түүнийг бэлтгэлийн сэлмээр Академийн бүх Нойрсогчдыг нэг нэгээр нь ялж, тэр зуураа тасралтгүй сургаал айлдаж буй урт бэлтгэлийн хэсэг үргэлжиллээ.
Жишээ нь "Итгэл найдвараа хэзээ ч бүү алд", эсвэл "Үүргээ сана", эсвэл "Бид бол хүн төрөлхтөн!" гэх мэт.
Энэ суртал ухуулга дэндүү болхи, дэндүү хэтрүүлсэн байсан тул Санни өөрийн эрхгүй нүүрээ үрчийлгэв.
Тэр хаш чулуу шиг бүсгүй ялж чаддаггүй цорын ганц хүн нь эршүүд төрхтэй, өргөн мөртэй, язгууртан шинжтэй царайлаг залуу... Хан Ли Кастер байлаа.
'Өө, үгүй ээ. Өө, үгүй...'
Кай урилга өгөхөд нь Санни таамаглах ёстой байж. Энэ киноны найруулагч тэдний дөнгөж төрж буй хайр сэтгэлийг илтэд ёгтолж байлаа. Академид өрнөх тэдний ярианууд уул шугамандаа сэлэмний урлагийн тухай боловч яагаад ч юм маш их сээтэгнүүр өнгө аястай байв.
Жүжигчдийн хоорондох зохицол үнэхээр гайхалтай байлаа.
Түүний бөөлжис хүрч байсан ч үзэгчид хоёр гол дүрд бүрэн татагджээ.
Гэхдээ Санни энэ тэнэглэлийг удаан бодсонгүй... учир нь яг тэр үед түүний дүр анх гарч ирэв.
'Энэ хэн гээч новш нь вэ?!'
Түүний дүрийг бүтээхээр авсан жүжигчин... шууд утгаараа хүүхэд байлаа! Арван гурван орчим настай, зальтай инээмсэглэлтэй, харсан хүн бүр цохимоор санагдах царайтай өсвөр насны хүү. Үүнээс ч дор нь түүнийг туйлын боловсролгүй, болхи, гэнэн байдлаар дүрсэлжээ.
Товчхондоо... Санни хошин дүр болсон байв!
Тэр ууртайгаар Эффи рүү эргэж харахад бүсгүй чимээгүйхэн инээж байлаа.
"Хөөх... энэ киноны жүжигчдийн сонгон шалгаруулалтыг хэн хийсэн юм? Би тэр хүнд цэцэг явуулах хэрэгтэй байна!"
Түүний сүүдрүүд хүртэл инээж байлаа. Хоёулаа!
Санни шүдээ зуун, өөрийгөө ийм зүйл тэвчихэд хүргэсэн Кай, Эффи хоёроос заавал өшөөгөө авна гэж тангараглаад дахин дэлгэц рүү харав.
Эцэст нь Нефис Зүүдний ертөнцөд орж, өөрийгөө Мартагдсан Эрэг дээр оллоо. Шүрэн ой, харанхуй тэнгисийг маш нарийн дүрсэлсэн байсан тул тэр өөрийн эрхгүй дагжин чичирчээ.
'Ядаж судалгаагаа сайн хийсэн байна!'
Нефис Харанхуй хот руу аялах үеэр үзэгчид амьсгалаа даран харж байлаа. Харанхуй түрлэгийн аймшигт мөн чанар, Шүрэн ойд амьдардаг Сэрсэн Хар дарсан зүүдний мангасуудтай хийсэн үхлийн тулаанууд үнэхээр түгшүүртэй, амьсгал боогдуулам уур амьсгалыг бүрдүүлжээ.
Мэдээж гол дүр киноны эхний хагаст үхэхгүй гэдгийг бүгд мэдэж байсан. Гэхдээ яг тэр үед Санни болон Касси хоёрын дүр гарч ирэв. Түүний таамагласанчлан кинонд тэднийг Нефисийн баатарлаг аялалд өөрт нь чирэгдэж явдаг ачаа мэт дүрсэлжээ. Харин маш цөөхөн хүн Санниг үнэхээр хэн болохыг мэддэг байсан болохоор түүний хувь заяа тодорхойгүй байлаа.
Нефис амьд үлдэх нь ойлгомжтой, харин түүний найзууд яах бол?
Мөн түүний дүрийн ачаар энэ бүх хурцадмал байдлын дунд хөгжилтэй мөчүүд ч гарч байлаа. Дэлгэцэн дээрх Санни онцгой тэнэг зүйл хийх эсвэл үнэхээр солиотой үг хэлэх бүрд танхим тэр аяараа инээдэнд автана.
Тэр бүр аажмаар өөрийн гэсэн алдартай хэллэгтэй ч болжээ. Тэр нь...
"Чи галзуурчихаа юу?!"
Энэ нь үзэгчдийг инээлгэхээс гадна Нефист ямар ч хэрэггүй дагалдагчаа сургаж, шаардлагатай бүх тайлбарыг маш жам ёсоор хүргэх боломж олгож байлаа.
Харин жинхэнэ Саннид огт хөгжилтэй санагдсангүй. Учир нь тэд түүнтэй хамт инээгээгүй... харин түүн рүү инээж байлаа.
'Тэнэгүүд! Та нар юу мэдэх юм?'
Тэд юу ч мэдэхгүй...
Харанхуй хот хүрэх замдаа тэд гурвын туулсан зүйлийг үнэндээ хэн ч мэдэхгүй байсан болохоор зохиолч Нефисийн даван туулах ёстой өөр хэдэн аймшигтай аюулыг зүгээр л зохиочихжээ.
Эцэст нь тэд эртний хотод хүрч, Эффитэй уулзав.
Эффигийн дүрийг маш өндөр нуруутай, бие бялдар сайтай, үзэсгэлэнтэй жүжигчин бүтээжээ.
...Харин түүний тоглолтыг харах үнэхээр нүд тайлах зүйл байв. Үндсэндээ жүжигчин анч бүсгүйг асар их харизмтай ч толгой муутай, ухаанаас илүү булчинтай зэрлэг хүн болгон харуулахын тулд бүх хүчээ зориулсан байлаа. Түүний чаддаг зүйл гэвэл зөвхөн тулалдах, идэх, юм эвдэх.
Санни Эффи рүү эргэн харж, хорсол болон бах тав нь ханасан инээмсэглэл тодруулав.
Энэ бол тэр дуу шуутай залуу бүсгүйг анх удаа...
...үнэхээр сэтгэлээр унасан байхыг нь харж буй мөч байлаа.
"Жүжигчдийн сонгон шалгаруулалт гэсэн үү? Миний бодлоор би ч бас тэр хүнд цэцэг явуулах хэрэгтэй юм байна."