403-р бүлэг : Тэнгэрийн Түрлэг
Мастер Роан хэдэн хором чимээгүй сууснаа Саннигийн түгшсэн царайг анзаараад инээмсэглэв.
"Харин Ариун Дагшин Газрын ойролцоох тэнгэрийн гинжнүүд бүгд хэвийн байгаа. Тийм болохоор санаа зовох зүйлгүй."
'Миний санаа зовоод байгаа зүйл тэр биш ээ...'
Санни нууцлаг эрдэнэсийг олоход хэрэг болох чухал мэдээлэл аль хэдийн авсан байлаа. Гэхдээ тэр илүү ихийг мэдэхийг хүсэж байсан юм.
Гэвч дахин асуулт асуухаас нь өмнө гэнэт нэгэн сүүдэр асар, чулуун шилтгээн болон түүнийг хүрээлсэн элэгдэж хуучирсан чулуун талбайг бүхэлд нь нөмөрлөө. Яг л нэг үүл нарны өмнүүр орж ирэн гэрлийг нь халхалсан мэт.
Унтаж байсан хангарьд хөдөлж, толгойгоо өргөв. Босоо хүүхэн хараа нь нарийслаа.
Дараагийн агшинд сүүдэр гарч ирсэн шигээ гэнэт алга болов. Үүний зэрэгцээ Саннигийн чихэнд хачирхалтай чимээ сонсогдов. Мянган далавч агаарыг зүсэн зэрэг дэвэх мэт.
Тэгээд нэгэн эмэгтэй гэнэт чулуун цагирагийн захад зогсож байлаа. Мандаж буй нар түүний дүрсийг тод гэрлийн хүрээгээр хүрээлжээ.
Яг л тэр үргэлж тэнд байсан мэт харагдав. Гэвч хэдхэн мөчийн өмнө тэдний ойролцоо хэн ч байгаагүй гэдэгт Санни тангараглаж чадах байлаа.
'Өө...'
Тэр эмэгтэй өндөр, туранхай бөгөөд биеэ сум шиг цэх авч явдаг байв. Цагаан өдөөр чимэглэсэн мөрөвч, шилбэвчтэй хөнгөн ган хуяг өмсжээ. Урт шаргал үс нь цайвар алтны хүрхрээ мэт салхинд намирна.
Түүнийг эргэж харахад Санни маш хурц нүд өөрийг нь ширтэж байгааг хараад эрхгүй дагжин чичирлээ. Түүний царай хүйтэн атлаа хүнийх гэхээсээ илүү бурхных мэт гайхалтай үзэсгэлэнтэй.
...Тэр эмэгтэйн хүүхэн хараа аварга хангарьдынхтай яг адилхан нарийн, босоо байлаа.
Ариун Дагшин Газрын захирагч гэртээ эргэн иржээ.
'Новш гэж!'
Санни өөрийгөө хүчлэн харцаа буруулж, яаран бөхийв.
Энэ нь түүний Цагаан Өд овгийн Тиристэй хоёр дахь удаагаа уулзаж буй хэрэг байлаа. Түүний Жинхэнэ нэр нь Тэнгэрийн Түрлэг. Хүн төрөлхтний цөөхөн хэдэн Гэгээнтний нэг бөгөөд Гинжлэгдсэн Арлуудыг захирдаг хагас бурхан.
Зөвхөн оршин байгаагаараа л Гэгээнтэн эргэн тойрондоо үл ойлгогдох нөлөө үзүүлж байлаа. Энэ нь Ганлаугийн алтан хуягнаас ялгарах дарамттай аура биш. Зүгээр л...тэс өөр. Яг л ертөнц өөрөө түүнд хариу үйлдэл үзүүлж байгаа мэт. Өвсний иш хүртэл үл ялиг түүн рүү бөхийж, салхи ойртох тусам намуухан дуулж, нарны гэрэл хүртэл түүний дэргэд арай илүү хурц гэрэлтэх шиг.
Мастер Роан хөдөлж босоод инээмсэглэн хэлэв.
"Өглөөний мэнд, нархан минь!"
Санни цочин чичирлээ.
'Өө... юу гэнэ ээ?'
Түүнд хэдэн хором зарцуулагдсаны дараа л айдсыг үл мэдэх хангарьд унаач эхнэртэйгээ ярьж байгааг ойлгов.
'Нархан минь... гэж үү?!'
Ийм маягаар Гэгээнтэнтэй ярьдаг гэж үү?
'Яахав дээ, эхнэр нь юм чинь...'
Ингэж бодоход бүх зүйл утга учиртай болж байлаа. Гэхдээ Дээд зэрэглэлийн нэгнийг "нархан минь" гэж дуудах нь ямар нэгэн байдлаар маш хачирхалтай санагдав.
Санни болгоомжтой толгойгоо өргөж харахад Роаны нүүрэнд өргөн инээмсэглэл тодорч байлаа. Харин Гэгээнтэн Тирис урьдын адил мөс мэт хүйтэн хэвээр.
"Өглөөний мэнд, Ро."
Түүний хоолой хүртэл ойртон ирэх шуурганы улиан мэт хүйтэн бөгөөд хүнд сонсогдов.
Толгойгоо үл ялиг эргүүлээд Гэгээнтэн Тирис Санни руу дуугүйхэн асуулт тавьсан мэт харав.
...Түүний хөмсөгний дэгжин нумыг харсан бүх яруу найрагчид тоо томшгүйгээр урам зоригоо алдах байсан биз.
'Хөөх... үнэхээр... байз даа, ер нь би юу бодоод байна аа?'
Мастер Роан Саннигийн мөрөн дээр алгадаад хэлэв.
"Сэрэгч Санлесс Төмөр Гарт арал дээр тааралдсан нэг чөтгөрийн тухай хэлэхээр ирсэн юм. Тэр нь Гинжний хорхой байсан. Аз болж аль хэдийн үхсэн байсан. Гэсэн ч ойролцоох арлуудыг шалгаж үзэх хэрэгтэй байх. Чи юу гэж бодож байна?"
Гэгээнтэн Тирис хэдэн хором чимээгүй байснаа толгой сэгсэрэв.
"Хэрэггүй. Арлуудын дундах эвдэрч буй цорын ганц гинж Ариун Дагшин Газраас хол байдаг. Тэр нь Сүйрсэн Хөлгийн Арлыг Мушгирсан Хадтай холбодог. Тэр Гинжний хорхой тэндээс ирсэн. Би өөрийн нүдээр сая харлаа."
Тэр цааш хараад аяархан санаа алдав.
"Ямартай ч бид бэлтгэлээ базаах хэрэгтэй. Эцсийн эцэст бүх арлууд хоорондоо холбоотой. Мушгирсан Хад унасны дараа түүний сүйрлийн нөлөө энэ бүс нутгаар бүхэлдээ тархана. Олон арал байрлалаа өөрчилж, бусад арлын Няцлалтын хүч өөрчлөгдөнө. Хар дарсан зүүдний мангасуудын нүүдлийн хэв маяг ч мөн өөрчлөгдөнө."
'Би одоо явсан нь дээр байх.'
Санни хоолойгоо засч, бага зэрэг эвгүй байдалтай хэлэв.
"Өө... тантай дахин уулзсандаа нэр төрийн хэрэг байлаа, хатагтай Тирис. Би... одоо явъя даа."
Тэнгэрийн Түрлэг хайхрамжгүйхэн толгой дохиод хэлэв.
"Олсон зүйлээ бидэнд мэдээлсэнд баярлалаа, Сэрэгч Санлесс."
Санни толгой дохин суудлаасаа босоод болгоомжтой хэд алхав.
Гэвч тэр асраас гарах шахсан үед Гэгээнтний хүйтэн хоолой түүнийг зогсоов.
"Түр хүлээ."
Санни эргэн хараад хүчлэн инээмсэглэв.
"Тийм ээ? Би танд юугаар туслах вэ?"
Тирис түүнийг хэдэн хором ажигласнаа тайван, сэтгэл хөдлөлгүй өнгөөр хэлэв.
"Чи Мартагдсан Эргээс ирсэн биз дээ? Хэрэв би андуураагүй бол."
Санни толгой дохив.
"Тийм ээ. Тэгээд яасан бол?"
Үзэсгэлэнт Гэгээнтэн хэсэг азнаснаа асуулаа.
"Нүгэлтний Дуу Хоолой. Чи түүнийг таних уу?"
'Касси юу? Яагаад гэнэт түүнийг яриад байгаа юм бол?'
Санни инээмсэглэв.
"Тийм ээ. Бид танил. Юу болов?"
Гэгээнтэн Тирис хэсэг түүн рүү хараад хэлэв.
"Сайн байна. Нүгэлтний Дуу Хоолой удахгүй Ариун Дагшин Газарт ирнэ. Танил царай хараад баярлах байх гэж бодож байна."
Үүнийг хэлээд Тэнгэрийн Түрлэг цааш эргэв. Ингэснээр Санниг явж болно гэдгийг ойлгууллаа.
Тэр хэсэг эргэлзээд эргэн алхав.
Мастер Роан болон Гэгээнтэн Тирис түүний царайг харахаа больмогц нүүрэнд нь бараан илэрхийлэл тодров.
'Ирнэ гэж үү... Тэр энд ер нь ямар новшоо хийх гэж ирж байгаа юм бэ?'
---
Үнэхээр Саннитай адил Касси ч мөн өөрийн Зангуугаа Гинжлэгдсэн Арлуудад байрлуулахаар сонгосон байлаа. Түүний шалтгаан ч мөн адил байсан биз. Арлууд Хөндий уулстай ойрхон оршдог.
Аз болоход тэр Ариун Дагшин Газрын оршин суугч биш байлаа. Сохор охин яаж ийм зүйл хийснийг Санни мэдэхгүй. Гэхдээ ямар нэгэн байдлаар тэр Валор овгийг ятгаж, өөрийгөө болон өөрийн бүлгийг энэ бүс нутгийн хүн төрөлхтний хоёр дахь Цайз болох Шөнийн Сүмд Зангуугаа байрлуулах зөвшөөрөл авч чаджээ.
Ариун Дагшин Газар бүс нутгийн өмнөд хилтэй ойрхон байдаг бол Шөнийн Сүм хойд зүгт, бараг манантай Үхлийн Бүсийн зах дээр байрладаг.
Тиймээс өнгөрсөн хэдэн сарын турш тэд хоёр хоорондоо хангалттай хол байсан бөгөөд нэг ч удаа тааралдаагүй.
Харин одоо тэр байдал өөрчлөгдөх гэж байлаа.
Цагаан Өд овгийн байрнаас гарч ирсэн Санни ярвайв.
'Танил царай хараад баярлана гэж үү? Ёстой үгүй байх даа...'