438-р бүлэг : Хоосролын Ханхүү
Санни хоосон орон зай руу сэжигтэйгээр ширтэв.
"Тийм үү? Гэхдээ чи яагаад миний амьд мэнд байдалд ингэтлээ санаа тавиад байгаа юм?"
Дуу хоолой хэсэг чимээгүй байснаа гунигтай өнгөөр хариулав.
"Би маш, маш удаан хугацаанд үнэндээ хэнтэй ч ярилцаагүй. Эцэст нь ярилцах хүн олчихоод удалгүй үхчихвэл харамсалтай биш гэж үү?"
'Энэ нөхөр лав жирийн нэг Төөрөгч биш... Үнэндээ тэр яг юу юм бэ? Үнэхээр хүн юм уу, эсвэл зөвхөн хүн болж дүр эсгээд байгаа юм уу?'
Санни хэсэг бодсоноо хэлэв.
"Тийм байх. Тэгээд энэ тухай ярьж байгаа дээр... бид яг яаж хоорондоо ярилцаж чадаад байгаа юм бэ?"
Тэр дуу хоолойг сэдвээ өөрчлөх юм уу, эсвэл асуултыг нь үл тооно гэж бодсон ч гайхалтай нь үнэхээр хариулжээ.
"Би үнэндээ сайн мэдэхгүй байна. Надад ч өмнө нь ийм зүйл хэзээ ч болж байгаагүй."
Хэсэг хугацааны дараа тэр эргэлзээгүйгээр нэмж хэлэв.
"Чи... чи магадгүй хаа нэгтээгээс хагарсан тольны хэлтэрхий олсон юм биш биз?"
Саннигийн толгойд нэг зүйл гэнэт санаанд оров.
"Хагарсан толь... Толин Араатан... Араантанхан..."
Дэвшсэн Тусгал! Тэр хачирхалтай амьтны үлдээсэн тольны хэлтэрхий одоо ч Шунахай авдрын дотор байсан... түүний цусаар будагдсан хэвээр...
'Новш гэж!'
Тэгэхээр тэр дуу хоолойн эзэн бол Санни Шүүлт арлын үеэр таарсан алуурчин Тусгалыг бүтээсэн хүн байжээ. Энэ... энэ нь түүнд хариулт өгснөөсөө дутахааргүй олон шинэ асуулт төрүүлэв.
Гэхдээ яг одоо тэр энэ тухай бодож чадахгүй байлаа. Учир нь Дутагдлын дарамт аль хэдийн толгойд нь хуримтлагдаж, түүнийг ярихаас өөр аргагүй болгож байв.
"Ингэж хэлэхээр чинь бодоход, би үнэхээр саяхан нэг хагарсан тольны хэлтэрхий олсон. Тэрэн дээр хүүхдийн гараар 'Араатанхан' гэж бичсэн байсан."
Дуу хоолой хэсэг чимээгүй байснаа намуухан асуулаа.
"Өө? Чи яг яаж олсон юм бэ?"
Санни аль болох удаан дуугүй байснаа эцэст нь дургүйхэн хэлэв.
"Тэр тольны хэлтэрхийг миний алсан хүчирхэг амьтан үлдээсэн. Дараа нь хэрэг болж магадгүй гэж бодоод би авч явсан юм."
Энэ удаад дуу хоолой маш удаан чимээгүй болов. Эцэст нь дахин ярихад нь шаналлын өнгө үл ялиг мэдрэгдэж байлаа. Тэр дуу хоолойн эзэн түүнийгээ маш ихээр дарахыг оролдсон ч өвдөлт нь хэтэрхий гүн байсан тул үгэнд нь бага ч гэсэн шингэхээс аргагүй байжээ.
"...Тэгэхээр үхчихэж. Ойлголоо."
Дараа нь тэр дахин чимээгүй болов.
Санни биеэ чангалав. Хэсэг хугацааны дараа болгоомжтой асуулаа.
"Чи... аан... би чиний тэжээвэр амьтныг алсан болохоор надад уурлахгүй биз дээ?"
Хоосон орон зайнаас гүн санаа алдах чимээ сонсогдов.
"Чамд... уурлах уу? Би яагаад чамд уурлах ёстой гэж? Бидэнд тохиолдсон зүйлд чи буруугүй."
Санни дагжин чичирлээ. Толин Араатан бүтээгчээсээ салж, эцэст нь өөрийнх нь гарт үхэхэд хүргэсэн тэр хэн ч байсан, эсвэл юу ч байсан, тэр дуу хоолойн эзэн Төөрөгч болсон нь үнэхээр азтай хэрэг гэж тэр бодов.
Дараа нь тэр болгоомжтойгоор асуулаа.
"Тэр... тэр яг юу байсан юм бэ? Би өмнө нь тийм амьтан хэзээ ч харж байгаагүй."
Хэдэн урт хормын дараа хариулахдаа дуу хоолой өөрийгөө нэлээд сайн хянасан бололтой.
"Миний Аспектийн Чадварын илрэл. Нэг төрлийн Сүүдрийн хувилбар гэж хэлж болно. Би... би түүнийг зүгээр л ганцаардмал хүүхэд байхдаа бүтээсэн. Бид маш удаан хамт байсан. Тэгээд... дараа нь хамт байхаа больсон."
Санни толгойгоо бага зэрэг хазайлгаад хөмсгөө зангидав.
"Хүүхэд байсан гэж юу гэсэн үг вэ? Аспектийн Чадвартай хүүхэд гэж?"
Дуу хоолой гашуунаар инээв.
"Аан, тэр үү... Би анхны Хар дарсан зүүдэндээ арван хоёртой байхдаа орсон. Ховор тохиолдол ч хааяа болдог юм. Гэхдээ маш цөөхөн хүүхэд тэр сорилтыг давж чаддаг."
Санни нүдээ ирмэв.
'Арван хоёртойдоо Хар дарсан зүүд рүү илгээгдэнэ гэдэг... Мэдээж маш цөөхөн нь амьд үлдэнэ!'
Тэр Хар дарсан зүүдний Хараалд халдварлагсдын нас заримдаа ердийн хүрээнээс гадуур байдаг маш ховор тохиолдол байдгийг мэддэг байсан. Жишээлбэл, Сэрэгсдийн хамгийн анхны үеийнхэн бүгд тийм байсан. Өнөөдөр ч ийм гаж үзэгдэл хааяа гардаг. Гэхдээ ихэвчлэн хэвийнхээс ахимаг настай хүнд тохиолддог болохоос, ийм бага насны хүүхдэд биш.
'Би өөрийгөө азгүй гэж боддог байсан юмсан...'
Тэр хоолойгоо зассанаа эвгүйхэн хэлэв.
"За... чиний гарзанд харамсаж байна. Хэрэв чамд бага ч болов дээрдэх бол тэр амьтан үхэхээсээ өмнө нэг юм хэлэх гэж оролдсон. Аан... бид хайхаа хэзээ ч зогсоогоогүй. Тиймэрхүү зүйл."
Гэвч дуу хоолой хариулсангүй. Эзэн нь дахиад л өөрийн сүнсний мөн чанарыг, эсвэл Саннитай харилцах боломж олгодог өөр ямар нэгэн зүйлийг бүрэн шавхчихсан бололтой. Ингээд тэр дахин хэдэн өдрийн турш алга болов.
Санни санаа алдав.
"Хараал ид гэж! Би бүр тэр хараал идсэн оддоос яаж амьд үлдэхийг нь ч асууж амжаагүй шүү дээ!"
Үгээ илүү ухаалгаар сонгох хэрэгтэй байж!
---
Санни дахиад хэдэн өдрийг хоосон орон зайд унаж өнгөрөөв. Одоо тэр унахгүй байна гэдэг ямар мэдрэмж байдгийг хүртэл санахад бэрх болжээ. Харанхуй мөнх бөгөөд хаа сайгүй орших мэт санагдаж, тэр үргэлж энэ хоосон тэврэлтэд нь байсан юм шиг, харин бодит амьдрал нь зүгээр л нэг хачин зүүд байсан мэт мэдрэмж төрүүлж байлаа.
'Магадгүй тийм байсан юм болов уу?'
Үгүй... үгүй, тийм биш. Тэр бараг л итгэлтэй байлаа.
Дуу хоолой эргэн ирэхэд хоосон орон бага зэрэг өөрчлөгджээ. Алсад анивчих гэрлүүд илүү ойртож, илүү тод болсон төдийгүй агаар ч бага багаар дулаарч байгаа мэт санагдав.
Санни ердийнхөөрөө эрдэнэсийн авдрын голд хөлөө замилан сууж, Сүүдрийн Мөн Чанарын урсгалыг илүү сайн удирдахаар бэлтгэл хийж байлаа. Түүний дэргэдэх тагны гадаргуу дээр нэг урт хар нум, хар сум дүүрэн хоромсог хэвтэнэ.
"...Чи харваагаар хичээллэдэг юм уу?"
Санни нүдээ нээгээд харанхуй руу харснаа мөрөө хавчив.
"Үгүй дээ. Гэхдээ удахгүй бага зэрэг сурна гэж найдаж байгаа."
Тэр ярвайснаа хугарсан гараа дохин,
"Гэхдээ эхлээд хоёр гар маань хоёулаа хэвийн ажилладаг болох хэрэгтэй." гэв.
Тэр нум, сумтай хоромсог нь өмнө нь Чулуун Гэгээнтэнд даатгаж байсан яг нөгөө хоёр Дурсамж байлаа. Хоёулаа Дэвшсэн зэрэглэлтэй ч зөвхөн эхний түвшнийх. Нумын шидийн сайжруулалтууд түүнийг гайхалтай хүчтэй, бат бөх болгосон бол сумнуудын цорын ганц шидийн сайжруулалт нь тус бүрдээ биш, бүтэн нэг хоромсог хэлбэрээр ирдэг явдал байв.
Харин түүний хугарсан гар эдгэрч байлаа. Тэр аль хэдийн хуруунуудаа хөдөлгөж чадаж байсан ч эдгэрэлт дуусаагүй байв. Гэхдээ талдаа орчихсон.
Санни энгийн хүмүүсээс ч, бүр бусад Сэрэгчдээс ч хавьгүй хурдан эдгэрдэг. Дахиад долоо хоног орчмын дараа чиг баригчаа авч, хар нумаа татаж чадна гэдэгт тэр итгэлтэй байв.
Дуу хоолой хэсэг саатсанаа хэлэв.
"Өнгөрсөн удаа бид тэнгэрлэг дөлний талаар ярилцаж амжаагүй."
Санни толгой дохив.
"Тийм."
Дараа нь тэр нэг зүйл санаад асуулаа.
"Өө, тийм... дашрамд хэлэхэд, би чамайг юу гэж дуудах вэ? Чамд нэр бий юу? Чамайг зүгээр л Дуу Хоолой гэж бодоод байх нь жаахан эвгүй юм."
Дуу хоолой инээв.
"Нэр үү? Урьд нь надад нэр байсан байх."
Санни санаа алдав.
"Тийм үү? Тэгвэл тэр нь юу юм?"
Хоосон орон зай хэсэг чимээгүй байснаа хөгжилтэй өнгөөр хариулав.
"...Мордрет. Эсвэл...Ханхүү Мордрет гэж хэлэх байх."
Санни амаа хэд хэдэн удаа ангайж хааснаа дуу хоолойдоо сэжиг шингээн асуулаа.
"Ханхүү гэж үү? Чи тэгээд юуны ханхүү юм?"
Мордрет инээв.
"Юуных ч биш ээ! Би юу ч үгүйн ханхүү. Хоосны ханхүү...эсвэл нэг ёсондоо Хоосролын ханхүү"