156-р бүлэг : Үнэгүй Үдийн Хоол
Тэдний анхны ан гэнэтийн зүйлгүй, тайван өнгөрөв.
Туршлагатай Замчны заавар, Саннигийн гэтэгч сүүдрийн дэмжлэгийн ачаар тэд Нүгэлт амьтдаас зайлсхийж, зорьсон газартаа гэмтэлгүй хүрч чадлаа. Тэндээ балгасын нурангид нуугдан, олзоо ирэхийг хүлээв.
Тулааны төлөвлөгөөг урьдчилан ярилцсан байв. Эффи агнах гэж буй мангасын төрөл, давуу болон сул талыг нь нарийвчлан тайлбарласны дараа Нефис хүн бүрт үүрэг хуваарилжээ.
Санни бүх зүйл Шүрэн ойд байсан шиг л өрнөнө гэж бодсон. Гэвч түүний бодсоноос өөр байлаа. Урьдын адил Неф ихэнх эрсдэлийг үүрч, дайсны сул талыг ил гаргана. Харин тэр сул талыг ашиглаж, шийдвэрлэх цохилтыг өгөх хүн нь Санни биш, Кастер байв.
Үнэндээ логиктой. Саннигийн Чадвар тулаанд зориулагдаагүй. Албан ёсоор бол шүү дээ. Харин Кастер бол асар хүчирхэг тулааны Чадвартай.
Гэсэн ч Санни яагаад ч юм уурлав. Түүнийг нэг амьтан оролж буй мэт санагдана.
Хүүхэд шиг харагдахыг хүсээгүй тул гашуун хилэнгээ залгиж, дуугүйхэн үлдэв.
Мангас гарч ирэхэд бүх зүйл төгс өрнөж, Нефис, Кастер хоёр ямар ч шарх авалгүйгээр Хар дарсан зүүдний мангасуудыг устгана. Тэдний хамтын ажиллагаа амаргүй ч, хачин гэмээр зохицолтой байв. Хоёулаа Өв залгамжлагчид тул ижил төрлийн бэлтгэл авсан нь илт.
Хэрэв бүх зүйл буруудах аваас оролцох ёстой байсан Санни гар хуруугаа ч хөдөлгөсөнгүй.
Эффи ч мөн адил. Тэр Касситай хамт үлдэж, сохор охинд хамгаалалт хэрэгтэй үед бэлэн байв.
Бүх зүйл дуусмагц Эффи инээн:
"Ха, энэ бол миний хамгийн амархан олж авсан хоол!" гэв.
Эффигийн байр суурь сонин. Бусдаас ялгаатай нь тэр багт албан ёсоор нэгдэх сонирхол илэрхийлээгүй. Тэр бол зүгээр л хөлсний ажилтан. Замчлах, мэдээлэл өгөх нь түүний үүрэг. Нээх тулаанд мөр зэрэгцэн зогсох шаардлага ч байхгүй.
Мангасыг устгасны дараа тэд махыг хурдан төхөөрч, хүнд ачаатай буцлаа. Улаан цамхгийн сүүдэр Харанхуй хот дээр унахаас өмнө тэд толгодын бэл дэх гантиг нуман хаалгад хүрч байв.
Тэгтэл гэнэтийн зүйл болов.
Нефисээс болж.
Тэр олзноос Эффид шударга хувь өгсний дараа Санни, Касси, Кастер гурав руу харлаа.
"Та гурвын махны хувийг надад даатгах хэрэгтэй байна." гэлээ.
_Юу? Ямар учиртай юм?_
Санни асуухаас өмнө Касси инээмсэглэн:
"Мэдээж, Неф!" гэв.
Кастер ч эргэлзсэнгүй багахан бөхийснөө:
"Таны хүслээр, хатагтай Нефис." гэв.
Санни шүдээ зуун чимээгүй боллоо. Одоо асууж шалгаавал тэр үнэхээр муухай, бүдүүлэг харагдана. Түүнээс гадна амь насаа эрсдэлд оруулсан нь Нефис, Кастер хоёр. Харин өөрөө бараг юу ч хийгээгүй.
"...За."
Нефис толгой дохин цагаан замаар өгсөв.
Гадаад сууринд ирээд тэр үлдсэн махыг хоёр хэсэгт хуваав. Нэг, маш жижиг хэсгийг Кассид өглөө. Нөгөө, хавьгүй их хэсгийг хоноглох газрын өмнө цагаан чулуун дээр зүгээр л тавив.
Эффи болон цугларсан ядуус гайхан харна.
Санни хөмсгөө зангидлаа.
"Чи юу хийж байна аа?"
Өөрчлөгдөж буй Од түүнийг харснаа Кассигийн гарт буй жижиг багц руу дохив.
"Энэ бол бид өөрсдийгөө тэжээхэд хангалттай. Дараагийн ан хүртэл энэ махыг иднэ."
Олны дундаас нэг нь хашгирлаа:
"Үлдсэнийг нь яах юм? Зарах уу? Үнэ нь хэд вэ?"
Гадаад суурингийн анчид олзныхоо хэсгийг зарж амьдардаг нь заншил. Махыг эд зүйл, үйлчилгээ, заримдаа маш ховор тохиолдолд Сүнсний Хэлтэрхийтэй ч солилцож болдог.
Нефис цугласан хүмүүс рүү хөмсөг зангидан харлаа. Бүгд нам гүм болоход тэр хүйтэн өнгөөр:
"Манай ангийн баг хэзээ ч мах зарахгүй." гэлээ.
Хүмүүс цочирдсон ч удалгүй тэр хажуу тийш алхаж, их овоолсон мах руу заан:
"...Харин үнэгүй тараана." гэв.
Гадаад суурингийн захад үхлийн нам гүм тогтов. Найдвар эсвэл хоол хайж ирсэн хүмүүс Нефисийг үл итгэх, сэжиглэх, хардсан харцаар ширтэнэ.
Хэсэг хугацааны дараа нэг нь хашгирлаа:
"Ямар мэх бодож олсон юм бэ? Энд хүмүүс өлсөж байна, Өөрчлөгдөж буй Одоо! Ичих хэрэгтэй!"
Нефис гараа зөрүүлэн, хөмсгөө зангидан:
"Ямар ч заль мэх байхгүй. Хэн ч гэдсээ цатгах хэмжээгээр багахан авч болно." гэв.
Өмнө нь хашгирсан залуу инээлээ.
"Яагаад зүгээр л өгөх ёстой гэж? Биднийг тэнэг гэж бодоо юу?"
Санниг ч мөн адил асуулт зовоож байв. Тэр Нефисийн тэнэг язгууртны занг шоолдог ч, Неф үнэхээр тэнэг биш гэдгийг мэднэ. Түүний хийсэн бүхэн шалтгаантай. Заримдаа галзуу мэт санагдсан ч.
Сүүлийн үед бүр Неф түүний бодсоноос илүү хүйтэн, суутан байж магадгүй гэж сэжиглэх болсон. Зүгээр л түүний үзэл бодол Саннигийнхаас өөр хэлбэртэй.
Тэр юу хийж байсан юм вэ?
Нефис хашгирсан залуу руу хүйтэн харцаар ширтэн, уурласан өнгө шингээж:
"...Яагаад гэвэл? Би хүн биш гэж үү? Та нар бас хүн биш гэж үү? Энэ хараалт газар хүн төрөлхтөн өөрсдөдөө туслахад шалтгаан хэрэгтэй гэж үү?!" гэв.
Тэр урагш алхаж, хүмүүсийг ширтэхэд тэд хүнд харцны дор чичирлээ.
"Би ичин гэж үү? Үгүй. Харин та нар өөрсдөөсөө ич. Та нар хэн гэдгээ мартсан байна. Бид араатан биш, хүмүүс. Бодит ертөнцөд ч, Зүүдний ертөнцөд ч."
Үгс нь цагаан чулуун дээгүүр салхитай холилдон цуурайтав.
"Өлсөж байвал урагш ирээд хоолоо ав!"
Ядуус бүрэн итгэсэнгүй. Гэвч өлсгөлөн нь болгоомжлолыг давлаа. Эхний хүн болгоомжтой алхаж ирээд, жижиг махны хэсгээс авч, Нефис рүү сэм харснаа яаран одов
Юу ч тохиолдоогүйг харсан бусад нь зоригжлоо. Ноорхой хувцастай залуу хүмүүс эмх замбараагүй эгнээ үүсгэнэ. Нэг нэгээрээ ирж, жижиг мах аваад, буцаан булаах вий гэсэн айдастай хурдан холдов.
Аажмаар тэдний нүүрэнд шинэ төрлийн гэрэл тодорч Санни цайзын оршин суугчдын нүдэнд өмнө нь харсан тэр л ичимхий, сулхан гялбаа.
Найдвар… эсвэл итгэл.
Санни бараан царайлан, сүрлэг цайзын ханан дээрээс тэднийг ажиглаж буй Харуулуудын жижиг дүрсийг харав.
Нефис нэг зүйл дээр зөв байсан. Тэд бүгд хүмүүс хэвээр.
Гэхдээ бусад бүх зүйл дээр буруу.
Учир нь хүмүүс араатнаас ч дор.
…Түүнд болж буй бүх зүйл огт таалагдсангүй.