394-р бүлэг : Нэг цохилт
Лео Страйкер Колизейд гарч ирээд эргэн тойрноо үл ялиг дурсамжтайгаар ажиглав. Хэдэн жилийн өмнө, карьераа дөнгөж эхэлж байхдаа тэр энэ талбайн байнгын зочин байсан юм. Бүх зүйл яг эндээс эхэлсэн.
Мэдээж цаг хугацаа өөрчлөгджээ.
Хүмүүс өөрийг нь танихаас өмнөх хэдхэн мөчийг ашиглан Лео өргөн инээмсэглээд хэлэв.
"За, за, за. Залуусаа, би Даваа гарагийн Нээлттэй Өдрийг мартчихна гэж үнэхээр бодсон юм уу? Мэдээж үгүй! Энэ бол ариун уламжлал... АРИУН уламжлал, залуусаа. Страйк Форсын ахмад үзэгчид намайг сонирхогчдын талбайгаас хэрхэн эхэлснийг санаж байгаа байх. Одоо би гайхалтай, алдартай, бас туйлын царайлаг од болсон болохоор хааяа энд эргэн ирэх ёстой. Мэдэж байгаа биз дээ... даруу хэвээрээ үлдэхийн тулд."
Түүний шууд дамжуулалтыг тухайн үед хорин мянга орчим хүн үзэж байсан бөгөөд бараг бүгд шоолсон сэтгэгдлээр дэлгэцийг дүүргэв. Зүүдний Орон алдартай тулаанчдад зориулан өгдөг Шууд Дамжуулгын Цонх руугаа хараад Лео инээмсэглэн нүдээ ирмэв. Үзэгчдийнх нь хөгжилтэй ёжлол түүнийг ч бас хөгжөөжээ.
Лео Страйкер Зүүдний Орон дахь хамгийн шилдэг тулаанч биш ч өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд ур чадвар, үзүүлбэрийн хэв маяг, нийтэч зангаараа асар олон дагагчтай болсон байв. Тэр ч байтугай өөрийн болон хэдэн найз дуэлистийнхээ ашигладаг тулааны хэв маягийг олон мянган залуу Сэрэгсэд биширч дагах болжээ.
Үүний үр дүнд Архирах Арслангийн Цохилтын хэв маяг сонирхогчдын дунд хамгийн алдартай урлагуудын нэг болсон бөгөөд түүний хөгшин багш шинэ шавь нарын урсгалд дарагдах болсон юм. Энэ нь Леогийн сэтгэлийг үнэхээр дулаацуулдаг байлаа. Багшийнхаа ачийг өчүүхэн ч болов хариулж чадсандаа тэр баяртай байсан.
Лео ихэнх цагаа мэргэжлийн лигийн дээд түвшний тулаанд өнгөрөөдөг байв. Харин Даваа гараг бүр нэг хоёр нийтийн зүүдээр зочилж, шүтэн бишрэгчидтэйгээ ярилцан, хэдэн сонирхогчтой тулалдаж, зөвлөгөө өгдөг нь түүний олон нийтэд барьдаг хариу талархал байлаа.
Өнөөдөр яг тийм Даваа гараг.
Колизейг тойруулан хараад арваад метрийн цаана багахан бөөгнөрөл байгааг анзаарч тийш алхав. Дөхөх тусам догдолсон дуу хоолой сонсогдов.
"Хөөе... тэр Лео Страйкер биш биз?"
"Үгүй байлгүй дээ... байз! Мөн байна! Тэр гайхалтай хуягийг нь би нүдээ аниад ч танина!"
"Лео! Чамд хайртай шүү, хөгшөөн! Урьдынх шигээ хэвээрээ байна!"
"Страйк Форсын Архираа! Би хоёр жил чиний шууд дамжуулалтыг үзэж байна, Лео!"
Леогийн нүүрэнд эелдэг инээмсэглэл тодорлоо. Хэдэн шүтэн бишрэгч рүүгээ даллаад тэр соригчдын бөөгнөрөлд хүрч, голд нь ганцаараа зогсох хүнийг харлаа.
'Хөөх! Энэ нөхөр үнэхээр стиллэг юм!'
Бөөгнөрлийн төвд зогсох эр хар оникс хуяг өмссөн байлаа. Тэр хуяг нь сүрлэг, харанхуй сүр хүчийг цацруулна. Нүүрийг нь аймшигтай хар баг халхалсан бөгөөд дээрээс нь тахир гурван эвэр титэм мэт цухуйжээ. Үс нь цав цагаан, харин нүд байх ёстой газарт хэмжээлшгүй харанхуй хоёр ангал л байлаа.
Түүний сонгосон зэвсэг нь өнгөө алдсан хар гангаар хийгдсэн урт муруй одачи. Ир нь мөрөн дээр нь амарч, хуурмаг нарны гэрлийг хүртэл залгиж байгаа мэт санагдана.
Тэр үл таних этгээд хүнээс илүү чөтгөр шиг харагдаж байлаа.
Лео бахдан шүгэлдэв.
'Бас шууд дамжуулагч юм болов уу? Хм... эдгээр Дурсамжийг огт танихгүй юм байна.'
Тэр чөтгөр мэт дайчны мэдээллийг шалгав.
"Монгрел"
"Ялалт: 27"
"Ялагдал: 0"
'Шинэ хүн... гэхдээ авьяастай юм! Ялагдал үгүй үзүүлэлттэй хүн ховор доо!'
Ямартай ч энэ залуу камерын өмнө үнэхээр гайхалтай харагдаж байлаа. Ур чадварын ялгаанаас болоод тулаан нь тийм ч сонирхолтой биш байх ч дүр зураг нь үнэхээр сүрлэг болно.
Монгрелын төгс амжилтыг эвдэх гэж байгаадаа Лео бага зэрэг эвгүй санагдсан ч хариуд нь хэрэгтэй зөвлөгөө өгнө. Энэ нь хавьгүй үнэ цэнтэй.
Хэн мэдлээ. Нэг өдөр мэргэжлийн талбай дээр дахин уулзах ч юм билүү.
Үл үзэгдэх камер руу хараад Лео нэг хөмсгөө өргөн асуулаа.
"Страйк Форс, та нар юу гэж бодож байна? Тэнд байгаа тэр харанхуй бас царайлаг залууг сорих уу?"
Үзэгчид зөвшөөрч буйгаа илэрхийлмэгц тэр Монгрелын өмнө очоод найрсгаар инээмсэглэв.
"Сайн уу, найз аа. Их том сэлэм байна шүү. Чи энийгээ ер нь ашиглаж чаддаг юм уу?"
Өрсөлдөгчөө өдөх нь ч бас Зүүдний Орны нэгэн ариун уламжлал бөгөөд Лео энэ тал дээр нэлээд гарамгай.
Монгрел үл ялиг хөдөлж түүн рүү эргэв. Тэр аймшигтай баг Леог ширтэхэд ямар ч шалтгаангүйгээр нуруугаар нь хүйт даав.
"Үгүй."
Лео инээд алдав.
"Үгүй гэж үү? Өөрийнхөө сэлмийг ашиглаж чаддаггүй юм уу? Тэгвэл надаар заалгамаар байна уу?."
Чөтгөр мэт дайчин түүнийг ширтсэн хэвээрээ, өчүүхэн ч хөдөлсөнгүй.
"Үгүй."
'Энэ нөхөрт юу тохиолдоо вэ? Өөр үг мэддэггүй юм уу? Алив ээ, жаахан хамтраад жүжиглэч. Энэ тулааныг үзэгчидэд сонирхолтой болгох гэж би энд үхэх нь...'
Санаа алдан Лео нэг алхам урагшилж, өөрийн сэлмээ сугалаа.
Үзэгчдийн сэтгэгдэл дахин дэлбэрэх мэт урсаж, яг тэр үед Зүүдний Орны дуу хоолой ийнхүү зарлав.
"...Лео Страйкер Монгрелыг сорилоо!"
---
'Хараал ид гэж!'
Санни цэнхэр хуягтай залууг ширтэн азгүйтлээ зүхэв.
'Яагаад тэр намайг ойлгохгүй байна аа?!'
Нэхэгчийн Баг зүүсэн үедээ тэр үнэн үг хэлж чаддаггүй ч энэ хүнтэй тулалдах хүсэлгүй байгаагаа ямар нэгэн байдлаар ойлгуулахыг хичээсэн.
Гэвч ямар ч үр дүн гарсангүй.
Шинэ соригчийн эсрэг түүнд хувийн өс хонзон байгаагүй. Зүүдний Орон түүнийг Лео гэж дуудсан билүү?
Асуудал нь ердөө нэг.
Залуугийн алхах байдлыг хараад л Санни түүнийг бусадтай адил хараал идсэн тулааны хэв маяг ашигладаг болохыг мэдэв.
Тэр хэв маяг өнөөдөр Саннитай хангалттай их таарсан.
'Өөх...'
Бодит ертөнцөд байх хугацаа нь хязгаартай байсан болохоор хугацаа дуусахаас өмнө илүү олон төрлийн өрсөлдөгчтэй учрахыг тэр үнэхээр хүсэж байлаа.
'Магадгүй дараагийнх нь өөр байх ч юм билүү.'
Тиймээс энэ тулааныг аль болох хурдан дуусгасан нь дээр.
Намрын Навч дээр байсан баяр хөөртэй сүүдрээ өөрийн биед буцаан оруулж, Санни Сүнсний Могойгоо доош буулгаад нэг алхам урагшлав.
Харин өрсөлдөгч нь инээмсэглээд,
"Эхний хичээлээ заая. Чи үргэлж..."
'...тулалдахдаа дуулга өмсөж сур, тэнэг минь.'
Санни огцом дайрч, Леогийн цохилтыг төвөггүй зайлуулан, тэрхүү хөдөлгөөнөө үргэлжлүүлэн толгойг нь нэвт сүлбэв.
Яриа сайтай залуугийн цогцос газарт унаж очны бороо болон бутрахад Санни одачигаа нэг эргүүлэн цусыг нь цэвэрлээд, өмнөх байрандаа буцаж ирэн мөрөн дээрээ хайхрамжгүй тавилаа.
'Бурхан минь, дараагийн хүн өөр тулааны хэв маягтай байгаасай. Үгүй бол... би үнэхээр галзуурах нь байна!'
---
Лео Страйкер хязгааргүй хар хоосон орон зайд амаа ангайсан чигээрээ зогсож байгаагаа мэдрэв.
Үзэгчид нь ч бас урьд өмнө байгаагүйгээр нам гүм болов.
'Нэг цохилт... ганцхан цохилт! Тэр намайг ганцхан цохилтоор алчихлаа гэж үү?'
Тэр хэсэг зогссоноо үл үзэгдэх камер руу эргэн эвгүйхэн инээмсэглэв.
"Тэр чинь... аан... үнэхээр санаанд оромгүй байлаа, тийм биз дээ, залуусаа?"
Дараа нь инээмсэглэл нь улам өргөсөж, энэ удаад чин сэтгэлийнх болов.
"Страйк Форс, ийм хүнийг л хүмүүс...баас дундаас очир алмааз оллоо гэдэг юм! Үнэхээр гайхалтай аз! Тийм ээ, цэвэр аз таарчихлаа. Аан, тийм... энэ мөчийг бичиж авсан хүн байна уу?"