101-р бүлэг : Нутаг дэвсгэрийн дайн
Кастер Зүүдний ертөнцөд хотын ойролцоо орж ирэхүйц аз таарч, тэд гурваас өмнө цайзад хүрсэн байлаа. Санни, Нефис, Касси гурав хүмүүсийн сууринг олж очих үед, тэр аль хэдийн тэндээ нэр хүндтэй, байр сууриа олсон байсан юм.
Авьяастай Өв залгамжлагч хүн Ганлаугийн армид дэвших боломж зөндөө байсан ч, Кастер хараат бус хэвээр үлдэхийг сонгож, эцэст нь Өөрчлөгдөж буй Одын бүлэгт нэгдсэн. Ингэснээр тэдний тулааны хүч, нэр хүнд огцом өссөн билээ.
Эргээд бодоход, Саннигийн бүх асуудал яг тэндээс л эхэлсэн юм шиг санагдана.
“Тийм ээ, бүх буруу түүнийх. Минийх лав биш. Яг үнэн!”
Шүдээ зуун, Санни хүнд авдрыг өшиглөж, шивнэн хараалаа. Тэгээд юу ч болоогүй мэт царайлан, гялалзсан инээмсэглэл тодруулсаар нууц танхимаас дахин гарч одов.
Доор харин байдал улам сонирхолтой болж байлаа. Цусны үнэрт татагдан хэд хэдэн мангас шинэхэн цогцос зооглохын тулд нурсан сүм рүү орохыг оролдов. Гэвч Хар Хүлэгт Баатар урьдын адил уур хилэнгээр дүүрэн байв. Санни тулгуур дам нуруун дээр авирах зуур, тэр аль хэдийн хүний арьсаар бүтсэн мэт харагдах, аварга том цөгөрцөгтэй төстэй амьтныг гөлөг болгож байлаа.
Эхэндээ Санни таван азгүй танхай этгээдийн үлдээсэн эд зүйлсийг шалгахаар төлөвлөсөн ч, догшин тулааныг хараад бодлоо өөрчилжээ. Дараа хийсэн нь дээр биз.
Түүнээс гадна, түүний сүүдэр аль хэдийн цусанд хутгалдсан үлдэгдлүүдийг нэгжиж үзээд, үнэхээр үнэ цэнтэй зүйл огт байгаагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн байв.
Цаг алдалгүйгээр Санни сүмийн дээврээр зугтаж, Цуст зэтгэртэй тулалдсан газраа буцан очлоо.
***
Анчдын багийн ахлагчийн цогцос тэндээ хэвээр байв. Мэдээж, түүний бүх Дурсамж аль хэдийн алга болж, сахалтай эр зөвхөн ноорхой хувцастайгаа үлдсэн байлаа. Хүнд байлдааны сүх ч мөн байхгүй.
Санни санаа алдав.
“Тийм болохоор л хүмүүсийг алах нь ашиггүй байдаг юм.”
Түүний сүүдэр нэг гараараа нүүрээ дараад, урам хугарсан мэт толгой сэгсрэн, хэллэг нь тун тааруухан болсныг илэрхийлэхийг оролдов. Санни хөмсгөө атируулав.
“Юу гэнэ ээ? Огт тийм биш!”
Түүнд бол бүр ч тийм байлаа.
Нэг Сэрэгч нөгөөгөө алахад, дайсны сүнсний хэлтэрхийг хагалалгүйгээр ч ихээхэн хэмжээний сүнсний мөн чанарыг авдаг. Харин Санни энгийн Сэрэгч биш. Түүний Аспект нь сүүдрийн хэлтэрхийг залгих дээр суурилдаг.
Өөрөөр хэлбэл, дайсан нь урьд нь хэдэн зуугаар нь сүнсний хэлтэрхий шингээсэн байсан ч, Санни тэдний зэрэглэл, ангид тохирох тооны л сүүдрийн хэлтэрхий авна. Яг л Хар дарсан зүүдний мангас алсны дараахтай адил. Харин бүх Нойрсогч ердөө Идэвхгүй араатан тул, энэ тохиолдолд тэр тоо нь… нэг.
“Дөрвөн зуугаас ердөө ганцхан хэлтэрхий дутуу” гэж Санни сэтгэл гонсойсон өнгөөр хэлэв.
Ингэж их юм хийсний эцэст бараг юу ч үгүй…
Оюун санааных нь өчүүхэн, логик хэсэг нь хүмүүсийг алах нь ашиг багатайд үнэндээ бага зэрэг тайвширч байлаа.
Үгүй бол, түүний одоогийн байдалд… үгүй ээ, тэр тэгэхгүй. Хэзээ ч үгүй.
“Аан? Юу нь болохгүй гэж?”
Санни хэдэн удаа нүдээ анивчиж, дотоод дуу хоолойгоо хариулахыг хүлээлээ. Гэвч тэр нь этгээд чимээгүй байдалд байв. Мөрөө хавчсан Санни доош тонгойж, нас барсан эрийн биед нэгжлэг хийв. Ямар нэгэн үнэ цэнтэй зүйл олдоно гэж найджээ.
Гэвч дахин л урам хугарлаа. Түүний төсөөлж байсан шиг сүнсний хэлтэрхий дүүрэн уут байсангүй. Саннигийн олсон цорын ганц зүйл нь — өндөр танхай эрийн цамцны дотор нууцаар шургуулсан, сонин даавууны өөдөс байв.
Даавууг ажиглахад, бэхээр бүдүүлэг дүрсүүд зурсан нь харагдана. Зарим хэлбэр нь түүнд хачин танил санагджээ.
“Энэ чинь… газрын зураг уу?”
Тийм ээ, үнэхээр эртний маягийн газрын зураг байлаа. Түүний таньсан дүрсүүд нь хараагдсан хотын ойролцоох хэсгүүдэд байрлах янз бүрийн дурсгалт газрууд байв. Санни тэдний олонхыг цээжээрээ мэддэг, заримыг нь бүр өмнө нь судалж үзэж байсан.
“Эрдэнэсийн газрын зураг гэж үү?”
Гэнэт анчдын багийн яг энэ үед гарч ирсэн нь, дээр нь туршлагагүй байдал нь бүрэн утга учиртай болж ирэв. Тэд үнэндээ анчид байгаагүй. Харин цайзад суугаа ухаантай нэгэнд хууртагдаж, хуурамч эрдэнэсийн газрын зураг худалдан авсан тэнэгүүдийн бөөгнөрөл байжээ.
Ядаж л хамгийн боломжит тайлбар нь тэр байв.
Гэвч…
“Хэрвээ жинхэнэ бол яах вэ?”
Санни нүдээ анивчиж, газрын зургийг жигшил, шунахайн хольцтойгоор ширтэв. Үүнийг дагаж үзэх үү? эсвэл шууд хаях уу? Тэр шийдэж чадсангүй.
…Аз болоход, түүний бодлыг аймшигтай нижигнэх чимээ тасалдууллаа.
Түүнээс холгүйхэн байсан нэгэн барилга гэнэт нурж, гудамжийг тоос шороо, үйрмэг чулуугаар дүүргэв. Аварга том биет агаарт шидэгдэн, нөгөө хананд хүчтэй мөргөж, чулууны нуранги доош асгарав.
Тэр амьтан босохыг оролдсон ч, хэсэг татганаж байснаа хөдөлгөөнгүй болов. Муухай өмхий цус нь замын чулуун дээгүүр урсан асгарна. Маргаангүй үхсэн байлаа.
Санни газрын зургийг яаран хуягныхаа дотор нууж, юу болж байгааг ажиглах гэж сүүдэр лүү шумбан орлоо. Ойролцоо ууртай архирах дуу, ган мөргөлдөх чимээ сонсогдож, секунд тутам ойртсоор байв.
Хачирхалтай нь, хүний дуу хоолой огт сонсогдсонгүй.
“Хар дарсан зүүдний мангасуудын хоорондох тулаан уу?”
Ийм зүйл хараагдсан хотод ховор биш ч, Саннигийн мэдэхээр энэ гудамж, түүнтэй залгаа талбайн одоогийн амьтадтай өрсөлдөж чадах зүйл цөөн байлаа.
Эдгээр амьтад нь хотын оршин суугчдын дундах хамгийн хүчирхэг нь биш ч, өвөрмөц шинж чанараасаа болоод Санни тэднээс тахал мэт зайлсхийдэг байв. Тэр энэ талбай дээр өөрийнх нь тулалдахаар зориглохгүй, хүчирхэг олон мангасууд жижиглэн хэрчигдэж дуусахыг харж байсан.
Гэсэн ч, тэдний аль нь ч одоо талбайг хамгаалагчдад тулгарч буй шиг ийм их бэрхшээл учруулж байгаагүй ядаж л тулааны цөхрөнгөө барсан чимээнээс нь харвал.
Сониуч зан нь хөдөлж, Санни харж үзэхээр шийдэв.
Сүүдэрт нуугдан, тэр эртний нэгэн барилгын өндөр ханыг даган авирч, удалгүй дээвэр дээр нь гарлаа. Хөлөө болгоомжтой гишгэн, барилгын нөгөө захад хүрэх хүртлээ урагш алхав.
Тэндээс тэр өргөн уудам талбайг бүхэлд нь, харанхуй сүр жавхлантай нь харж чадлаа.
Талбайн голд хөдөлж буй хөшөө мэт нэгэн зүйл хэд хэдэн аварга биет мангасуудтай тулалдаж байлаа.