469-р бүлэг : Гал Сахигчид
Бузарлагдсан Ариун Ой нь том арал байсан бөгөөд түүний гадаргууг бараг бүхэлд нь мушгирч тахийсан, түлэгдэж харласан үхмэл моддын ой бүрхжээ. Газрыг зузаан үнсний давхарга хучсан байх бөгөөд хүчтэй салхинд тэр нь байнга агаарт хийсэж, саарал ширхэгүүд тэнгэрээс бороо мэт бударна.
Харанхуй ойд Хар дарсан зүүдний мангасууд олон үүрлэдэг байсан бөгөөд тэдний ихэнх нь зөвхөн Сэрсэн Зэрэгтэй ч гэлээ, отолтод орохгүй байх, бүслэгдэхгүй байх, эсвэл онцгой догшин гаж амьтантай тааралдахгүй байхдаа болгоомжтой байх хэрэгтэй байв.
Касси яагаад ийм газрыг хуаран байгуулахаар сонгосныг Санни төсөөлж ч чадахгүй байлаа.
Гэсэн ч тэр аль хэдийн хүний мөр байгааг харж байв.
Бузарлагдсан Ариун Ойг бусад арлуудтай холбосон дөрвөн гинж байсан ч түүний өөрийн ашигласан нь хамгийн тохиромжтой байжээ. Эрүүл ухаантай ямар ч удирдагч энэ замыг сонгох байсан бөгөөд Няцлалт хэний ч замыг урьдчилан таашгүй болгож чаддаг ч үлдсэн гурван зам нь дэндүү эрсдэлтэй байв.
Тиймээс Санни харлан түлэгдсэн үхмэл моддын сүрдмээр хана руу чиглэсэн хүний хөлийн мөрийг хараад гайхсангүй, тэр мөрнүүдийг шинэ үнсний давхарга бараг бүрхчихсэн байлаа. Мөн газар дээр хэд хэдэн хэлбэр дүрс нь гажсан хүүр хэвтэж, тэдний сүнсний хэлтэрхийг нь авсан нь илт харагдах тул тулалдааны ул мөр ч байв.
Сэгээр хооллодог Хар дарсан зүүдний мангасууд тэдгээрийг зөвхөн хэсэгчлэн идэж дуусгасныг бодоход Кассигийн бүлэг долоо хоногоос илүүгүй хугацааны өмнө энүүгээр өнгөрсөн бололтой.
Санаа алдан, Санни ам хамраа даавуугаар боож, Хэрцгий Харцыг дуудан, мөрийг даган алхаж эхлэв.
Удалгүй тэр мушгирсан ойн үнсэн хөшигт нэвтрэн орлоо. Ямар ч сүүдэр дундуур харж чаддаг чадвар нь дахин үнэлж баршгүй ач холбогдолтой гэдгээ баталсан бөгөөд хэрэв тэрхүү бэлэг байгаагүй бол эргэн тойрны харанхуйгаас хэзээ ч гэнэт дайралт ирж мэднэ гэж айсандаа ухаанаа алдах байсан биз.
Түүний хараа, Сүүдрийн мэдрэмж, мөн нэг сүүдрийнхээ тусламжтайгаар өөрийгөө бүх талаас нь харж чаддаг чадварын ачаар Санни юу ч өөрт нь мэдэгдэлгүй ойртож чадахгүй гэдэгт итгэлтэй байлаа... ядаж энэ харьцангуй номхон арал дээр.
Гэвч Зүүдний ертөнцийн тухайд л асуудал тэнд байсан юм. Амархан дийлэх ёстой амьтад хүртэл хангалттай болгоомжгүй байвал чамайг ганцхан хормын дотор алж чадна. Номхон байсан ч бай, үгүй ч бай, энэ хараал идсэн ертөнцийн хаа сайгүй үхлийн урхи байлаа.
Санни ой руу улам гүн нэвтрэх тусам Кассигийн бүлэг өнгөрсний илүү олон ул мөрийг олж харав. Ширүүн мөргөлдөөний мөрүүд, мөн орхигдсон хэд хэдэн хуарангийн үлдэгдэл байлаа. Гал Сахигчид замаа аажмаар судалж, урт хэсгийг нь цэвэрлэсний дараа хуарангаа Бузарлагдсан Ариун Ойн улам гүн рүү бага багаар шилжүүлж байсан бололтой.
'Тэр яах гэж Шөнийн Сүмээс ийм холыг туулж энд ирсэн юм бол? Хөндий уулсаас холдохын тулд бүхэл бүтэн бүсийг гаталчихаад эцэст нь онц гойд биш арал дээр гацчих гэж үү. Би үнэхээр ойлгохгүй байна.'
Санни ямар нэг зүйлийг илт орхигдуулж байлаа...
Хөмсгөө үл ялиг зангидан, тэр сүүдэр болон хувирч харанхуй дундуур гулган, алхаж байснаасаа минут тутамд хавьгүй их зайг туулж эхлэв. Гэсэн ч тэр болгоомжтой хэвээр байхыг илүүд үзэж, нэг сүүдрээ урдаа явуулан, ямар нэгэн санаандгүй зүйл тохиолдвол цаг тухайд нь хариу үйлдэл үзүүлэхээр хангалттай удаан хөдөлж байлаа.
Нэг цаг орчмын дараа тэр эцэст нь тэднийг оллоо.
Касси болон түүний бүлэг арлын төв хүртэлх замын бараг дунд орших, зах ирмэгээс аюултайгаар хол тусгаарлагдсан нэгэн цэлгэр газарт отоглож байв. Хэрэв Бузарлагдсан Ариун Ой өгсөх үе шатандаа орвол Няцлалт үхлийн аюултай болохоос өмнө гинжиндээ буцаж хүрэх тэдний хугацаа туйлын богино байх байлаа.
Өглөө эрт байсан тул гишүүдийн ихэнх нь унтаж, зөвхөн хоёр харуул гартаа бамбар барин манаанд зогсож байв. Санни тэднийг сүүдэр дундаас хэдэн хором ажигласны дараа өөрийн нэг сүүдрийг урагш илгээв.
Тэр хоёр харуулыг хоёуланг нь таньсан бөгөөд тэд Гэрэлт Цайзын хаан ширээний төлөөх тэмцлийн үеэр Нефисийн бүлгийн гишүүдийн хувиар хамтдаа нэлээд хугацааг өнгөрөөсөн хүмүүс байлаа.
Гал Сахигчид нь Мартагдсан Эргээс амьд гарсан дөч орчим хүнээс бүрддэг бөгөөд тэд элсүүлэхийг хүссэн Өв залгамжлагч овгууд, мөн засгийн газарт үнэнч байхаас татгалзаж, Эффи, Санни хоёр шиг бүрэн бие даан явахаар сонгоогүй хүмүүс байв.
Касси нэр төдий удирдагч нь байсан ч бүх хүмүүсийг өөрөө шууд удирддаггүй байлаа. Үүний оронд Нефисийн дагалдагчид хэд хэдэн бүлэгт хуваагдан, Зүүдний ертөнцийн өөр өөр бүсэд үйл ажиллагаа явуулдаг байв. Гал Сахигчид нь албан ёсны байгууллага биш, харин ижил итгэл үнэмшил, зарчмыг хуваалцдаг хүмүүсийн сул холбоо байсан бөгөөд тэдгээрийн хамгийн гол нь Өөрчлөгдөж буй Од нэгэн өдөр амьд эргэн ирнэ гэсэн итгэл найдвар байлаа.
...Саннигийн сүүдэр бамбарын нэгний үүсгэсэн гэрлийн тойрогт орж, харуул руу ширтэн, дараа нь түүн рүү гараа даллав.
Залуу нүдээ том болгон түүн рүү ширтэв.
"Юу гээчийн новш нь бэ?!"
Нөгөө нь хурдхан эргэн харж, зэвсгээ дуудлаа.
"Юу болсон юм?"
Эхнийх нь хэсэг чимээгүй байснаа санаа алдав.
"Аан, балай юм..."
Тэр толгой нь өвдөж байгаа мэт чамархайгаа илэв.
"...Миний бодлоор энэ Санни байна."
---
Кассигийн бүлэгт найман хүн байсан бөгөөд бүгд танил царайнууд байлаа.
...Үнэндээ Санни Мартагдсан Эргээс амьд гарсан бараг бүх хүнийг мэддэг, тэдэнтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан болохоор энэ нь гайхах зүйл биш байв. Харин түүнийг гайхшруулсан зүйл нь тэд түүнийг ямар халуун дотноор угтан авсан явдал байлаа.
Хэдийгээр зарим нь арай эрт сэрэх болсондоо илт дургүйцэж, түүний наймаачин зангаас болгоомжилж байсан бөгөөд Гэрэлт Цайзын төлөөх дайны үеэр тэд түүний тэр занг хангалттай амссан ч гэлээ, тэд бүгд түүнийг харсандаа үнэхээр баяртай байлаа. Төд удалгүй нөхөрсөг алгадалтаас болж мөр нь бага зэрэг өвдөж эхлэв.
"Хараач! Энэ хараал идсэн арлууд дээр дөрвөн сар болчихоод байхад, бид анх удаа л тааралдаж байна!"
"Юу хийгээд л байна, Санни?"
"Өө! Чамайг Ариун Дагшин Газарт олж хараагүйдээ би их харамссан. Ирэхээр шийдсэнд чинь баяртай байна!"
Санни үл ялиг инээмсэглэн тэдний мэндчилгээнд хариулж, дотроо үл ойлгогдох дулаахан мэдрэмж төрөхийн зэрэгцээ тэдний бүх анхааралд тун эвгүй байлаа.
Үнэнийг хэлэхэд... тэр ч бас тэдэнтэй дахин уулзсандаа баяртай байв. Мартагдсан Эргээс хэн нэгэн амьд гарсан гэдэгт тэр одоо хүртэл бүрэн итгэж чадахгүй байсан бөгөөд тэр бүү хэл яг одоо өмнө нь зогсож буй эдгээр залуу эрэгтэй, эмэгтэйчүүдийг багтаасан бүхэл бүтэн зуун хүн амьд гарсан гэж үү.
Мэндчилгээнүүд дууссаны дараа тэр эргэн тойрноо ажиглаж, нэг хөмсгөө өргөлөө.
"За... тийм ээ, залуусаа. Та нартай бас адилхан. Гэхдээ Касси хаана байна?"
Гал Сахигчид бие бие рүүгээ харснаа, нэг нь инээмсэглэв.
"Өө, тийм шдээ! Чи түүнтэй уулзах гэж үхэж байгаа биз дээ."
'...Тийм биш.'
Ярьсан охин толгой сэгсрэн, хуарангаас хол хаа нэг тийш хөтөлсөн жим рүү эргэв.
"Явцгаая. Би чамайг дагуулаад очъё."
...Хуарангаас тийм ч холгүй, үхмэл модны үндэсний хажууд гүн нүх ухсан байлаа. Түүний дэргэд Санни руу нуруугаа харуулан, бүсэлхийдээ хуйнд хийсэн ганган туялзуур зүүсэн цайвар шаргал үстэй, туяхан охин зогсож байв.
Тэдний алхааны чимээг сонсоод Касси эргэн харав. Түүний нүүрэнд зөөлөн инээмсэглэл тодров.
"Санни. Чи ашгүй нэг юм иржээ..."