363-р бүлэг : Иргэн Санни
Эхлээд харахад Багш нарын амралтын өрөөний дотоод засал энгийн бөгөөд тухтай санагдана. Ихэнх тавилга нь модоор хийгдсэн тул дулаан, тав тухтай уур амьсгал бүрджээ. Өндөр цонхнуудаар хурц нарны гэрэл тусах бөгөөд өвлийн сэрүүхэн агаарыг оруулахын тулд цонхыг үл ялиг онгойлгосон байлаа.
Гэвч эргэн тойрныхоо бүх мод жинхэнэ, хуванцар биш гэдгийг ойлгоход Саннигийн нүд үл ялиг томров.
'Ямар тансаг юм бэ! Яасан ч үрэлгэн юм вэ!'
Түүний царайг анзаарсан Жэт үл ялиг инээмсэглэв.
"Таамаглая. Чи өмнө нь ийм их жинхэнэ мод нэг дор харж байгаагүй биз дээ?"
Санни хэсэг тээнэгэлзсэний эцэст толгой дохив.
"Зөвхөн Зүүдний ертөнцөд л..."
Залуу эмэгтэй инээмсэглээд хөлөөрөө нэг сандлыг татан гаргаж суув.
"Энэ бүх мод хаанаас ирсэн гэж бодож байна?"
Санни эргэн тойрноо ажиглан, Академийн Багш нарын амралтын өрөөг огт өөр өнцгөөс харах шиг болов. Дараа нь үг олдолгүй чимээгүйхэн суув.
Мастер Жэт цэсээ дуудаж захиалгаа өгөөд арагш налан ядарсан янзтай нүүрээ илэв.
"Итгэхэд хэцүү байх. Гэхдээ яг одоо чиний сууж байгаа сандал үхсэн нэг Титаны биеэр хийгдсэн."
Санни цочирдон түүн рүү ширтэв. Агшин зуур сандлаасаа үсрэн босох хүсэл түүнд төрлөө.
"...Юу гэнэ ээ?"
Жэт инээмсэглээд эргэн тойрноо заалаа.
"Үнэндээ эндхийн бүх зүйл. Бэхлэлт анх байгуулагдах үедээ асар том, бас маш өлсгөлөн ойгоор хүрээлэгдсэн байсан юм. Тэр ой бүхэлдээ ганц аварга Хар дарсан зүүдний Амьтан байсан. Валор овог түүнтэй хэдэн арван жил дайтсан. Маш олон Хүлэгт Баатраа алдсан. Эцэст нь тэр ойг устгаж, үлдсэн нь өндөр чанартай мод болон хувирсан. Ингээд л энэ бүхэн бий болсон доо."
Санни толгойныхоо ар хэсгийг маажаад, болгоомжтойгоор модон ширээг тогшив.
Ширээ бүрэн үхсэн мэт санагдсан ч тэр сонор сэрэмжээ сулруулсангүй.
Эцсийн эцэст...
Энэ чинь нэгэн цагт Титаны нэг хэсэг байсан шүү дээ!
Удалгүй хоол нь ирэв. Санни үүнийг жинхэнэ Сүүдрийн хувилбар авчирна гэж хагас хүлээж байсан ч азаар жирийн автомат үйлчлэгч авчирлаа.
Тэр хөдөлгөөнт тавиур дээрээс тавгуудаа авчихаад өмнөх зоогоо зэрлэг нүдээр ширтэв.
Шарсан төмс, жигнэсэн шош, шүүслэг шарсан мах, жинхэнэ ногоогоор хийсэн салат, анхилуун үнэртэй шөл, хэд хэдэн ширхэг шарах шүүгээнд болсон талх, цөцгийн тос, чанамал, бүр амттанд нь шоколадтай пуддинг хүртэл байлаа.
Энэ бол түүний амьдралдаа харж байсан хамгийн үзэсгэлэнтэй дүр зураг байв.
Түүнчлэн эдгээрийн заримыг нь бодит амьдрал дээр анх удаагаа харж байлаа.
Тэр агшинд Жулиус багшийн нэгэнтээ санал болгож байсан судалгааны туслахын ажил өмнөх шигээ тийм ч таагүй сонсогдохоо больжээ.
"Аан... уучлаарай..."
Матер Жэт түүнд гараараа дохин өөрийн хоолонд анхаарлаа хандуулав.
Санни ямар ч ёс суртахуун гаргалгүй өглөөний цайндаа Хар дарсан зүүдний Амьтадтай тулалдах үеийнх шигээ догшин дайрлаа.
___
Хэсэг хугацааны дараа гэдэс нь бараг хагарах шахам цадсан Санни хоосон тавагнуудаа түлхэн холдуулаад сэтгэл хангалуун инээмсэглэн арагш налав.
'Аан... жинхэнэ амьдрал гэдэг энэ дээ!'
Мастер Жэт түүн рүү хуурайхан инээмсэглэлээр харав.
"Би юу гэж хэлсэн билээ? Сайхан хоолыг энд л нуучихдаг юм."
Санни хоосон таваг руугаа харан харамсалтайгаар санаа алдав.
"Тийм ээ. Гэхдээ бүтэн жил бараг зөвхөн мангасын мах идэж амьдарсан болохоор жонхуу байсан ч би баярлах байсан."
Захын дүүргийн хамгийн түгээмэл хоолны тухай дурдагдахад Жэтын инээмсэглэл бүдгэрэв.
Удалгүй тэдний өмнө уур савсуулсан бараан өнгийн анхилуун цайтай хоёр аяга тавигдав.
Мастер Жэт санаа алдаад дүрэмт хувцасныхаа дотор халааснаас нэг зүйл гаргаж ирэв.
Энэ нь таган дээрээ мэдрэгчтэй жижигхэн төмөр хайрцаг байлаа.
Тэр хайрцгийг ширээн дээр тавиад Санни рүү харан асуув.
"Би чам руу яагаад зорьж ирснийг гайхаж байгаа биз дээ?"
Санни толгойгоо үл ялиг хазайлган төмөр хайрцгийг хэдэн хором ширтээд болгоомжтой өнгөөр хариулав.
"...Тийм. Үнэнийг хэлэхэд ихэд сонирхож байна."
Жэт толгой дохин тайвшруулах инээмсэглэл үзүүлэв.
"Битгий санаа зов. Зүгээр л нэг албан ёсны ажиллагаа. Бас чамд маш ашигтай. Хуруугаа энэ мэдрэгч дээр тавь."
Санни хэсэг эргэлзсэн ч хэлснээр нь хийв.
Мэдрэгч бараг хагас минутын турш дүнгэнэсний дараа хайрцган дээр жижигхэн ногоон гэрэл асав.
Зөөлөн "чаг" гэсэн чимээ гарч хайрцаг онгойлоо.
Жэт тагийг нь сөхөөд хэд хэдэн зүйл гаргаж ирэв.
Уян хатан шилээр хийсэн нимгэн Холбооны хэрэгсэл, гадаргуу дээрээ төрийн тамгатай санах ойн чип, мөн дээр нь хоёр од сийлсэн жижиг төмөр тэмдэг.
Тэр эдгээрийг Саннигийн өмнө түлхэн тавиад хэсэг азнаснаа хөнгөхөн өнгөөр хэлэв.
"Баяр хүргэе, Сэрэгч Санлесс. Чи одоо албан ёсны иргэн боллоо. Тэр ч байтугай долоодугаар зэрэглэлийн иргэн."
Энэ үгс Санниг алхаар цохисон мэт болгов. Тэр юу ч хэлэлгүй өмнөх гурван зүйлийг ширтэнэ. Царай нь ямар ч сэтгэл хөдлөлийг илэрхийлсэнгүй.
Иргэн...
Захын дүүрэгт хүмүүс жинхэнэ иргэн болно гэсэн мөрөөдөлтэй төрж, тийм мөрөөдөлтэйгөө нас бардаг.
Энэ ганцхан үгийн цаана асар их утга агуулагддаг. Зохистой хоол хүнс. Хүний эрх. Илүү сайхан амьдрал.
Тэдэнд үнэндээ огт байдаггүй байсан бүх зүйл.
Өөрөөр хэлбэл...
Ирээдүй.
Тэдгээр хүмүүсийн маш цөөхөн нь л "иргэн" гэх үгийг өөрийн нэртэй хамт сонсох хувьтай байсан. Ядуу, дорд төрсөн хүн улам л ядуурч, улам доош унах нь энгийн үзэгдэл.
Дээш өгсөх нь ховор.
Оргилд хүрнэ гэдэг бол бүр мөрөөдөл.
Харин одоо тэр зөвхөн иргэн болоод зогсохгүй бүх шатыг алгасан нэг алхмаар нийгмийн шатлалын хамгийн оргилд хүрчихжээ.
Зүгээр нэг иргэн ч биш.
Өндөр зэрэглэлтэй иргэн ч биш.
Хамгийн дээд зэрэглэлийн иргэн.
'Долоодугаар зэрэглэл... Үүнээс дээш зүйл ерөөсөө байдаггүй.'
Эцэст нь түүний царай өөрчлөгдөн барайлаа.
Тэр Жэт рүү харан намуухан хоолойгоор асуув.
"Сэрэлтийн дараа иргэн болох нь ойлгомжтой. Гэхдээ... долоодугаар зэрэглэл гэж үү? Энэ арай дэндүү биш үү?"
Мастер Жэт инээв.
"Санлесс... чи яг юу хийснээ үнэндээ ойлгоогүй байна"
Санни ямар ч инээдгүй харцаар түүн рүү хараад хэлэв.
"Би бол ойлгож байгаа гэж бодож байна. Гэхдээ надад хэлээд өг."
Тэр толгой сэгсрэн санаа алдав.
"Сонс. Сүүлийн хэдэн жилд Зүүдний ертөнцөөс эргэн ирсэн бүх Идэвхгүй хүмүүсээс ердөө тавынх нь хувийн хэрэг дээр SS гэсэн тэмдэглэгээ тавигдсан. Чи тэдний нэг нь."