375-р бүлэг : Тус тусын зам
Санни инээмсэглэн сандал дээрээ налж суугаад, сониучирхан найзууд руугаа харав.
Түүнд үнэхээр асуумаар байсан ч өнөөг хүртэл тэвчиж явсан нэг асуулт байлаа.
"Тэгэхээр... хоёр дахь Чадвар чинь юу юм бэ?"
Түүний үг хэдэн хором агаарт хөвөв. Гэнэт Кай эвгүйрхэн ханиалгаж, харцаа өөр тийш эргүүлэв. Хэдэн секундын дараа тэр хачин өнгөөр хэлэв.
"Би... хүсвэл одоо маш холыг харж чаддаг болсон. Гэрэл огт байхгүй байсан ч гэсэн. Бас хуурмаг үзэгдэл болон аливаа нуун далдлах аргыг нэвт харж чадна гэсэн. Яг юу гэсэн үг болохыг нь сайн мэдэхгүй л байна. Бас... аан... би эд зүйлсийг ч нэвт харж чаддаг."
Санни, Эффи хоёр түүн рүү ширтээд бараг зэрэг шахам асуулаа.
"Хана нэвт үү?"
"Хувцас нэвт үү?"
Кай хундаганыхаа цаагуур нүүрээ нууж хэсэг чимээгүй сууснаа сулхан дуугаар хариулав.
"Тийм. Гэхдээ би хэзээ ч тэгэхгүй!"
Санни Кай яагаад хана нэвт харахаас татгалзах ёстойг ойлгохыг хичээн бодож байхад Эффи чангаар инээв.
"Ойлголоо, ойлголоо. Ямар гайхалтай Чадвар вэ!"
Тэр толгой сэгсэрснээ Санни руу эргэн хараад хэлэв.
"Хөөе, мангар аа. Чи намайг хурц иртэй юмаар хатгахыг олон удаа хүсэж байсан биз дээ. Туршаад үзэх үү?"
Санни гайхсан янзтай хөмсгөө зангидан, дараа нь нэг хөмсгөө өргөв.
"Үгүй. Би чамайг яах гэж хатгах юм?"
Эффи хүлээлт дүүрэн харцаар түүн рүү хэсэг ширтээд, Санни хөдөлсөнгүй тул урам хугарсан янзтай санаа алдав.
"Хөөх, ямар харамсалтай юм. Би хоёр дахь Чадвараа үзүүлэх гэсэн юм. Гол нь миний бүх биеийг бараг халдашгүй болгодог. Мэдээж харьцангуй шүү. Арьс минь ган мэт болдог гэсэн үг. Ер нь хамгаалалтыг бүх талаар нь асар их нэмэгдүүлдэг үнэхээр гоё Чадвар."
Санни нүдээ анивчин, туранхай залуу эмэгтэйг биширсэн харцаар ширтэв. Үнэхээр аймшигтай хүчирхэг Чадвар байлаа. Эффигийн өмнөх Чадвартай нь нийлбэл түүнийг тулааны талбарт үлэмж хүчирхэг оршихуй болгож байв. Уг нь тэр өмнө нь ч хангалттай аюултай байсан шүү дээ...
Эффи түүн рүү хараад сониучирхан асуулаа.
"За, харин чи?"
Санни суудалдаа үл ялиг хөдөллөө.
"Нөхцөлтэй богино зайн шилжилтийн нэг дажгүй төрөл. Кай хана нэвт хардаг, би хана нэвт ордог... харин чи бол зүгээр л ханыг шууд дайраад л нураачихдаг байх. Урьдын адил бүдүүлэг аргаараа..."
Эффи ёжтой инээмсэглэв.
"Дайраад гарна гэж үү? Сонирхолтой сонголт байна. Ямар нэг өөр утга байгаа юм биш биз..."
Санни яаран ярианы сэдвийг өөрчлөв.
"За... та хоёрын цаашдын төлөвлөгөө юу вэ? Аль Цайз руу явах гэж байна?"
Түүний гэнэтийн асуулт ярианы уур амьсгалыг өөрчилчихөв. Хэсэг хугацаанд хачин нам гүм тогтож, гурвуулаа бодолд автсан, гунигтай төрхтэй болов.
Уг нь ийм байдал зайлшгүй ирэх нь тодорхой байсан ч тэд энэ сэдвээс аль болох удаан зайлсхийж ирсэн. Гол нь энэ тухай ярих нь нэг талаар эвгүй, нөгөө талаар гунигтай байлаа. Мартагдсан Эрэг дээр тэд гурав бат бөх холбоо тогтоосон. Харин одоо хийх сонголтоос нь шалтгаалан тэр холбоо суларч, магадгүй бүр тасрах ч байв. Ирээдүй хүн бүрийг өөр өөрийн зам руу, магадгүй бүр эсрэг зүг рүү хөтлөх гэж байлаа.
Сайн ч бай, муу ч бай, тэд удалгүй тус тусын замаар явах гэж байсан. Магадгүй хувь тавилан тэднийг хэзээ нэгэн өдөр дахин уулзуулна... эсвэл үгүй ч байж мэднэ.
Хэсэг хугацааны дараа Эффи санаа алдав.
"Үнэнийг хэлэхэд мэдэхгүй байна. Валор овог, Сон овог хоёулаа урилга явуулсан. Гэхдээ... намайг мэднэ дээ. Би эрх мэдэлтэй хүмүүстэй нэг их зохицдоггүй. Бас надад үнэхээр тусламж хэрэгтэй байхад тэдний хэн нь ч хуруугаа ч хөдөлгөөгүй. Харин одоо л намайг үнэ цэнтэй хүн болсон болохоор гэнэт бүгд эелдэг, найрсаг болчихсон. Үнэндээ энэ нь их эвгүй санагдаж байна."
Тэр тэргэнцэр рүүгээ хараад ядарсан янзтай суудалдаа наллаа.
"Ямартай ч... магадгүй саналыг нь хүлээж авна, магадгүй үгүй. Хоёр дахь Хар дарсан зүүдэд бэлдэх хамгийн хурдан арга аль нь байхаас шалтгаална. Магадгүй бие даасан хэвээрээ байвал, жинхэнэ өв залгамжлагчидтай нөөц бололцоо, анхаарлын төлөө өрсөлдөх шаардлагагүй болохоор удахгүй Мастер болох боломж илүү их байх."
Хоёр дахь Хар дарсан зүүдийг давсны дараа хүний сүнслэг бие нь жинхэнэ бие нь болдог. Мастер зэрэгт хүрвэл Эффи аймшигт тахир дутуу байдлаасаа ангижрах учраас Санни түүний сэдлийг бүрэн ойлгож байлаа.
Одоо тэр Эффи яагаад өөрийнх нь хувьд Хоёр дахь Хар дарсан зүүдийг давахын төлөө тэмүүлэхээс өөр зам байхгүй гэж хэлснийг ойлгов.
...Хачирхалтай нь, Санни өөрөө ч хүсээгүй атлаа яг ийм нөхцөлд орчихсон байлаа.
Кай хэсэг чимээгүй сууснаа мөн санаа алдав.
"Харин миний хувьд... агентлаг маань надад Бэхлэлтэд маш сайхан албан тушаал олж өгсөн. Тийм болохоор удахгүй тийшээ явна. Маш удаан хугацаанд дахиж нэг ч Хар дарсан зүүдний мангастай тулалдах шаардлагагүй байх. Магадгүй бүр хэзээ ч үгүй."
Насан туршдаа аюулгүй, тайван амьдрах тухай ярьж байгаа хүн гэхэд түүний хоолой огт баяртай сонсогдсонгүй. Харин ч дургүйцэл, бүр... ичгүүр хүртэл мэдрэгдэж байв.
Санни хөмсгөө зангидав.
"Ийм өнгөөр битгий ярь, Кай. Хүн шиг амьдарч, өдөр болгон ямар нэг юманд идүүлэх вий гэж айхгүй байх нь буруу зүйл биш. Үүндээ өөрийгөө буруутгах ч хэрэггүй. Ойлгов уу?"
Царайлаг залуу гунигтай инээмсэглээд толгой дохив.
"Ойлголоо. Ийм талархалгүй байсанд уучлаарай. Харин чи яах гэж байна, Санни?"
Санни дагзаа маажаад мөрөө хавчив.
"За... би одоо баян болсон. Итгэхгүй байх л даа, гэхдээ Зүүдний ертөнцөд харсан зүйлсийнхээ талаар хэдэн үг сараачихад л мөнгө олдог юм байна. Бас! Академид судалгааны туслах гэсэн нэр зүүж цалин авах боломжтой юм шиг байна. Яг юу хийхийг нь мэдэхгүй л дээ. Тийм болохоор... үнэндээ аль нэг Цайзаа хараахан сонгоогүй байгаа. Гэхдээ засгийн газар надтай их найрсаг байгаа болохоор бараг хүссэнээ сонгож болно."
Эффи, Кай хоёр итгэж ядсан харцаар түүн рүү ширтэв. Санниг эрдэмтэн, бүр Багш болж байна гэж төсөөлөхийг оролдож байгаа нь илт байлаа. Дараа нь хоёулаа зэрэг толгой сэгсрэв.
"Төсөөлөгдөхгүй юм."
"Тийм ээ, огт зохихгүй сонсогдож байна."
"Харин Цайзын тухайд..."
"Аль нэгийг нь сонгосон уу?"
Санни хэсэг бодсоноо мөрөө хавчив.
"Одоохондоо мэдэхгүй байна. Гэхдээ нэг нууц хэлье... Маш цөөхөн хүн мэддэг, эсвэл бодож үздэг зүйл. Нэг их мэргэн хүн надад сонголтоо үүн дээр үндэслэ гэж зөвлөсөн юм."
Тэр хэсэг завсарласнаа нухацтайгаар хэлэв.
"Сантехник! Аз жаргалтай амьдралын нууц бол сантехник сайтай Цайз олох юм..."
---
Удалгүй салах цаг болов. Тэдний хагацал халуун дулаан мөртлөө гунигтай байлаа. Кай, Эффи хоёрыг үдсэний дараа Санни гадаа хэсэг саатаж зогсоод, дараа нь эмнэлгийн цогцолборын газар доорх давхрын нэгэн өрөөндөө буцаж ирэв.
Орой болсон байлаа. Нүд нь анилдаж, туйлын их нойр хүрч байв. Санни ууртай архираад сэргээштэй наалтын нэгийг савлагаанаас гарган арьсандаа наав.
Тэр даруй хүйтэн гал судсаар нь урсан гүйв. Зүрх нь хурдан цохилж, оюун ухаан нь цэлмэв. Санни эрч хүчээр дүүрч, уулыг хүртэл мэрж чадахаар санагдав.
Мэдээж ийм сэргэлтийн төлөө төлөх үнэ байсан. Үүний дараа яг ижил хэмжээгээр тамирдуулсан уналт зайлшгүй ирнэ. Дахиад нэг сэргээш хэрэглэхгүй л бол. Тэгээд дахиад нэг, бас дахиад нэг. Гэхдээ хэрэглэх бүрд үйлчилгээ нь улам богиносож, бие махбодод ирэх ачаалал нь улам нэмэгдэх байв.
Хэрэв тэр жирийн хүн байсан бол энэ өчүүхэн харагдах наалтаас ганцыг хэрэглээд л зүрх нь дэлбэрчих байсан биз. Засгийн газрын цэргийн технологи тоглоом биш.
...Гэхдээ тэр одоохондоо шийдвэр гаргахад бэлэн биш байлаа. Эхлээд хийх ёстой хэдэн зүйл үлдсэн.
Жишээлбэл, шинэхэн Дурсамжаа эцэст нь шалгах хэрэгтэй байв...