397-р бүлэг : Монгрелийн мэргэн ухаан
Хүмүүс түүний жинхэнэ хэн болох, гарал үүсэл, байр суурийн талаар өчүүхэн ч гэсэн сэжүүр олохын тулд түүний хийсэн үйлдэл, хэлсэн үг бүрийг дахин дахин нягталж байлаа.
Олж мэдэх зүйл төдийлөн их байгаагүй ч аажмаар тэд түүний үг бүрийг гүн утга агуулсан мэтээр хүлээн авч эхлэв.
...Үнэндээ хүмүүс түүний үгэнд байхгүй их утгыг хүртэл олж харсан юм. Гэтэл тэдгээр нь ердөө л Санни [Энгийн Заль] Шидийн сайжруулалтын шаардлагыг биелүүлэхийн тулд тухайн үедээ яаран зохиосон эв хавгүй худал үгс байлаа. Тэр хэзээ ч, хэзээ ч гүн ухаантай зүйл хэлэхийг зорьж байгаагүй.
Гэхдээ хүмүүсийг энгийн зүйлийг хэт төвөгтэй болохыг хэзээ зогсоож байсан юм?
Санни өөрөө юу ч мэдэлгүй байхад Монгрел... өөрийн гэсэн философитой болжээ.
"Чи Колизейд шинээр ирсэн юм уу?"
"...Би Колизейд төрсөн."
Сургуулийн цайны газарт сууж байсан хоёр сурагч хямдхан Холбооны хэрэгсэл рүүгээ ширтэн, нүд нь догдлолоор гэрэлтэж байлаа.
Нэг хүү хөмсгөө зангидаад будилсан янзтай асуулаа.
"Би ойлгохгүй байна... тэр юу гэсэн үг юм бэ? Колизей чинь Зүүдний Орны талбар биз дээ? Хүн тэнд төрнө гэж яаж байх вэ?"
Найз нь үл тоомсорлосон өнгөөр толгой сэгсрэв.
"Тэнэг минь дээ! Ойлгохгүй байна гэж үү? Монгрел Зүүдний Оронд төрсөн гэж хэлээгүй. Тэр тулаан дуд төрсөн гэсэн үг. Эртний гладиаторууд хүсээгүй мөртлөө үхтлээ тулалдахаар албадуулдаг боолууд байсан. Сэрэгсэд ч гэсэн ялгаагүй биз дээ? Тэд Хар дарсан зүүдний Хараалаар халдварлаж, амьд үлдэхийн тулд Хар дарсан зүүдний мангасуудтай тулалдахаас өөр сонголтгүй болсон. Тэр утгаараа бүх Сэрэгсэд Колизейд төрсөн хүмүүс юм..."
Хотын захад хэдэн ажилчин богинохон завсарлагааны үеэр цугларчээ.
"Чи ер нь хүн мөн үү?"
"Хүн гэж юу юм? Би хүн биш, бас хэзээ ч хүн байгаагүй."
Нэг ажилчин биеэ арзайлгав.
"Аймаар юм... Монгрел үнэндээ бодит ертөнцөд нэвтэрсэн Хар дарсан зүүдний мангас юм биш байгаа?"
Нөгөө нь толгой сэгсэрэв.
"Үгүй ээ, мэдээж биш."
Эхнийх нь санаа алдав.
"Тэгвэл яагаад өөрийгөө хүн биш гэж хэлсэн юм?"
Хоёр дахь ажилчин тэдний цэвэрлэж байсан үйлдвэрийн агаар шүүгчийн бохир яндан руу хараад, дараа нь эвэршсэн хоёр гараа ширтэв.
"Хүн байна гэдэг чинь ер нь юу гэсэн үг юм? Чи бид хоёрыг үнэхээр хүн гэж боддог юм уу? Үгүй дээ, тэнэг минь. Тэр Монгрел чамаас хавьгүй илүү ухаантай. Хоёр гар, хоёр хөлтэй байлаа гээд хүн болчихдоггүй гэдгийг тэр ойлгосон. Амьдрал ямар байдгийг тэр мэддэг..."
Гурав дахь ажилчин яриаг нь сонсож байснаа ярвайв.
"Тэгээд яах юм? Тийм ээ, тэр ойлгосон байж болно. Гэхдээ би түүнийг гомдоллож байхыг хараагүй. Тэр өөрт оногдсон хувь тавиланг хүлээн зөвшөөрөөд өөрийгөө... хараал идсэн сэлэмт чөтгөр болгосон. Харин чи юу хийсэн юм? Миний бодлоор бидэнд өгөх гэсэн сургамж нь энэ. Өөрөө хүн шиг авирлахгүй бол хэн ч чамайг хүн гэж үзэхгүй..."
Тэднээс хол, Академийн Нойрсогчдын цогцолборт хэсэг залуус дэлгэц ширтэн сууж байлаа.
"Нэлээд том сэлэм байна шүү. Чи ер нь түүнийг ашиглаж чаддаг юм уу?"
"Үгүй."
"Үгүй гэж үү? Сэлмээ ашиглаж чаддаггүй юм уу? Тэгвэл надаар заалгамаар байна уу?"
"Үгүй."
Нэг Нойрсогч толгойнхоо арыг маажсанаа асуулаа.
"Би ойлгохгүй байна. Монгрел яагаад сэлэм хэрэглэж чаддаггүй гэж худал хэлсэн юм бэ? Тэр чинь маш туршлагатай тулаанч гэдэг нь илт байна. Магадгүй бүр Өв залгамжлагч ч байж мэднэ! Леог өөрийг нь дутуу үнэлүүлэх гэсэн юм болов уу?"
Хажууд нь зогсож байсан нэгэн охин инээд алдав.
"Тэр худал хэлээгүй. Монгрел Леог хуурах ямар хэрэгтэй юм? Ямар ч байсан шударгаар ялчих байсан. Үгүй ээ, түүний үгэнд илүү гүн утга бий."
Өөр нэг Нойрсогч хөмсгөө өргөв.
"Ямар утга?"
Охин учир мэдсэн мэт инээмсэглэв.
"Лео Страйкер шиг онгироо тулаанч л сэлмийг бүрэн эзэмшсэн гэж хэлнэ. Харин Зүүдний Оронд эрх танхи Сэрэгсэдтэй тоглохын оронд Хар дарсан зүүдний мангасуудтай тулалддаг жинхэнэ мастер өөрийн мэддэгээсээ хязгааргүй ихийг сурах ёстой гэдгээ ойлгодог. Монгрел яг үүнийг хэлсэн. Хэчнээн чадварлаг байсан ч тэр өөрийн ур чадвар, хүчийг бүхэл бүтэн ертөнцийн хэмжээнд авч үзвэл нялх хүүхдийнхтэй адил гэдгийг ойлгож байгаа."
Найз нь хэсэг дуугүй байснаа асуулаа.
"Тэгвэл яагаад цаашид сурахыг хүсэхгүй байна гэж хэлсэн юм?"
Охин толгой сэгсрэв.
"Тэр сурахыг хүсэхгүй байна гэж хэлээгүй. Леогоор заалгахыг хүсэхгүй байна гэсэн юм. Сэрэгчийн жинхэнэ дайсан бол бусад хүмүүс биш, Хар дарсан зүүдний Хараал. Тийм учраас Монгрел хүмүүстэй тулалдан суралцахыг хүсдэггүй. Хэдийгээр тэгэхээс өөр аргагүй байсан ч гэсэн. Бас Монгрел шиг хүчтэй хүн бол тулааныг ганцхан цохилтоор дуусгаж чадна. Харин жинхэнэ хүч гэдэг бол... ерөөсөө цохилт хийх шаардлагагүй байхыг хэлдэг. Магадгүй Монгрел яг үүнийг хүсэж байгаа байх. Дахиж хэзээ ч сэлмээ сугалах шаардлагагүй болох хэмжээнд хүрэхийг..."
Тэднээс хэдхэн зуун метрийн зайд Академийн эмнэлгийн цогцолбор руу тэргэнцэртэйгээ явж байсан нэгэн залуу эмэгтэй Холбооны хэрэгслээ хөгжилтэй инээмсэглэлтэйгээр ширтэж байлаа.
"Та энэ сонирхогчдын талбай дээр юу хийж яваа юм бэ?"
"Би энд сурсан бүхнээ мартахаар ирсэн."
Ялангуяа энэ үг нь сүлжээгээр хамгийн их маргаан дэгдээсэн эшлэл болжээ. Тулаанчдийн хүрээлэлд бүр философийн хэмжээний маргаан өрнөв. Тоо томшгүй олон Сэрэгсэд энэ үгийн жинхэнэ утгыг халуун мэтгэлцээнээр хэлэлцэж байлаа. Монгрел яг юуг хэлэх гэсэн нь хэнд ч тодорхой биш байсан ч хүн бүр дор бүрнээ нэг онолтой байв.
Харин бүгдийн санал нийлсэн ганц зүйл нь тэр богинохон өгүүлбэр тулааны мөн чанар, түүнийг хэрхэн жинхэнэ мастерын түвшинд эзэмших тухай маш гүн гүнзгий мэргэн ухааныг нууж байгаа гэх ойлголт байлаа.
...Харин Эффи бол тэгж бодсонгүй.
Тэр Холбооны хэрэгслээ хараад толгой сэгсрэн хэлэв.
"Мартахаар ирсэн гэж үү? Хөөх. Тэр нөхөр толгойгоо арай дэндүү олон цохиулчихсан юм биш үү. Яасан мангар амьтан бэ."
Дараа нь тэр дүрсийг дахин нэг хараад нэмж хэлэв.
"Тэгээд бас тэр хуяг нь яагаад нэлээд танил харагдаад байгаа юм бол? Нэг хором Саннигийн Сүүдрийн хувилбар галзуурчихсан юм байх гэж бодлоо. Ха ха, ямар хөгжилтэй санаа вэ... Саннигийн царайг харах ч ёстой үнэлж баршгүй байх байсан даа!"
Ингээд тэр толгой сэгсэрч, Холбооны хэрэгслээ унтраагаад цааш явлаа.
Эффид Монгрел мэтийн юмны талаар бодож цагаа үрэхээс хамаагүй чухал ажил байсан.
Харин дэлхийн бусад хүмүүсийн хувьд бол...тийм биш байв.