386-р бүлэг : Ноктисын Ариун Дагшин Газар
Удалгүй Санни Ноктисын Ариун Дагшин Газар руу дөхөн, туулах ёстой байсан хамгийн сүүлчийн гинжин зам дээр алхаж явлаа.
Тэр үед аль хэдийн шөнө болсон байв. Дээр тэнгэрт хавирган сарын цайвар дугуй зөөлөн гэрэлтэж, түүний туяа Цагаан Цамхгийн цав цагаан ханан дээр ойж байлаа. Шөнийн тэнгэрийн бараан хилэн хөшиг дээр тоолж баршгүй олон од гялалзан анивчина. Саннигийн өссөн аварга хотод байдаг гэрлийн бохирдол энд байхгүй учир тэд үнэхээр үзэсгэлэнтэй, хурц тод харагдана.
Мартагдсан Эрэг дээр ч бас од огт байгаагүй болохоор энэ дүр зураг түүнд одоо ч шинэ, сэтгэл хөдөлгөм хэвээр.
Одоо шөнө болсон тул Дээд Тэнгэр, Доод Тэнгэр хоёрын зааг бараг ялгарахаа больжээ. Арлуудын доорх хоосон ангал хүртэл өөрийн гэсэн ододтой байсан тул энэ цагт жинхэнэ тэнгэрийн тусгал мэт харагдана. Ганц ялгаа нь тэнд сар ч үгүй, үүлэн дээгүүр хөвөх дэгжин цагаан цамхгийн бүдэгхэн дүрс ч байсангүй.
Санниг алхах бүрд гинж үл ялиг ганхана. Ариун Дагшин Газарт ингэтлээ ойртсон хойноо Сүүдрийн алхалт ашиглах дургүй байсан бөгөөд шөнийн тэнгэрийг ширтэж, цэвэр агаарын үнэрийг мэдэрч, сэрүүн салхи илбэж буйг таашаахыг илүүд үздэг байв. Тиймээс буцах замынхаа энэ сүүлчийн хэсгийг тэр ихэвчлэн явган туулдаг байлаа.
'...Там хүртэл заримдаа үзэсгэлэнтэй байж чадах юм.'
Хэдэн минутын дараа Санни урсах усны намуухан чимээг сонсоод Ариун Дагшин Газар ойрхон байгааг мэдэв.
Гинжлэгдсэн Арлуудын ихэнх Сэрэгсдийн орогнодог Цайз нь өөрийн гэсэн жижигхэн арал дээр оршдог байлаа. Харин тэр арал тун хачирхалтай. Бусад арлаас ялгаатай нь хэзээ ч дээш хөөрч, доош буудаггүй, үргэлж нэг өндөрт тогтвортой байж, Няцлалтын аймшигт даралтаас ангид байдаг.
Тэнд өвсөөр хучигдсан талбай байх бөгөөд яг төвд нь аварга том босоо чулуунууд төгс тойрог үүсгэн сүндэрлэнэ. Тэр тойргийн дотор арай жижиг өөр нэг тойрог бий. Гаднах тойрог нь Цайзын гадна ханыг, доторх тойрог нь дотоод ханыг бүрдүүлдэг.
Дотоод тойргийн дотор намуухан цэцэрлэг байх бөгөөд голд нь тунгалаг устай цөөрөм оршино. Чулуун жим цөөрмийн гол дахь жижиг арал руу хүргэж, эртний модны сүүдэр дор нэгэн бүхэл цагаан гантиг чулуугаар сийлсэн тахилын ширээ сүндэрлэнэ.
Тэр тахилын ширээ гурван онцгой шинжтэй.
Эхнийх нь гадаргуу дээр нь тавьсан обсидиан хутга байлаа. Хутга анх харахад онцгой зүйлгүй мэт боловч хэн ч, тэр бүү хэл Гэгээнтэн хүртэл түүнийг тахилын ширээнээс ганц сантиметр ч өргөж чаддаггүй байв.
Хоёр дахь онцлог нь тэр тахилын ширээ өөрөө Гарц байсан явдал юм. Түүнд ердөө хүрэхэд л бодит ертөнц рүү буцаж шилжинэ. Түүнтэй Зангуугаа холбосны дараа Сэрэгсэд бодит ертөнцөд унтах бүрдээ тахилын ширээний дэргэд гарч ирдэг.
Гурав дахь нь тахилын ширээнээс эцэс төгсгөлгүй мэт ус ундарч, түүнийг хүрээлсэн цөөрмийг тэжээдэг явдал байв. Тэр ус хаанаас гардаг, яагаад тахилын ширээ түүнийг бий болгодгийг хэн ч мэдэхгүй. Гагцхүү тэр ус нь хүйтэн, амтлаг, уухад бүрэн аюулгүй гэдгийг л мэддэг.
Цөөрмөөс долоон горхи урсан гарч, эцэстээ жижиг арлын ирмэгээс доош асгарч, салхинд усан ширхэг болон замхарна. Цэлмэг өдөр Ариун Дагшин Газар бүхэлдээ солонгоор хүрээлэгддэг байв.
Санни Цайз руу дөхөхдөө сонссон чимээ нь эдгээр хүрхрээнүүдийн намуухан шуугиан байсан юм.
Хар Жигүүрийг ашиглан дээш халин, арлын зөөлөн өвсөн дээр газардсан тэрээр ойролцоох чулуун баганын дэргэд очиж, түүнээс унжсан хүрэл хонхыг дэлдэв. Ингэснээр харуулуудад өөрийгөө устгах ёстой Хар дарсан зүүдний мангас биш, харин хүн гэдгээ мэдэгддэг байлаа.
Удалгүй харанхуй дундаас шүглийн чимээ сонсогдож, Санни аварга чулуунууд руу хүргэдэг жимээр урагш алхав.
Хэдэн минутын дараа тэр хоёр аварга чулуунын дундуур алхаж, Ноктисын Ариун Дагшин Газар луу орлоо.
Ноктис гэж хэн байсан, яагаад энэ газрыг түүний нэрээр нэрлэснийг үнэндээ хэн ч мэддэггүй байв. Тэр нэр ер нь амьд оршихуйд харьяалагддаг байсан эсэх нь хүртэл тодорхойгүй. Зүгээр л Хар дарсан зүүдний Хараал энэ газрыг ингэж нэрлэдэг учраас хүмүүс ч мөн дагасан аж.
Ямартай ч хоёр чулуун тойргийн хоорондох зайг Гинжлэгдсэн Арлуудын уудам зэрлэгт аялал хийхийн өмнө болон дараа Сэрэгсэд амарч, тэнхрэх газар болгон тохижуулжээ. Цагаан Өд овог босоо чулуунуудын завсрыг ханаар бөглөж, ашигтай туслах Аспекттай хэд хэдэн хүнийг авчирснаар энд ирсэн эсвэл Хар дарсан зүүдний Хараалын илгээсэн хүмүүсийн амьдрах нөхцөлийг сайжруулсан байв.
Одоогоор Ариун Дагшин Газарт хоёр зуу орчим Сэрэгсэд амьдарч байсан бөгөөд энэ нь түүнийг хэвийн ажиллуулж, аюулгүй байлгахад хангалттай байлаа.
Ийм орой болсон тул ихэнх хүмүүс аль хэдийн унтаж, амарч, эсвэл бодит ертөнц рүүгээ буцсан байсан учир Санни өөрт нь хуваарилагдсан өрөө рүүгээ явах замдаа хэнтэй ч таарсангүй.
Эндхийн бусад хүмүүсийн адил тэр Ариун Дагшин Газарт Зангуугаа холбосны дараа жижигхэн өрөө хуваарилагдсан байв. Аз болоход тэр нь хоёр орцны нэгийнх нь дэргэд байрладаг тул хол алхах шаардлага гардаггүй.
Өрөөндөө орсон даруйдаа Санни үүргэвчээ тайлж, олзоо болох хэдэн ширхэг сүнсний хэлтэрхий, хачин төрхтэй хэдэн жимс, мөн алтан зоосоо орны хажууд байсан авдар дотор хийв. Дараа нь үүргэвчээ шалан дээр шидээд, хэсэгхэн саатсаны эцэст дахин гарлаа.
Ердийн үед тэр өглөө болтол үлдэж, гал тогоо эсвэл цэцэрлэгт байрлах түр зах дээр очин сүнсний хэлтэрхийнүүдээ Дурсамж эсвэл кредитээр сольж, бусад Сэрэгсэдтэй ярилцан Арлуудын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээ, чухал мэдээллийг сонсох, эсвэл зүгээр л амрах байсан. Гэвч өнөөдөр тэр бодит ертөнц рүү аль болох хурдан буцах хэрэгтэй байв.
Цэцэрлэгт орсон Санни тунгалаг устай гүн цөөрөм рүү дөхөж, Тахилын ширээ байрлах арал руу хүргэдэг чулуун жимийн эхний чулуун дээр гишгэлээ.
Удалгүй тэр эртний модны мөчир дор орших цагаан тахилын ширээний өмнө зогсов. Навчис сэрчигнэх чимээ, урсах усны намуухан аялгуу түүнийг хүрээлнэ. Обсидиан хутгыг нэг хараад Санни түүнийг өргөж үзэх хүслээ дарлаа. Тэр үүнийг өмнө нь олон удаа оролдож байсан ч нэг ч удаа амжилтад хүрээгүй.
'...Хэзээ нэгэн өдөр.'
Санаа алдан урагш алхсан тэр гараа тахилын ширээн дээр тавив.
Гантиг чулуун гадаргуу сэрүүхэн байлаа.
Дараагийн агшинд шөнийн харанхуйг тэнгэрлэг цэнхэр гэрлийн гялбаа агшин зуур гэрэлтүүлэв. Гэрэл замхармагц эртний модны мөчир доор хэн ч үлдсэнгүй.
Санни Зүүдний ертөнцийг орхиж, бодит ертөнцдөө эргэн иржээ.