411-р бүлэг : Тусгал
Санни хэзээ ч сүүдэр болсон үедээ тулалдаж үзээгүй бөгөөд үнэндээ яаж тулалдахаа ч мэддэггүй байлаа. Түүнд байсан зүйл гэвэл зөвхөн зөн совин нь байсан ч энэ нь хангалтгүй. Үнэндээ зөн совиндоо хэт найдах нь өөрийгөө үхэл рүү түлхэх хамгийн найдвартай арга байв.
Оюун ухаан бол хүний зэвсгийн санд байдаг хамгийн аюултай зэвсэг бөгөөд эцэст нь Саннигийн оюун ухаан л түүний амийг аварсан юм.
Дайсан нь үл үзэгдэгч биш, харин өөртэй нь адилхан сүүдэр гэдгийг тэр амьтан өөр дээр нь ирэхээс хэдхэн агшны өмнө ойлгосон байлаа. Тэр өчүүхэн хоромд Санни үхлээс зугтах цорын ганц аргыг олж чадсан юм.
Хурц өвдөлт түүний оршихуйг бүхэлд нь нэвт сүлбэхэд тэр урагш шидэгдэн... сүүдрээс гарч, өвсөн дээгүүр өнхрөн холдов. Хөл дээрээ үсрэн босоод Санни ганхан зогсож, хажуугаа дарлаа. Хуруунуудынх нь завсраар цус урсан гоожиж байв.
"Ааргх..."
Үл мэдэгдэх жигшүүрт амьтны сүүдэр араас нь дайрч... биеийг нь хий дэмий шүргэн өнгөрөв. Түүнд ямар ч гэмтэл учруулсангүй.
Эцсийн эцэст энэ ердөө л сүүдэр байлаа.
Хүүхэлдэйчний Нөмрөг дээр гарсан нарийн урагдал болон түүний доорх гүн шарх руу нэг хараад Санни нэг алхам ухарлаа. Үүний зэрэгцээ тэр сүүдрүүддээ хуягийнх нь доор нуугдаж, биеийг нь хүчирхэгжүүлэхийг тушаав.
Бие махбодын дайралт сүүдрийг гэмтээж чадахгүй... гэхдээ сүүдэр ч мөн амьд биетийг гэмтээх аргагүй. Яг энэ бодол түүний амийг аварсан байв. Хэрэв тэр цагтаа хүний дүрээ эргүүлэн авч чадаагүй бол одоо аль хэдийн үхсэн байх байсан... бараг гарцаагүй.
Гэвч тэр амжсан учраас одоо тэр болон сүүдрийн амьтан хоёр мухардмал байдалд оржээ.
Шүүлт арлын эзэн түүн рүү дахин хэд хэдэн удаа дайрсан ч цохилт бүр өмнөхийн адил талаар өнгөрөв. Дараа нь нөхцөл байдлыг бага зэрэг ойлгохгүй байгаа мэт хөдөлгөөнгүй зогслоо.
Эцэст нь Санни дайсагнасан сүүдрийг сайтар ажиглах боломжтой болов.
Тэр яг л сүүдэр ямар байдаг тийм харагдана. Өвсөн дээр хараар зурсан хүний бараан, биет бус дүрс мэт. Тэр амьтан хоёр хөл, хоёр гар, нэг толгойтой бололтой. Хэрэв Санни түүний жинхэнэ мөн чанарыг мэдээгүй байсан бол энэ сүүдрийг жирийн нэг хүний туссан сүүдэр гэж бодох байсан.
Гэхдээ эргэн тойронд өөр хэн ч байсангүй.
Хажуугийнх нь гүн шархнаас тархах өвдөлтөд ярвайнгаа аажмаар ухарч, Санни дайсан руугаа ширтэн халууран бодлоо.
'Үгүй, ямар нэг юм буруу байна...'
Сүүдрийн амьтан үнэхээр түүн шиг нэгэнд үхлийн аюултай байв.
Харин Гинжлэгдсэн Арлууд дахь бусад бүх хүний хувьд тэр огт хоргүй.
Тэгвэл яагаад ийм олон хүнийг алсан юм бэ? Харин Хар дарсан зүүдний мангасууд яасан юм? Энэ сүүдэр яаж тийм олон амьд биетийг хядсан юм бол?
Түүний нүд үл ялиг томров.
Санни гараа хажуу тийш саван Шөнө Дундын Хэлтэрхийг дуудлаа. Яг цагтаа.
Дараа нь болсон зүйл түүнийг өөрийн эрхгүй дагжин чичрэхэд хүргэв.
Тэр амьтан дахин хөдөлж, бараан биед нь хоёр хар дөл асав. Дараагийн мөчид хүний дүр сүүдрээс алхан гарч ирлээ. Цайвар арьстай, туршлагатай алуурчны хүйтэн хэрцгий нүдтэй залуу байв. Нүднийх нь гүнд галзуурлын оч дүрэлзэж байлаа.
Танихгүй залуу хар үстэй бөгөөд зөөлөн торго, гялбаагүй хар арьсаар хийсэн хөнгөн хуяг өмсжээ. Гартаа даруухан хийцтэй, үл ялиг муруй тачи барьсан байв.
Өмнөх царайг таньсан тэр мөчид айдас Саннигийн зүрхийг базав.
Мэдээж тэр түүнийг танина.
Эцсийн эцэст тэр өөрийнх нь нүүр байлаа.
Шүүлт арлын ад зэтгэрийг харах нь яг л толинд өөрийгөө харахтай адил байв.
'За байз... би хэзээнээсээ ийм аймаар харагддаг болсон юм бэ?!'
Санни цочирдон ухарлаа.
"Чи ер нь юу юм бэ?"
Тэр дүр түүний царайны хувирлыг дуурайгаад амаа ангайв. Уруул нь хөдөлсөн ч ямар ч дуу гарсангүй. Яг л тэр жигшүүрт амьтан хэлгүй мэт.
Гэхдээ Санни түүний уруулыг уншихад ямар ч асуудалгүй байлаа.
"...Чи ер нь юу юм бэ?"
'Юу болоод байна аа...'
Тэр бодлоо дуусгаж амжаагүй байтал дайсны сэлэм аянга мэт хурдан саван ирэхийг хамгаалахаас өөр аргагүй болов.
Санни аймшигт цохилтыг зайлуулж чадсан ч мөргөлдөөний хүчнээс болж ухран ганхав. Бас гар нь чичирч байлаа.
'Хараал ид...'
Энэ новш Саннитай адилхан харагдаж байсан ч хамаагүй, хамаагүй хүчтэй байв. Магадгүй Нүгэлт Ад зэтгэртэй ойролцоо хүчтэй...
Санни амьсгаа авах завдалгүй байтал түүний тусгал дахин өмнө нь хүрч ирэн өөрийнх нь тулааны хэв маягийг яг дуурайсан, танил атлаа үхлийн аюултай уян хөдөлгөөнөөр довтлов. Энэ удаад тачигийн үзүүр Саннигийн нүдийг хэдхэн сантиметрийн зөрүүтэй өнгөрөв.
Тэр тусгалын нүүрэнд харгис инээмсэглэл тодорлоо.
Санни архирав.
Жигшүүрт амьтан түүний зүг ээлж дараалан хурдан бөгөөд үхлийн аюултай довтолгоо хийхэд Санни өвдөлтөө тэвчин арайхийн хамгаалж байв. Одоохондоо тэр арай ядан тогтож байсан... гэхдээ зөвхөн одоохондоо. Амьтан ямар хүчтэй, ямар хурдан байгааг бодоход өөрийг нь алж чадна гэдэгт Санни өчүүхэн ч эргэлзсэнгүй.
Өөрийнх нь бүх заль мэхийг мэддэг мөртлөө өөрөөс нь хавьгүй хүчтэй нэгэнтэй яаж тулалдах юм бэ? Сүүдрийн Бүжиг хүртэл ямар ч хэрэггүй байлаа. Өөрийнх нь арга барилыг нь хулгайлсан өрсөлдөгчийнхөө хэв маягийг дуурайх гэж оролдоход ямар утга байна вэ?
Нөхцөл байдал үнэхээр муу байлаа. Ялангуяа Саннигийн их биеэр цус урссаар байсан болохоор.
Хоёр цохилтын завсар тэр ухран харайж, тэр тусгал руу догшин харцаар ширтэв.
"Чи... өрөвдөлэй новш... дэлхий дүүрэн нүүр байхад заавал минийхийг сонгох хэрэгтэй байсан юм уу? Тэнэг минь, ядаж надаас... арай өндөр хүнийг сонгож болоогүй юм уу?!"
Гэвч дотроо тэр өөрийн эрхгүй ингэж боджээ.
'Үнэнийг хэлэхэд миний хорон санаат хувилбар ч... дажгүй харагдаж байна шүү. Би бодит амьдрал дээр үнэхээр ийм царайлаг юм уу?'
Санни энэ талаар яг юу мэдрэх ёстойгоо үнэхээр ойлгосонгүй.
...Мэдээж тэр амьтантай ярилцах гэсэндээ ингэж ярьсангүй.
Тэр ердөө л Чулуун Гэгээнтэн нумаа татаж байх хооронд анхаарлыг нь сарниулахыг оролдож байлаа.
Дараагийн мөчид хар сум агаарыг исгэрэн зүсэж, ад зэтгэрийн зүрхийг чиглэн нисэв.
...Гэвч харгис бараан нүдтэй залуу зүгээр л хажуу тийш алхаж, сэлмээрээ сумыг цохин зайлуулав.
Үүнийг харсан Санни хараал урсгалаа.
...Гэхдээ дараагийн мөчид тэр хачин амьтны биеэр гэнэт долгион тархахыг хараад бүр ч их цөхрөв.
Нүд ирмэхийн зуур тэр тусгал өөрчлөгдөв. Нүүр нь гэнэт гантиг цагаан болж, хүнийх гэхээргүй үзэсгэлэнтэй болон хувирлаа. Бадмаараг мэт улаан нүд, өндөр шанаа,булбарай уруултай болжээ. Хуягийнх нь зөөлөн даавуу оникс мэт хар, чулуу мэт хатуу болов. Биеийн хэлбэр, өндөр нь хүртэл өөрчлөгдсөн байлаа.
Санни хариу үйлдэл үзүүлж амжаагүй байтал өмнө нь өөрийнх нь тусгал байхаа больжээ.
Харин оронд нь Чулуун Гэгээнтний дүр төрх зогсож байв.
'Новш...'
Сүнс нь аажмаар задран бутарч буй мэт ой гутам мэдрэмж бүх биеэр нь нэвчихэд тэр дуугүй чөтгөрийн төгс хуулбар нумаа өргөн, сумыг яг түүний зүрх рүү тавив.