567-р бүлэг : Зугтах аргагүй
Санни Мордрет ямар төрлийн амьтан болохыг илтгэх нэгэн сэжүүр нь түүнийг зөвхөн Төөрөгдөгсөд болон хүний Сүүдрийн хувилбаруудаар мануулж байсан явдал гэж бодсон ч үүнээс ямар нэгэн дүгнэлт хийхэд хэтэрхий бага мэдээлэл байв.
Өөрийгөө Хоосролын Ханхүү гэж нэрлэдэг тэр хүний талаар өөр юу мэдэж байсан билээ?
Тэр Мордретийг хүн мөн гэдэгт эсвэл ядаж хэзээ нэгэн цагт хүн байсан гэдэгт нэлээд итгэлтэй байлаа. Хар дарсан зүүдний мангас хүний хоолойг дуурайж чадна, гэхдээ Мордретийн харуулсан сэрүүн ертөнцийн талаарх мэдлэгийг дуурайж чадахгүй. Санни бас нууцлаг ханхүү арван хоёр настайдаа Анхны Хар дарсан зүүдийг давсан тухайгаа үнэн хэлсэн гэж бодож байв.
Үүнээс өөрөөр Саннид байсан зүйл гэвэл Хэрцгий Харцын тайлбар л байлаа. Тэнд нэгэн ханхүүг аймшигт Зүүдний үр төлд өгч, дараа нь буцаж ирэхэд эцгийнхээ гэрт дахин хүсэмжлэгдэхээ больсныг мэдсэн тухай өгүүлдэг. Бас Толин Араатан Мордретийн бүтээл байсан нь яг л Гантиг Гэгээнтнийг Санни бүтээсэнтэй адил байв.
Энэ бүхнээс баримжаа авахад тун хангалтгүй...
Санаа алдан Санни торыг тойруулан харав.
Шал нь хотгор хэлбэртэй байсан тул тэр хоёр Касситай бие биедээ ойрхон суухаас өөр аргагүй байлаа. Тав тухтай суухуйц тэгшхэн хэсэг нь бөмбөгөр торны яг төвд байх бөгөөд диаметр нь ч төдийлөн том биш. Тор бүхэлдээ хоосон, зөвхөн модон тагтай зэвэрсэн нэг хувин л байв.
Санни хэсэг хугацаанд хувин руу ширтэж байснаа ярвайв.
"Биднийг энд хэр удаан хорих бол гэж чи бодож байна?"
Касси хэсэг чимээгүй байснаа намуухан хариулав.
"Тэд хоригдлыг тогтоон барьж чадах эсэхээс шалтгаална."
Саннигийн нүүрэнд бараан үрчлээс тодров.
Агуу овгийн мэдлийн зуун шилдэг Сэрэгч дайчин, хоёр Мастер нийлээд Мордретийг үнэхээр дийлэх болов уу? Өнөөдрөөс өмнө бол тэр өчүүхэн ч эргэлзэлгүйгээр тийм гэж хэлэх байсан. Нууцлаг ханхүү хэчнээн хүчтэй байсан ч бүхэл бүтэн армитай яаж тэмцэх билээ?
...Гэвч Ноён Пирсийн нүүрэнд тодорсон айдас, Төөрөгдөгсөд ямар их түгшиж байгааг харсны дараа Санни үүндээ тийм ч итгэлтэй байхаа больжээ.
Хэрэв Мордрет ямар нэгэн байдлаар ялбал юу болох вэ?
Тэд аюулгүй үлдэх болов уу?
Эсвэл... тэр аймшгийг өөрсдөө мэдрэх болов уу?
'Новш гэж...'
Санни танхимын хаалга руу бараанаар хараад нүдээ анив.
Одоохондоо тэдэнд хүлээхээс өөр хийх зүйл байсангүй.
Минутууд өнгөрч, аажмаар цагууд болон үргэлжилнэ. Цонхгүй тул цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг мэдэхэд бэрх байв. Санни, Касси хоёр ихэнхдээ чимээгүй байсан нь хоёулаа өөр өөрийн бодолд автсан төдийгүй хэлэх хэрэгтэй зүйл ч үгүй байсантай холбоотой.
Шөнийн Сүм дахиад хэдэнтээ чичирсэн ч энэ удаагийн чичиргээ эхний хоёроосоо хавьгүй сул байв. Санни чимээгүй бясалгаж, Сүүдрийн Мөн Чанар булчингаас нь аажмаар сарниж, хүч нь бага багаар буурч байгааг мэдэрч байлаа. Хэсэг хугацааны дараа тэр босож, торны хананд авирч Бичээсүүдийг судлаад, дараа нь шоронгийнхоо сантиметр бүрийг нэгжин шалгав.
Тэр бүр төмөр сараалжийг нугалж, сугалж үзэхийг ч оролдсон боловч ямар ч нэмэр болсонгүй. Энэ торыг Мастеруудыг, магадгүй бүр Гэгээнтнүүдийг хүртэл хорихоор бүтээсэн бололтой. Санни бүрэн хүчтэй байсан ч зөвхөн хүчээрээ эндээс гарч чадахгүй байв.
Удалгүй тэр бөмбөгөрийн төв рүү буцан гулсаж, ахин юу ч хийхгүй суухаас өөр аргагүй болов.
...Түүнд ийм боломж удаан хугацаанд олдоогүй байлаа. Үнэндээ юу ч хийхгүй байх нь нэг талаар тайвшруулах мэт санагдана, мэдээж амь нас нь нарийн утсан дээр дүүжлээстэй байгааг үл тооцвол.
Бичээсүүдийн цэнхэр туяа, тосон дэнгийн улбар шар гэрэл намуухан бүдэгхэн тул танхимыг харанхуй, сүүдрээр дүүргэжээ. Гадаа хаа нэгтээ аймшигт хядлага болж ч байж мэднэ.
Харин энд бүх зүйл нам гүм, тайван байлаа.
Санни бараг дугхийх гэж байтал Касси гэнэт хаалга руу эргэв.
"Хэн нэгэн ирж байна."
Тэр нүдээ нээгээд босож, бараан царайлан тосон дэнлүү рүү харав. Дөл нь намиран чичирч байснаа хаалга тасхийн онгойж, хүчтэй салхи орж ирэхэд агшин зуур унтарчих шиг болов.
Таван хүн дотогш орж ирэв.
Тэдний дөрөв нь Төөрөгдөгсөд дайчид бөгөөд нүүр царай нь барайж, хуяг нь цусаар будагджээ. Нөгөө нэг нь тэднийг энд хорьсон өнөөх харуул байсан бөгөөд царай нь цонхийж, толгойгоо түр зуурын боолт болгон цагаан даавуугаар ороосон байв.
Тав дахь нь үзэсгэлэнт улаан үстэй, хар дээл өмссөн эмэгтэй Мастер Велте байлаа. Хүзүүнд нь нимгэн гинжнээс дүүжилсэн дөш хэлбэртэй хачирхалтай сахиус унжиж, нүдэнд нь аллагын хүсэл дүрэлзэж байв. Түүнээс цацрах аура үнэхээр аймшигтай.
'Тэгэхээр Мордрет эцэст нь зугтаж чадсангүй...'
Мастер Касси руу хүйтэн харцаар нэг хараад Санни руу эргэв.
"Чи! Тэр толины хэлтэрхийг Цайзад авчирсан хүн мөн биз дээ?"
Санни үл ялиг хөдөллөө.
"Мөн."
Велтегийн уруулын булан татвалзав.
"Хэн чамд тэгэхийг тушаасан юм?!"
Тэр хэдэнтээ анивчив.
"Юу? Хэн ч тушаагаагүй. Би тэр хэлтэрхий юу болохыг огт мэдээгүй. Зүгээр л сонин санагдаад авчихсан юм..."
Үзэсгэлэнт эмэгтэй Төөрөгдөгсдийн нэг рүү харахад тэр толгой дохив.
"Тэр үнэнийг хэлж байна. Эсвэл ядаж өөрийнхөө хэлж буйд итгэж байна."
Санни гуч гаруй насны туранхай царайтай, тунгалаг саарал нүдтэй тэр эрийг ажиглав.
'Гайхалтай. Бас нэг алхдаг худал илрүүлэгч...'
Велте хөмсгөө зангидан, Санниг хүнд харцаар ширтэв.
"Шөнийн Сүмд ирсэн зорилго чинь юу байсан бэ?"
Санни хэдэн хором тээнэгэлзэв. Түүнийг дуугарахад хоолой нь айсан мэт үл ялиг чичирч байлаа.
"Надад энд тахилын ширээн дээр... онцгой нэг хутга байдаг гэж хэлсэн юм. Би тэр хутгыг сонирхож байгаа, учир нь тэр Гинжлэгдсэн Арлуудын өнгөрсөн түүхтэй холбоотой. Би Сэрэгсдийн Академийн судлаач байгаа юм... магадгүй та миний өмнөх судалгааны тайланг уншсан байх? Тэр... нэлээд алдартай."
Мастер хэсэг хугацаанд түүнийг ширтээд, тунгалаг нүдтэй Төөрөгдөгсөд рүү харснаа арга ядсан янзтай толгой сэгсрэв.
"Энэ бүхэн... юу ч мэдэхгүй нэг тэнэгээс болж..."
'Тийм ээ, тийм... Би өрөвдөлтэй, хэрэггүй тэнэг. Тэгж л бодоорой!'
Санни хоолойгоо засав.
"Мастер Вэлтэ? Би учруулсан төвөгтөө үнэхээр харамсаж байна, гэхдээ... аан... яг юу болоод байгаа юм бэ? Бас та нар биднийг хэзээ суллах юм?"
Тэр гэнэт инээдээ арай ядан барьсан мэт болоод, дараа нь бараан, хилэнт харцаар түүн рүү харав.
"Суллана гэж үү? Чиний үйлдэл юунд хүргэснийг чи мэдсэн бол намайг энэ шорондоо үлдээгээч гэж гуйх байсан. Ядаж тэр ад зэтгэр энд чамд хүрч чадахгүй... үгүй, та хоёрын тарьсан гайг бид цэгцэлтэл эндээ хоригдсоор байх болно. Бид цэгцэлнэ, үүнд итгээрэй."
Энэ Саннигийн сонсохыг хүссэн хариулт биш байсан ч ядаж багахан мэдээлэл өглөө.
Мордретийг хараахан тогтоон бариагүй аж. Харин тэр болон Валорын хүчнүүд нэгэн төрлийн мухардалд орсон бололтой.
Мастер Велте шүдээ зуун эргээд алхав.
Гэвч гарахынхаа өмнө түр зогсоод бараан хоолойгоор хэлэв.
"Одоо сүм бүрэн битүүмжлэгдсэн болохоор Кормак эзэнтэнээс өөр хэн ч түүнийг нээж чадахгүй. Гарц сүйрсэн. Зугтах ямар ч арга байхгүй. Та нар ер нь хаачих юм?"
Ингээд тэр нударгаа зангидаад танхимаас гарч одов. Дөрвөн Төөрөгдөгсөд араас нь даган гарч, хаалгыг дахин түгжив.
Санни гунигтай царайлан хаалга руу хэсэг ширтэв.
'Кормак эзэнтэнээс өөр хэн ч нээж чадахгүй...'
"Новш!"
Гэгээнтэн бүтэн нэг сарын дараа л буцаж ирэх ёстой байсан!
Тэр Касси руу, дараа нь тор луугаа, эцэст нь гэрэлтэх Бичээсүүд рүү харав.
Энэ нэг сар урт бөгөөд аймшигтай байх нь дээ...