157-р бүлэг : Өөрчлөлтийн салхи
Тэр өдрөөс хойш бүх зүйл Саннигийн ухаан балартах шахам хурдтайгаар урагшилж эхэлсэн юм. Тэр өөрийгөө үл дийлдэх их урсгалд автагдан, зогсоож ч чадахгүй, чиглэлээ өөрчилж ч чадахгүй урсах мэт мэдэрч байлаа. Нэг өөрчлөлтөд нь дасан зохицох завдалгүй дараагийнх нь тохионо. Ингэсээр тэр аажмаар бүхнийг хянах чадвараа алдаж байгаа мэт санагдана. Бүх зүйл дэндүү хурдан өрнөж байв.
Эцэст нь тэр зүгээр л хаягдаж хоцрох вий гэх айдас байнгийн төрнө.
Нефис анхны ан хийж, олзны ихэнхийг бусдад өгснөөс хойш тэднийг дахин хэд хэдэн анд удирдан авч явлаа. Ан бүр тийм ч дардан байгаагүй ч тэд багагүй шархдсан ч гэсэн ялалт байгуулан буцаж чадсан. Ан бүрийн дараа Нефис Эффид махны хувь хүртээж, өөрсдөдөө өчүүхэн хэсгийг үлдээн, үлдсэнийг нь гаднах суурингийн хүмүүст үнэгүй тараадаг байв.
Өөрсдийн хувь тун бага тул тэд сардаа ганц, хоёр удаа биш, бараг өнжөөд ан хийхээс өөр аргагүй болжээ. Санни ийм илүү эрсдэл яагаад үүрч байгааг огт ойлгохгүй байв.
Ямартай ч тэр өөрөө тийм ч их аюулд өртсөнгүй. Нефис болон Кастер нөөц хүч шаардахуйц хэдхэн богино тулалдаанаас бусад үед тэр Эффитэй хамт явж, түүний тагнуул болж, Харанхуй хотын нууц, нарийн ширийнийг аажмаар суралцаж байлаа.
Эмх замбараагүй анчны арвин мэдлэг, Саннигийн уян хатан сүүдэр хоёрын ачаар тэд бэлтгэлгүй, гэнэтийн тулгарах дайсантай бараг учирсангүй. Энэ нь гаднах суурингийн бусад ангийн багуудаас, тэр ч бүү хэл Ганлаугийн зарим анчдаас ч илт давуу байдал өгч байв.
Удалгүй тэдний өөгүй, ширүүн амжилтын цуваа нэр хүнд авчирлаа. Тэднийг шинэхэн ирэгсэд гэж харахаа больж, харин ядуусын хорооллын хамгийн хүчирхэг анчид гэж үзэх болов. Зарим нь бүр Өөрчлөгдөж буй Од болон түүний хүмүүсийг Гэрэлт Цайзын анчдаас огтхон ч дутуугүй гэж итгэнэ.
Нефис Анделтай хийсэн цочирдмоор халз тулаанаас хойш аймшигт дайчин гэдгээрээ алдартай болсон. Эффи ч аль хэдийн гаднах суурингийн шилдэг анчдын нэг хэмээн нэрлэгдэж байв. Харин царайлаг, чадварлаг Кастер эелдэг зан, язгууртны төрх, ур чадвараараа хурдан хугацаанд хүндлэл, бишрэлийг олжээ.
Энэ гурав багийн гол цөм гэж тооцогдож, Касси, Санни хоёр хаа нэгтээ захад нь оршиж байлаа. Нефис үнэгүй мах тараах үүргийг Кассид даалгасан тул хүмүүс түүнийг хайрлана. Мөн энэ эелдэг, үзэсгэлэн төгөлдөр, гунигт хувь тавилант охиныг хайрлахгүй байх бараг боломжгүй. Ядуусын ихэнхийн хувьд тэр бол багийн угтах нүүр царай байв.
Харин Саннид… бараг хэн ч анхаарал хандуулахгүй. Харанхуй хотын мангасуудыг ялсан баатарлаг гавьяа түүний нэр дээр байхгүй тул ихэнх нь түүнийг зүгээр л дэмжлэгийн гишүүн гэж үзнэ. Хамгийн сайндаа ач холбогдолгүй, хамгийн муудаа өрөвдлийн тохиолдол.
Түүний оршдог гэдгийг санадаг бол шүү дээ.
Санни нэг талаараа олны анхаарлаас ангид амьдрахдаа баяртай ч, нөгөө талаар үнэлэгдэхгүй байгаадаа нууцаар хилэгнэнэ. Түүний жинхэнэ хүчийг хэн ч сэжиглэхгүй байгаа нь сайн. Гэвч… Кастерийн дэргэд хүмүүс бөхийж, харин өөрийг нь огт тоохгүй байгааг харах бүрд тэр ямар нэг зүйл, эсвэл хэн нэгнийг алах хүсэл төрнө.
Ялангуяа багийн тактикийн зохион байгуулалтаас болж Нефис ихэнх цагаа царайлаг Өв залгамжлагчтай өнгөрүүлдэг байв. Тэд хоорондоо онцгой сайн зохицож харагдана.
Энэ бухимдал дээд цэгтээ хүрэхэд Санни холдож, нам гүм булан олж, биеийнх нь булчин бүр өвдөх хүртэл катагаа давтана. Шөнө Дундын Хэлтэрхийн ир агаарыг зүсэх шүгэлдэх чимээ ихэнхдээ түүнийг тайвшруулна. Тэр өдөр бүр сэлэмний ур чадвараа давтан, хачин тайвшралыг тэндээс олно. Ядаж энэ бол түүний хянаж чадах зүйл.
Гэвч тэр хэзээ ч бүрэн тайвширч чадсангүй. Харин ч өдөр өнгөрөх тусам улам түгшинэ.
Учир нь бусад зүйлс ч бас өөрчлөгдөж байв.
Ан бүрийн дараа Өөрчлөгдөж буй Од ядуусын хорооллын оршин суугчдад үнэгүй хоол өгнө. Эхэндээ тэд түүнд үл итгэж, дараа нь талархаж, эцэст нь бараг бишрэх шахам болсон. Саннигийн анх ажигласан нүднийх нь хачин гэрэл улам тодорсоор.
Зарим нь тоглоомоор түүнийг "Гэгээнтэн Нефис" хэмээн дуудна. Яг л тэдний сахиусан тэнгэр мэт үзэгдэнэ. Гэвч өдөр ирэх тусам энэ үгс тоглоом нь бага, үнэн нь их болж байгаа мэт Саннид санагдана.
Энэ бүхэн жихүүцэм, түүнчлэн аюултай. Хүмүүс Нефисийг өөрсдийн аврагч мэт харах тусам Ганлауг хэрхэн хариу үйлдэл үзүүлэх бол гэж Санни эмээнэ. Түүхээс харахад хаад замд нь орсон гэгээнтэнүүдийг өршөөдөггүй.
Мөн түүнийг зовоосон нэг асуулт тасралтгүй эргэлдэнэ.
Энэ бүхэн санамсаргүй юу, эсвэл Нефис зориуд хийж байна уу?
Цаг өнгөрөх тусам санамсаргүй хүмүүс тэдний бүлэгт нэмэгдэнэ. Тэд анчид биш, зүгээр л гаднах суурингийн гутранги залуус, бүсгүйчүүд. Зүгээр л туслахыг хүссэн хүмүүс. Тэд ангаас авчирсан мангасуудын арьсыг боловсруулж, хэрэглэх багаж, тоног төхөөрөмжийг засварлаж, Кассид хоол тараахад тусалж, өөр олон жижиг ч гэлээ хэрэгтэй ажлууд хийж байв.
Удалгүй навсгар байр дүүрэн хүмүүсээр бялхлаа. Санни тэдний бүгдийнх нь нэрийг мэдэхгүй. Өдөр бүр шинээр хэн нэгэн гарч ирэн, яг л үргэлж энд байсан мэт аашилна. Хамгийн муу нь, зарим нэгэн түүнийг танихгүй бололтой. Нэг биш, хоёр ч биш удаа хэн нэгэн инээмсэглэн:
"Чи шинээр ирсэн үү?" гэж асуужээ.
Мэдээж, тэд Кастерт ийм үг хэзээ ч хэлэхгүй.
Санни өөрийн гэртээ аажмаар харийн хүн болж байгаа мэдрэмж мэдрэгдэнэ. Энэ мэдрэмж таагүй, дээрээс нь түүний бүх эмзэг цэгтэй төгс нийцнэ.
Шинээр ирэгсэд түүнд улам тухгүй санагдана. Тэд Өөрчлөгдөж буй Одын зүгээр л туслагчид уу, эсвэл дагалдагчид уу?
Тэд үнэнч үү… эсвэл сүсэгтэн үү?
Хэдэн долоо хоног өнгөрсний дараах нэгэн шөнө Касси ханцуйнаас нь татан сэрээв.
"Санни! Сэр!"
Хараагүй охин шивнэн хэлж байлаа.
Агшин зуур Санни босож, Шөнө Дундын Хэлтэрхийг дуудахдаа бэлэн болов. Нөгөө өрөөнөөс гэрэл тусах нь Нефис ч сэрснийг илтгэнэ.
_Ганлауг уу? Хэн нэгэн урвасан гэж үү?_
"Юу болсон бэ?"
Касси гартаа барьсан лааг халхлан, түгшсэн хоолойгоор:
"Зам талын зүгээс… ямар нэг зүйл ирж байна. Би зүүдэлсэн."
_Хар дарсан зүүдний мангас…_
Юу хийхээ мэдсэн Санни толгой дохин, Кассигийн мөрийг атган тайвшруулаад Нефисийг угтахаар алхав.
Тэдний байр ядуусын хорооллын захад, эртний замын амны яг өмнө байсан тул тулалдахаас өөр сонголтгүй.
Тэр шөнө Өөрчлөгдөж буй Од, Санни, Кастер гурав толгод өгсөн ирсэн ад зэтгэртэй тулалдан, гаднах сууринд хүрэхээс нь өмнө хөөн зайлууллаа.
Үүр цайхад айсан хүмүүс чичирсэн хөлөөрөө гэрээсээ гарч, цагаан чулуун дээрх мангасын сарвууны үлдээсэн аймшигт мөр, мөн өглөөний хүйтэнд уур савсаж буй хүний ба мангасын цусны шалбаагийг харав.
Тэд мөн мөнгөн сэлмэндээ түшин ядарсан байдалтай зогсох Өөрчлөгдөж буй Одыг харлаа.
Байшингийн хананд налан, амьсгаадан суух Санни ч түүнийг ширтэж байв.
Нэгэн цагт тэр Нефист Ганлауг яагаад ялагдашгүйг тайлбарлахдаа эндхийн амьдралын бүхий л талыг хоол, аюулгүй байдал, найдвар, айдас, тэр ч байтугай хүчийг хүртэл хянаж байдаг гэж хэлсэн.
Одоо Өөрчлөгдөж буй Од эдгээр хүмүүст хоол өгсөн. Гаднах сууринг хамгаалснаар аюулгүй байдал өгсөн. Тэр бүр найдвар ч өгчээ.
Мөн Нефис нэг Замчлагчийн толгойг амархан авсны дараа Цайзын оршин суугчдад төрсөн айдас ч бий.
Үлдсэн нь ганцхан хүч.
Эцэст нь түүний сэтгэлийг дарж байсан асуултанд хариу олдов.
Үгүй, энэ бүхэн санамсаргүй биш. Ядуусын хамгийн захын байшинг баазаа болгохоос эхлээд хоолыг заавал үнэгүй тараахыг шаардсан нь хүртэл Өөрчлөгдөж буй Одын хачин атлаа системтэй төлөвлөгөөний нэг хэсэг байжээ. Тэр эхнээсээ юу хийж байгаагаа мэдэж байсан.
Гэвч яагаад?
Түүний эцсийн зорилго юу вэ?
Түгшсэн Санни Нефисийг ширтэн, ирээдүйн талаарх бодолд автлаа.