191-р бүлэг : Мөшгөгч
"Ямар нэг зүйл биднийг дагаж байна."
Саннигийн хөмсөг улам гүнзгий атирлаа. Цаг алдалгүй тэр урагшилж, Нефис, Кастер, Эффи гуравтай зэрэгцэв. Анчин бүсгүй түүн рүү харснаа үл ялиг царай нь чангарлаа.
"Сүүдэр чинь дайсан анзаарсан юм уу?"
Сүүдэр нь одоогоор багийнхнаас хэдэн зуун метрийн урд, аюулын шинж тэмдгийг хайж тагнуул хийж явсан.
Тэр толгойгоо сэгсрэв.
"Касси биднийг хэн нэгэн мөрдөж байгааг мэдэрсэн. Би сүүдрээ татаж аваад буцааж шалгуулна. Болгоомжтой байгаарай."
Эффи толгой дохилоо. Мэдээж, багийн замчийн хувьд тэр үргэлж сэрэмжтэй байдаг. Санни зүгээр л түүний хандлагыг өөрчлөхөд нь анхааруулж байв.
Тэд хоёр хамтран ажиллахдаа аль хэдийн дассан тул илүү үг хэрэггүй байлаа.
Санни сүүдэртээ буцан ир гэж тушаал өгөөд багийн ар тал руу шилжив. Тэнд очоод тэднийг хүрээлсэн сүүдрүүдэд анхаарлаа төвлөрүүлж, харагдахгүй ямар нэг зүйл байгаа эсэхийг мэдрэхийг оролдов.
Гэвч юу ч байсангүй.
Түүний өмнө багийн бусад гишүүд дуугүйхэн хамгийн муу тохиолдолд бэлэн байхаар өөрсдийгөө бэлтгэж байлаа. Үл мэдэгдэх мөшгөгчид өөрсдийг нь бэлэн гэдгийг мэдүүлэхгүйн тулд хэн ч зэвсгээ дуудсангүй. Толгойгоо ч эргүүлээгүй. Гэхдээ Санни тэдний булчингийн чангаралтаас энэ нам гүм байдал ямар ч мөчид хөдөлгөөний шуурга болж дэлбэрч болохыг харж байв.
Өөрчлөгдөж буй Од болон түүний багийнхан аймшигт нэр хүндээ зүгээр нэг олж аваагүй билээ.
Эцэст нь сүүдэр буцаж ирэхэд түүнд амсхийх ч боломж олголгүй Санни тэр даруй саяхан орхисон гудамжаа ажиглуулахаар явууллаа. Түүний мэдрэхүй сүүдрийн хараа болон өөрийнх нь харааны хооронд хуваагдав.
Сүүдэр холдох үед мэдэрдэг эмзэг байдал улам нэмэгджээ. Санни гүнзгий санаа алдах ба тэр багийн нэлээд ард хэсэгт байсан бөгөөд ямар нэг зүйл болбол хамгийн түрүүнд дайралтад өртөх нь тодорхой байсан тул нөхцал байдал улам дордож байлаа.
'Тайвшир. Ямар зүйл биднийг мөрдөж байгааг чи мэдэхгүй шүү дээ.'
Хэдэн хормын дараа сүүдэр нурсан барилгын харанхуйд нуугдан, тэднийг дагахын тулд заавал дайрах ёстой уулзварыг сэмхэн ажиглаж байв. Санни юу ч мэдэхгүй мэт дүр эсгэн алхсаар байлаа.
Хэдэн секунд түгшүүртэй нам гүм өнгөрөнө. Дараа нь дахин хэдэн секунд үргэлжилсээр.
'Хаана байна аа? Чи яг юу вэ?'
Нууцлаг мөшгөгчийн хэн гэдгээс шалтгаалан тэдний хариу үйлдэл өөр байх байлаа. Хэрэв энэ нь Хар дарсан зүүдний мангас бол тэд тулалдах эсвэл мөрөө алдагдуулах хэрэгтэй. Харин тэр амьтан эртний балгас дунд тэнүүчилдэг жинхэнэ аймшигт оршихуйнуудын нэг байж таарвал байдал үнэхээр төвөгтэй болно.
Мөн өөр нэг боломж байлаа. Тэднийг мангас биш, харин хүмүүс мөрдөж байж ч мэднэ. Ганлауг Өөрчлөгдөж буй Од болон түүний хүмүүсийг отож довтлуулахаар Анчдын багийг явуулсан ч байж магадгүй.
Хэрэв тийм бол Санни юу болохыг сайн мэдэхгүй байв. Гэхдээ дайсан тооны давуу талтай байсан ч тэд Цэргүүдийн довтолгоог дааж чадна гэдэгт тэр итгэлтэй байлаа.
Бусад нь ч мөн адил бодолтой байсан бололтой.
Хэдэн минутын дараа сүүдэр эцэст нь хөдөлгөөн анзаарлаа. Хэн нэгэн гудамжны голоор аажмаар алхаж байв. Тэр өөрийн оршихуйг нуухыг огт оролдоогүй. Эхэндээ Санни түүнийг Харанхуй хотыг дүүргэдэг амьд сүнснүүдийн нэг л гэж бодлоо. Хүний төрхтэй ч гаж хэлбэртэй, энгийн хар нөмрөгөөр мөч болон төрхөө халхалсан байв. Гэвч дараа нь...
Саннигийн зүрхийг гэнэт хүйтэн айдас атгсан юм.
Тэр нэгэн шилэн мэт амьгүй нүдийг Санни шууд хараад танив. Олон хүнийг айдаст автуулдаг тэр цонхийсон жигшүүрт царайг.
…Харус. Тийм ээ, энэ бол Харус байлаа. Жүбэйг нүцгэн гараараа тасчин хаясан, Ганлаугийн хэрцгий цаазлагч, нууц ир.
Жубэйг цаазалсан өдөр Гэрэлт Цайзын их танхимд байсан шигээ уйдсан төрхтэйгээр хараалт балгасаар алхсаар, Харус тэдний мөрийг дагаж байв.
Ганлауг Өөрчлөгдөж буй Од руу довтлуулахаар арван хэдэн Анчин явуулаагүй. Харин ердөө ганц хүн явуулжээ.
Санни дагжин чичрэсээр:
'Новш гэж. Яагаад... яагаад би тэр залуугаас ингэтлээ айна вэ?'
Гэхдээ тэр шалтгааныг нь мэдэж байгаа. Учир нь зүрхнийхээ гүнд тэр өөрсдийгөө адилхан гэж мэдэрч байлаа. Харус бол Саннигийн ийм хүн болохоос айж байсан бүх зүйлийн биелэл байв.
Айдсаа дарахыг хичээн Санни урагш алхаж, Нефис рүү харлаа. Дараа нь сөөнгө хоолойгоор хэлэв:
"Тэр... тэр хараал идсэн бөгтөр. Биднийг дагаж байна."
Агаар гэнэтхэн л хүндрэв. Харах шаардлагагүй ч Санни хүн бүрийн царай барайж байгааг мэдэж байлаа.
Харус бол нууцлаг хүн. Түүний Аспектын чадвар юу болохыг хэн ч мэдэхгүй, Дутагдал нь ч тодорхойгүй. Энэ аймшигт хүний талаар мэдэгдэж байгаа ганц зүйл нь тэр маш хүчтэй, мөн түүний нэг ч хохирогч амьд үлдээгүй явдал юм.
Үүнийг сонссон Нефис шууд л хөмсгөө зангидлаа.
"Тэр ганцаараа юу?"
Санни толгой дохин, ам нээв.
"Тийм."
Түүний баруун талд Кастер чимээгүйхэн ёжлов.
"Ганлауг юугаа бодож байгаа юм бол оо? Зургаан хүний эсрэг ганц хүн явуулна гэж үү?"
Гэвч Нефис түүний үл тоомсорлолыг хуваалцсангүй. Зүүн тийш эргэн Эффи рүү харлаа. Түүний царайд хүндхэн илэрхийлэл байв.
"Чи юу гэж бодож байна?"
Анчин бүсгүй хэсэг эргэлзээд дараа нь өөрийн өндөрөөс доош харж, товчхон хэлэв:
"Бид зугтах хэрэгтэй."
Кастер уурсан:
"Зугтах аа? Яагаад? Хэдий Харус хүчтэй байлаа ч бид нийлээд дарж чадна. Бидний хэн нь ч сул биш. Харин ганцаарчилсан тулаанд л чадахгүй байх..."
Кастерийг ингэж хэлмэгч Эффи толгойгоо сэгсрэлээ.
"Чи ойлгохгүй байна, Кастер. Бид нар Харусыг дийлэхгүй. Ер нь хэн ч дийлэхгүй. Олон хүн оролдсон, одоо тэд бүгдээрээ үхсэн."
Тэр шүдээ зуун үргэжлүүлэн хэлэн:
"Тэр бол хүний биед орсон мангас тэгээд мөн аймшигтай хүчтэй. Гэхдээ гол асуудал нь тэр биш. Хамгийн төвөгтэй нь хэн ч түүний Аспект яг юу болохыг мэдэхгүй явдал юм. Бидний мэддэг ганц зүйл бол Харус чамайг онилбол чи гарцаагүй үхнэ."
Тэр санаа алдан:
"Ганлауг Харусыг илгээх гэж байгааг мэдсэн олон хүнийг би харсан. Хүчтэй ч бай, сул ч бай. Зарим нь ганцаараа тулалдсан, зарим нь аймшигтай холбоотнуудаа цуглуулсан. Харин маргааш өглөө нь үхсэн хүмүүс л болсон. Хэдий их хүчтэй байсан, хэчнээн олон тоо байх нь ч хамаагүй. Хэн ч амьд үлдээгүй. Үлдсэн нь зөвхөн цус, цогцос..."