252-р бүлэг : Үл харагдах
Энэ бол алдагдсан аялалын гишүүдийн хувь тавилангийн тухай Касси өөрийн зөнд харсан хамгийн сүүлчийн нууц байлаа. Гэвч түүний олж авсан мэдээлэл нь тасархай, бүрэн бус хэвээр.
Тэр багийнханд зөвхөн нэг зүйлийг хэлж чадсан. Харанхуй голыг гатлаад дараагийн хилд хүрэх хүртэл ямар ч нөхцөлд нүдээ нээж болохгүй. Юу ч болсон хамаагүй. Тэр хүйтэн усны цаана байгаа зүйлийг хараад амьд үлдэх… бүрэн бүтэн үлдэх амьтан гэж байхгүй.
Ядаж тэр ингэж хэлсэн.
Үнэндээ Касси өөрөө ч энэ дүрмийг зөрчвөл юу болохыг мэдэхгүй. Гэвч алдагдсан аялалын гишүүдийн хувь тавиланг харуулсан зөн нь гэнэт тасарч, бүх зүйл харанхуй болохоос өмнөх тэр богинохон мөчид урьд өмнө мэдэрч байгаагүй айдас түүнийг эзэмдсэн гэж хэлсэн.
Энэ нь ихийг өгүүлнэ. Учир нь сохор охин зөндөө өдөр бүр ямар гэч аймшигт зүйлсийг хардаг билээ.
…Ямартай ч энд Санни чухал хэрэгтэй байлаа.
Сүүдрийн нүдээр харах нь хэт аюултай хэвээр байсан ч тэр орон зайг сүүдрийн хэлбэрээр мэдрэх чадвараараа багийг удирдан явуулж чадна.
Ядаж онолын хувьд.
Харанхуй голын эрэг дээр зогссон зургаан хүн алтан олсыг бэлхүүсээрээ уяв. Бүгд бэлэн болмогц Нефис зургаан даавуун тууз, нэг ширхэг лааны тос гаргаж ирэв. Алгандаа цагаан дөл асаан санаа алдаад Эффи рүү эргэв.
"Чи эхэл."
Анчин бүсгүй төвөгтэй царай гаргасан ч дуулгавартайгаар удирдагч руугаа дөхөв.
Дараагийн үйл явц нэгэн зэрэг дотно атлаа тавгүй санагдана. Өөрчлөгдөж буй Од дөлөөрөө лааны тосыг хайлуулж, Эффигийн нүүрийг зөөлөн барин, нүдээ чанга анисны дараа хайлсан лаагаар таглав. Дараа нь туузаар толгойг нь ороон тогтоов.
Ингэж багийн гишүүн бүр ээлж дараалан нүдээ битүүлэв.
Саннигийн ээлж ирэхэд Нефисийн сэрүүн гар хацрыг нь хүрэхэд тэр үл ялиг хөдөллөө.
Хэдхэн хормын дараа тэр сохор болов.
'…Энэ… Касси ингэж амьдардаг гэж үү?'
Сүүдрээ юу ч харахгүй байхыг тушаасан Санни бүрэн харанхуйд үлдэв. Гэвч тэр сохор охиноос илүү давуу талтай. Түүний Сүүдрийн Мэдрэмж ажиллаж байлаа.
Үүний тусламжтай тэр хаана юу байгааг бүдэг бадаг мэдэрч чадна. Энэ нь хараатай адил биш ч шаардлагатай үед орлуулж чадна. Мэдээж маш муу хэмжээнд.
Аз болоход тэр өмнө нь зөвхөн Сүүдрийн Мэдрэмжээр орчноо таньж сурах дасгал хийж байсан. Ингэж тэр Харанхуй хотод хачин гүрвэл амьтныг ялж байв.
Тэр гуйвж дайвалзах хүмүүсийг дагуулан дэгжин завь руу хүргэж, суулгаад уясан олсыг тайлав. Дараа нь сэлүүрийг олж, харанхуй голоор завийг урагшлууллаа.
Удалгүй хүйтэн манан бүхнийг бүрхэв.
Манан дунд гүнзгийрэх тусам тэд нэг ертөнцөөс нөгөөд шилжиж байгаа мэт санагдана.
Илүү харанхуй.
Илүү эртний.
Илүү аймшигтай.
Хэн ч ярихыг хүссэнгүй. Тиймээс нам гүмийг зөвхөн урсах усны шуугиан, модон сэлүүрийн шажигнаа эвдэнэ.
'Аймар биш байна шүү. Тийм ээ. Би огт айхгүй байна.'
Ийм тэнэг бодлоор өөрийгөө тайвшруулан Санни завийг чиглүүлсээр байв.
Гэвч нэг зүйл тасралтгүй түүнд жихүүдэс төрүүлнэ.
Мананд хүрээлэгдэж, нүдээ анисан энэ байдал нь түүнд өмнө нь модны хажууд манан дунд гарч ирэн, бусдыг дуурайсан дуугаар түүнийг уруу татахыг оролдсон тэр аймшигт оршихуйг сануулж байлаа.
…Тэр зүйл эндээс ирсэн юм биш биз?
Хэдий хэр хугацаа өнгөрснийг мэдэх боломжгүй байсан ч удалгүй Санни алсад хатуу зүйл мэдрэв.
Энэ бол голын нөгөө эрэг.
Удалгүй тэд түүнд ойртлоо.
Завины ёроол чулуунд шүргэхэд Санни эрэг рүү үсрэн бууж, олсыг чулуун баганад уяв. Дараа нь бусдадаа буухад нь туслав.
Толгойгоо эргүүлэхэд усан дээр дахин нэг хэлбэр ганхаж байгааг мэдрэв.
Энд хоёр дахь завь байлаа. Магадгүй анхны эзэн болон түүний нөхдийн ашигласан.
Гэвч Нефисийн багтай адил зөнч тэдэнд байгаагүй. Хэн ч нүдээ анихыг сануулаагүй.
Тиймээс л тэднээс хэн ч буцаж ирээгүй байх.
Таагүй мэдрэмж дүүрэн Санни голоос нүүр буруулан, доош үргэлжлэх хонгилын ам руу харлаа. Санаа алдаад алтан олсыг үл ялиг татан, урагш алхав.
Бусад нь өөр аргагүйн эрхэнд дагалаа.
Хэдхэн хормын дараа тэд нам гүм голын эргийг орхин, хонгил руу алга болов.
Санни хонгилд ормогц нуруугаар нь хүйт дааж, хэдийгээр харах боломжгүй ч энэ өмнөхүүдээс өөр гэдгийг мэдэрч байлаа.
Энэ ч мөн хэн нэгэн, эсвэл ямар нэг зүйл уулын чулууг зүсэж гаргасан мэт. Гэвч үүнийг бүтээсэн нь уурхай, хонхоыг бүтээсэн хүмүүсээс огт өөр.
Бүх зүйл нь илүү нарийн, илүү ур чадвартай.
Сүүдрүүд ч өөр.
Илүү гүн.
Илүү харанхуй.
Мөн… илүү эртний.
Удалгүй хонгил өргөн гарцуудын төөрдөг байшин болж хувирч, манан, нам гүмд дүүрэв.
'Дахиад төөрдөг байшин. Мэдээж төөрүүлэх зүйл байж л таараа. Энэ новшийн газар бүх зүйл заавал төөрмөөр байх ёстой юу…'
Гэвч тэр бодлоо дуусгаж амжаагүй байтал гэнэт тэр айдсаар хөшиж, хөдөлж чадсангүй.
Учир нь яг тэдний өмнө бусдаас өөр нэг сүүдэр байгааг мэдэрлээ.
…Хүний сүүдэр байсан юм.