336-р бүлэг : Гарц
Харанхуйн гүнд, цамхгийн хананд нэгэн асар том тагт баригдсан байлаа. Тэр нь аварга бүтцийн төв хэсэгт бараг хүрэхээр сунан байрлана. Түүний гадаргуу дээр хугарч нурсан гантиг баганууд улаан шүрэнгийн байнгын ургалтад бүрхэгдэн, хаа сайгүй сүлжилдэнэ. Тэд дугуй хэлбэрийн тавцан руу хөтөлж, түүний чулуун гадаргуунд өргөн төмөр цагираг суулгасан байв.
Цагирагийн эргэн тойронд, танил гэрлээр анивчин гялалзах бичээсүүдийн гоёмсог хээ тодорч байлаа. Эдгээр нь Хараалтай харилцах бүрт Сэрэгсэдийн тоолж баршгүй олон удаа харж дассан яг тэр бичээсүүдтэй адил.
Гэвч Санни түүнийг анх анзаарсан шалтгаан энэ биш байв. Тавцангийн хамгийн этгээд зүйл нь, Цамхаг доторх бусад бүхнээс ялгаатай нь, улаан шүрэнгийн ямар ч ургалт огт байхгүй явдал байлаа. Цагирагийг хүрээлсэн чулуун гадаргуу хачин цэвэрхэн, огт халдварлаагүй мэт харагдана.
Сүүдрээрээ дамжуулан гялалзах бичээс, төмөр цагирагийг ширтэхэд Саннигийн сэтгэлд ямар нэг зүйл хөдөллөө.
Тэр үүнийг Гарц гэдэгт эргэлзсэнгүй.
Тэд маш ойрхон байв...
Тэр харж зогстол, гэнэт бүхэл Цамхаг доргив. Асар том шүрэн хэсгүүд хугарч унан, доорх салбаруудтай мөргөлдөн бутарч байлаа. Гэнэт Зүүдлэгчдийн Армийг хүрээлсэн харанхуй арай нимгэрч, нэвт харагдахуйц болов.
Тэднээс өндөрт, цацран гэрэлтэх гэрлийн цагираг хэд дахин тодров.
...Нефис Улаан Аюулд хүрчээ.
Бодолд автсан байдлаасаа салж, Санни төвөгшөөсөн царай гарган урагш үсрэн гүйж, замдаа хэд хэдэн големыг зүсэж унагав. Айдаст автсан Нойрсогчид хувь заяагаа түүнд даатган дагав.
Эртний цамхгийг нэвт донсолгосон чичиргээнүүд улам олширч, асар том шүрэн баганууд бүрэн нуран унах зуур тэд улам өндөрт өгсөж, эцэст нь тэр аварга тагт руу дөхөв.
Тэгээд эцэст нь, Санни үсрэн доош бууж, хатуу чулуун дээр газардлаа.
Хэдэн големыг бут цохиж, бусад нь дагах зай гаргаад тэр тагтан дээр хүрч ирж буй хүмүүсийг ажиглав. Нэг нэгээрээ Нойрсогчид аюултай шүрэнгээс үсрэн бууж, түүнтэй нийлэв. Түрүүлж ирсэн нь довтолж буй големуудыг тогтоон барьж, бусдыг буух боломж олгож байлаа.
Удалгүй зуу гаруй хүн бүгд тагтан дээр гарч амжив. Яг цагтаа. Хэдхэн секундын дараа дээрээс асар том нурсан хэсэг унан, тэдний ирсэн шүрэн мөчирийг нунтаглан сүйтгэв.
Санни хэсэг зогсон, дээрээс асгарах улаан хэлтэрхийг ажигласнаа, шийдэмгий харцаар эргэв.
"Хөдөлцгөө! Бараг хүрчихлээ!"
Зүүдлэгчдийн Армийн үлдэгдэл големуудын бөөгнөрлийг сэтлэн гарч, зугтав. Бүх хурдаараа гүйсэн залуус Гарц руу дөхөөд, түүнийг хараад гацав.
Гайхширч.
Мэл гайхтал ширтэж.
Тэдний өмнө... маш удаан хугацааны турш мартсан найдвар нь байлаа.
Өдөр бүр тэднийг шаналгах өөртөө амласан эрх чөлөөний зовлонтой амлалт, Улаан цамхгийн аймшигт сүүдэрт нуугдаж байсан тэр зүйл.
Гэртээ харих зам.
Авралын гарц.
Тэдний ихэнх нь Мартагдсан Эрэг дээр маш удаан байсан тул, хэзээ нэгэн цагт эндээс зугтаж чадна гэсэн бодол холын мөрөөдөл төдий болж хувирсан байв. Өөрчлөгдөж буй Одыг дагаж, түүний амлалтанд итгэхээр шийдсэн ч, аврал гэдэг зүгээр л ойлголт байсан. Санаа төдий.
Харин одоо түүнийг бодит зүйл болгон хараад, олон хүн хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ мэдэхгүй байлаа.
...Гэхдээ Санни энэ үйл явцыг хялбарчлахад бэлэн байв.
"Юундаа гөлөрч зогсоод байгаа юм, мангаруудаа?! Амаа хаагаад хөдөл! Байлдааны байрлалд ор! Ар талыг хамгаал! Шархтнууд, тулалдах чадваргүй нь эхэлж ор! Бусад нь энэ хараал идсэн големуудыг тогтоон бариад дараа нь орно! Нэг нэгээрээ, новшнууд аа!"
Түүний ууртай хашгиралтанд сэхээ орсон Нойрсогчид хурдан зохион байгуулагдав. Тулахаар чадалтай нь Гарц руу нуруугаа харуулж, хамгаалалтын шугам үүсгэн, шархтнуудыг биеэрээ хамгаалав. Чадахгүй нь хамгийн хүнд байдалтай хүмүүсийг төмөр цагирагт оруулахад туслав.
Санни анхны хүнийг Гарцын төвд тавихыг ажиглав. Дараагийн агшинд цагирагийг хүрээлсэн бичээсүүд гялалзсан гэрлээр асав. Нойрсогчийн бие ч мөн адил гэрэлтэв. Эхэндээ сулхан байсан тэр гэрэл аажмаар улам тодорч, удалгүй төвд зогсох хүний дүрсийг ялгахад бэрх болов.
Тэгээд, Дурсамж эсвэл Сүүдрийн хувилбар алга болдог шиг, гэрэл сарнин алга болж, юу ч үлдсэнгүй.
Олон жилийн дараа, тэр их зовлон, тэр их гарзын эцэст анхны Нойрсогч Мартагдсан Эргээс эцэст нь зугтаж чадлаа.
Алга болсон хоосон зайг ширтэхдээ Санни амьсгалахаа мартсанаа ойлгов.
Дараагийн мөчид хүний бөөгнөрлөөс догдлол дүүрэн баярын уухай тэнгэрт хадав. Тэдний хоолой дахь тэр мэдрэмжийн хүч... тэр мөчид Зүүдлэгчдийн Армийн амьд үлдсэн хүмүүсийн цээжинд дүрэлзэж байсан ээдрээтэй, асар их сэтгэлийн галыг дүрслэх үг Саннид байсангүй.
Дараагийн мөчид араас нь нэхсэн големуудын давалгаа хамгаалалтын шугамд тулж ирэв. Бас нэг хүн Гарц руу алхлаа.
Хамгаалагчид байрлалаа алдалгүй, шүрэн мангасуудыг буцаан түлхэж байв.
Санни тавцангийн захад зогсон, хүмүүсийг ажиглав. Нэг нэгээрээ тэд Гарцын үзэсгэлэнт гэрэлд уусан алга болж, үлдсэн нь итгэлтэйгээр довтолгоог няцааж байлаа.
Тэд амьд гарна.
Тэгэхээр түүний хийх ажил энд дууссан гэсэн үг.
...Түүний таамагласнаар, Кастер хаана ч харагдсангүй.
Хэсэг зогсож байгаад Санни Гарц руу сүүлчийн удаа харснаа, дараа нь холдов.
Хүмүүсийн дундуур зүсч, зах руу нь дөхөхөд гэнэт хэн нэгэн нэрийг нь дуудлаа.
Толгойгоо эргүүлэхэд Санни Эффиг олж харав. Анч эмэгтэй нэг мөрөн дээрээ ухаангүй Кайг үүрч, нөгөө гараараа Кассиг дэргэдээ түшүүлжээ. Сохор охины царай цонхийж, будилсан, хоосон харагдана.
"Мангараа! Хаашаа явж байна аа?"
Санни түүнийг хэсэг ширтэж байснаа, гэнэт инээмсэглэв.
"...Дуусаагүй нэг ажил байна. Та гурав өөрсдийгөө бодоорой. Дараа уулзана гэж найдаж байна."
Ингээд тэр нэг алхам ухарч, сүүдрийн дунд алга болов.