389-р бүлэг : Өөрийн гэх газар
Санни хүнээр дүүрэн нийтийн галт тэрэгний вагонд хэсэг хугацааг өнгөрөөв. Хувийн тээврийн хэрэгсэл ховор, үнэтэй төдийгүй худалдан авахын тулд төрөөс олгодог тусгай зөвшөөрөл шаарддаг байсан тул хотын ихэнх хүмүүс нийтийн тээврээр зорчдог байлаа. Соронзон галт тэргийг хүмүүс ихэвчлэн зүгээр л трамвай гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хамгийн хямд, хамгийн өргөн хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл байв.
Хотын захад амьдарч байхдаа Санни трамвайгаар явах шаардлага бараг гардаггүй байсан. Харин суух үед нь хүмүүс түүнд бараг анхаарал хандуулдаггүй байлаа. Зарим нь бүр түүнийг анзаарахгүй байх гэж хичээдэг байсан.
Харин одоо байдал өөрчлөгджээ. Санни нүдээ анин, ямар нэгэн аюул байгаа эсэхийг Сүүдрээрээ дамжуулан вагоныг ажиглаж байлаа. Аюул байсангүй. Гэвч хүмүүс, ялангуяа залуу эмэгтэйчүүд түүн рүү үе үе сониучирхан харж байгааг анзаараад гайхав.
'Хмм... Сүнсний Могой харагдаад байгаа юм болов уу?'
Гэвч үгүй. Түүний ханцуй Сүүдрийн ороомгийг бүрэн халхалж байлаа.
'Хачин юм. Хувцаснаас болсон байх.'
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Санни Академийн гадуур төдийлөн гарсангүй. Гэхдээ нэг удаагийн гарцаар явахдаа даруухан хэрнээ нэлээд үнэтэй энгийн хувцас авчээ. Кайгийн хэлснээр тэр хувцас нь "даруухан атлаа дэгжин" байсан гэнэ. Энэ ямар утгатайг Санни сайн ойлгоогүй. Тэр зүгээр л дэлгүүрт байсан хамгийн эвтэйхэн, бараан өнгийн хувцсыг сонгосон юм.
Тэр санаа алдав.
'Хүмүүс ямар өнгөцхөн юм бэ? Хэдэн хувцсаа солиод өмсчихсөн чинь гэнэт бүгдийн анхаарлын төвд орчихлоо. Охид яагаад ийм материалаг юм бол?'
...Үнэнийг хэлэхэд, эрчүүд ч бас түүн рүү нэлээд ширтэж байлаа.
Санни буух буудалдаа хүрэх үедээ бага зэрэг тавгүй болжээ. Хүнээр дүүрэн трамвайг ардаа орхин тайвширсан мэт санаа алдаад, гараа халаасандаа хийж, танил буудлын терминалаас гарлаа.
Түүний ирсэн дүүрэг хотын төвтэй нэлээд ойрхон, хотын захаас төсөөлөхийн аргагүй хол байв. Нам гүм, тайван, ногоон байгууламжаар дүүрэн газар.
Агаар нь бараг л Зүүдний ертөнцийнх шиг цэнгэг байлаа.
Эндхийн байшингууд ч Саннигийн дассан зөгийний үүр мэт бөөгнөрсөн өндөр барилгуудаас тэс өөр байв. Хачирхалтай нь бүгд хоёр, гурван давхраас хэтэрдэггүй намхан. Газрыг зориудаар шаталсан хэлбэртэй болгож, гудамж бүр өөрийн гэсэн өргөн дэнж дээр байрлажээ. Энд цас аль хэдийн хайлж, үзэсгэлэнт зүлэг ногоо ил гарсан байв. Бүхэл бүтэн дүүрэг яг л аварга том цэцэрлэг шиг харагдана.
Мэдээж хүн бүр энд амьдрах боломжгүй. Оршин суугчдын ихэнх нь боломжийн чинээлэг эсвэл төрийн албан хаагчид байлаа. Гэхдээ иргэдийн дундаас хамгийн өндөр зэрэглэлтэй хүмүүс ч биш. Хотод үүнээс ч хавьгүй тансаг дүүргүүд байсан бөгөөд жинхэнэ элитүүд, мөн ихэнх Сэрэгсэд тэнд амьдардаг байв.
Гэхдээ энэ нь Саннид энэ газрыг таалагддаг шалтгаануудын нэг байлаа. Өдөржин, өдөр бүр өөр Сэрэгсдийн дунд байх шаардлагагүй. Ер нь бол хэний ч дэргэд байхгүй байсан нь дээр.
Тэр терминалаас хүссэн хаяг хүртлээ арван таван минут орчим алхав. Мэдээж Сүүдрүүдээр дамжин үсэрвэл хамаагүй хурдан хүрэх байсан. Гэвч Санни Зүүдний ертөнц болон Академиас гадуур Аспектийн чадвараа ашиглах дургүй байлаа. Ингэхээр өөрийгөө хүн шиг мэдэрдэг байсан юм.
Эцэст нь тэр өөрийнх нь болох байшингийн өмнө ирж, хэдэн минут чимээгүй ширтэн зогсов.
Түүний өмнөх байшин хоёр давхар, саарал ханатай, налуу вааран дээвэртэй байлаа. Нийлэг модон үүдний тавцан, жижиг зүлэг, өргөн зочны өрөөг харуулах том цонхтой. Бас хувийн тээврийн хэрэгслийн гарааж, хөршүүдээс тусгаарлах сөөг бутан хашаатай ажээ.
...Яг л үлгэрээс гарч ирсэн мэт.
'Яасан тансаг юм бэ...'
"Ахм... Сэрэгч Санлесс? Эрхэм ээ?"
Мэдээж ойролцоо нэг хувийн тээврийн хэрэгсэл ирж зогсоод, нэгэн эр буун араас нь дөхөж ирснийг Санни мэдэж байлаа. Зүгээр л энэ сайхан мөчийн жинд автсан тул анзаараагүй дүр үзүүлсэн хэрэг.
Тэр эргэн харж, өөрийг нь дуудсан хүнийг ажиглав.
Намхан, тарган биетэй, маш үнэтэй захиалгаар оёулсан хослол өмсөж, эртний тансаг бугуйн цаг зүүсэн эр байлаа. Гадаад төрх нь ямар ч байсан өөртөө дүүрэн итгэлтэй бөгөөд нүүрэнд нь өнгөлөг, мэргэжлийн инээмсэглэл тодорчээ.
Санни түүн рүү эргэлзсэн харцаар хэсэг ширтээд,
"…Ланард, биз дээ?" гэж асуулаа.
Саннигийн шинэ гэрийг тохижуулах ажлыг хариуцсан агентлагийн төлөөлөгч Ланард баяртайгаар толгой дохив.
"Яг мөн. Аан, та миний нэрийг тогтоосон байна гэдэг үнэхээр нэр төрийн хэрэг юм, эрхэм ээ. Үнэхээр."
Тэр байшин руу дохин инээмсэглэв.
"Ямар санагдаж байна?"
Санни хэсэг тээнэгэлзээд, хайхрамжгүй дүр эсгэн мөрөө хавчив.
"Яах вэ, дажгүй л юм."
Ланард хэсэг азнаад, улам өргөн инээмсэглэв.
"Мэдээж тан шиг хүний хувьд үүнээс хавьгүй тансаг орон сууцанд дассан байдаг биз. Гэхдээ манайхны ажлаас сэтгэл дундуур үлдэхгүй гэдгийг би баталж чадна! Энэ байшин таны дассан газрын хэмжээнд хүрэхгүй ч бид бүхнийг таны шаардлагын дагуу хийсэн. Хэдийгээр... байршлын сонголт тань бидэнд нэлээд сорилт болсон. Ялангуяа хийсэн өөрчлөлтүүдийн жинхэнэ мөн чанарыг нууцлах шаардлагатай байсан болохоор."
Санни нүүрний хувирлаа өөрчилсөнгүй. Ланард яг юу яриад байгааг, бас өөрийг нь ямар хүн гэж бодоод байгааг ойлгохыг оролдов. Үнэнийг хэлэхэд, байшин худалдаж авахаар шийдэхдээ тэр зүгээр л Мастер Жеттэй холбогдож, хаана байшингаа бариулахыг хүсэж байгаагаа болон дотор нь байлгахыг хүссэн хэдхэн зүйлийг хэлсэн. Харин Жет түүнд юу хийхийг зөвлөхийн оронд ердөө хэдхэн утасны дуудлагаар бүхнийг зохицуулчихсан юм.
Тэгээд одоо тэр энд зогсож байлаа.
Энэ хооронд Ланард түүн рүү сониучирхан харж, хэсэг эргэлзсэний эцэст болгоомжтойгоор асуув.
"Дашрамд... хэрэв асуухад дургүйцэхгүй бол, эрхэм ээ... энэ үзэсгэлэнт байшинг өмнөх оршин сууж байсан газартайгаа харьцуулбал ямар санагдаж байна вэ? Мэдээж би зөвхөн мэргэжлийн үүднээс сонирхож байгаа юм. Үүнийг үйлчлүүлэгчийн санал асуулга гэж бодоорой!"
Санни тухтай саарал байшингаа хэсэг харж бодолхийлээд, үнэнээ хэлэв.
"За... миний өмнөх газар үүнээс зуу дахин том байсан. Ихэнхдээ байгалийн чулуу, гантигаар баригдсан, эртний модон тавилгатай, бас маш онцгой нууц гяндантай. Өө, бас хамгаалалтыг нь нэг Нүгэлт Ад зэтгэр хариуцдаг байсан."
Ланард түүн рүү хэсэг хугацаанд өнөөх өргөн инээмсэглэлээ хадгалсан хэвээр ширтэв.
Гэвч түүний царай аажмаар сааралтаж эхэлжээ.
Хэсэг хугацааны дараа тэр хэд ханиалгаад, сөөнгө хоолойгоор хэлэв.
"Гайхалтай... үнэхээр гайхалтай... ахм. Тэгвэл дотогш орж үзэцгээх үү?"