214-р бүлэг : Түр зуурын сүүдэр
Нефис ямар нэгэн шалтгаанаар Кастерт үл итгэж байсан юм болов уу?
Санни бол лав тэгж бодож байлаа. Үнэндээ тэрэнд ямар нэгэн онцгой шалтгаан ч хэрэггүй. Түүний зөн совин, ерөнхий хардлага хоёр нь хангалттай.
Гэхдээ Нефис өөр. Тэр нэгэнт хатуу сургамж авсан, одоо түүний хийдэг бүх үйлдэл тодорхой логик дээр тулгуурладгийг Санни мэднэ. Тэр логик нь жирийн хүнийхээс огт өөр байж болох ч хамаагүй.
Тэгэхээр хэрвээ Нефис өөрийн жинхэнэ тулааны хэв маягийг Кастерээс нууж байгаа бол, заавал шалтгаан бий.
Гэвч энэ нь огт утгагүй мэт. Бусад бүх зүйлээс харахад Кастер бол түүний хамгийн итгэлтэй туслах. Өөрчлөгдөж буй Од Кастерт урьд нь хэнд ч өгч байгаагүй их итгэлийг өгсөн. Кастер ч мөн Нефисийн ашиг сонирхлын эсрэг хэзээ ч үйлдэл хийж байгаагүй.
Үнэндээ тэр арай л хэт үнэнч. Энэ новш үргэлж Нефисийн дэргэд, яг л наалдчихсан мэт байдаг. Бас бусад хүмүүс түүнд хэт ойртохыг нэг их таашаадаггүй бололтой.
Энэ талаараа тэр бараг Кассигийн нисдэг туялзуур сэлэмтэ адилхан. Гантиг нуман дээр өнгөрүүлсэн бүтэн өдрийн турш, тэр үл найрсаг Сүүдрийн хувилбар ямар нэгэн байдлаар үргэлж сохор охиныг түүн рүү ойртохыг оролдсон эрчүүдээс тусгаарлан, дунд нь байрлаж чаддаг байв. Түүний илгээж буй дохио маш тодорхой.
"Би чамайг харж байна шүү!"
Үнэндээ энэ нь нэлээд инээдтэй байлаа.
Санни толгой сэгсрэв. Өөрчлөгдөж буй Од ба Кастер хоёрын харилцааны динамик үнэхээр хачирхалтай. Гэвч дахиад л түүнд дүгнэлт хийх хангалттай мэдээлэл байсангүй. Түүний хийж чадах зүйл гэвэл нүдээ нээлттэй байлгах, мөн тэр царайлаг Өв залгамжлагчид харуулд гарах үед нэг нүдээ нээлттэй унтахыг хичээх л байв.
Магадгүй энэ нь Өв залгамжлагчдын нэгэн хачирхалтай ёс байж болох юм. Жишээ нь овгийн нууцыг бусад овгоос хамгаалах гэх мэт.
Хэн мэдэхэв дээ?
Тулаан хийж буй сэлэмчдийг ажиглаж зогссон Санни гэнэт нэг санаа олжээ.
Тэр хэсэг бодсоны эцэст дахин тэдэн рүү харав. Энэ удаа түүний нүдэнд гал дүрэлзэж байлаа.
'Энэ... энэ үнэхээр ажиллаж магадгүй!'
Одоогийн байдлаар түүний техникт нэг том асуудал байв. Жинхэнэ онцлог чанар дутагдаж байлаа. Санни өөрийн сүүдрийн дотор өөрийн гэсэн өвөрмөц тулааны хэв маягийн суурь болох нууц нуугдаж байгааг мэдэж байсан.
Гэвч тэр нууц нь яг юу болохыг ойлгож чадахгүй байв.
Түүнийг тайлах оролдлого нь гацсан. Дасгал хийх үедээ Санни Чулуун Гэгээнтэн болон сүүдрийг зэрэг ажиглахад хэцүү байлаа. Ингэх гэж оролдох бүрд дуугүй хүлэгт баатар түүнийг өвдөлтийн далайд живүүлдэг байв. Харин ямар нэг байдлаар амжсан ч, ойлголтонд хүрэх замд үл үзэгдэх хана тээглэж байлаа.
Түүнд зайлшгүй нэг нээлт хэрэгтэй байв.
Тэгвэл яах вэ... хэрвээ түүний сүүдэр өөрийг нь биш, харин өөр хүнийг дуурайвал? Зүгээр нэг хүнийг биш, яг тулааны дунд буй жинхэнэ сэлмийн мастерийг?
Ингэснээр Санни түүний хөдөлгөөний хамгийн өчүүхэн нарийн ширийнийг хүртэл ажиглаж чадна. Мөн харьцуулах зүйл ч бий болно.
Сүүдэр бол түүний нэг хэсэг. Санни хаана дуусаж, сүүдэр хаанаас эхэлж байгааг ялгах бараг боломжгүй. Тиймээс тэдний хөдөлгөөний ялгаа бараг анзаарагддаггүй.
Харин өөр хүнийг дагавал, тэр хүний хөдөлгөөний хэмнэл, хэв маягийг өөрийнхтэйгөө харьцуулан ялгаж чадна.
Энэ нь заавал бүтэх ёстой!
Хүлээлтээр шатаж байсан Санни Нефис, Кастер хоёрын богино завсарлага авахыг хүлээгээд, дараа нь сүүдрээ тэр царайлаг Өв залгамжлагч руу илгээлээ.
Цагаан гантиг дээр тайван алхсаар сүүдэр Кастерт дөхөж очоод, ичгүүргүйгээр түүний хөлд наалдчихав. Дараа нь гараа зөрүүлэн, Өв залгамжлагч руу бараг мэдрэгдэхүйц жигшилтэй харцаар ширтэв.
Кастер хэдэн хором сүүдрийг ширтэж байснаа, толгойгоо өргөн Санни руу харав. Түүний нүүрэнд маш хачин илэрхийлэл тодорчээ.
"Чи... чи яг юу хийгээд байгаа юм бэ?"
Дуу нь огтхон ч баяртай сонсогдсонгүй.
Санни мөрөө хавчин, хайхрамжгүй инээмсэглэл тодрууллаа.
"Аа, тоох хэрэггүй. Наад тэнэг чинь намаг нэг Дэвшсэн сүнсний хэлтэрхий алдахад хүргэсэн юм. Тэгээд шийтгэл болгож түр хугацаанд чиний сүүдэр болгохоор шийдсэн. Тиймээс зүгээр л өөрийнхөөрөө бай. Санаа зовох хэрэггүй."
Сүүдэр толгойгоо эргүүлэн, түүн рүү заналхийлсэн харцаар ширтэв.
Санни бараг түүний бодлыг сонсох шиг болов...
...Хэнийг тэнэг гээд байгаа юм, тэнэг минь?
'Яг тэр. Би зөв таасан уу? Уучлаарай, чамайг хариулж чаддаггүйг мартчихаж.'
Гомдсон сүүдэрт анхаарал хандуулалгүй, тэр зүгээр л илүү өргөн инээмсэглэл тодрууллаа.
Кастер хөмсгөө зангидан, хэсэг тээнэгэлзсэний эцэст шүдээ зуун хэлэв.
"Чи ингэхгүй байвал би илүүд үзнэ шүү."
Санни санаа алдав.
"Аахх, за за, ойлголлоо."
Тэгээд тэр даруй сүүдрээ бардам Өв залгамжлагчийг тайван орхих тушаал өглөө.
Сүүдэр Кастераас салж, зэвүүн царай гарган хөлөө арчиж байгаа мэт дүр үзүүлээд... Нефис рүү алхаад, илт баярласан байдалтай түүний хөлд наалдчихав. Тэр бүү хэл Нефисийн өөрийн сүүдэрт хүртэл ёслол төгөлдөр бөхийж, саад болохгүйг хичээж байлаа.
'Юу... энэ тэнэг чинь юу хийгээд байна аа?'
Мэдээж, сүүдрийг Нефис рүү очих тушаалыг Санни өөрөө өгсөн. Гэхдээ ийм илт баярлахыг нь тэр огтхон ч төсөөлөөгүй.
Яг л эцэст нь чадвартай нэгнийг дагах боломж олдсонд хөөрч догдолсон мэт.
'Чи муу хөгийн урвагч!'
Нефис сүүдэр лүү доош харж, үл ялиг инээмсэглээд юу ч хэлсэнгүй.
'За... сайн. Одоо тулалдаарай!'
Хоёр Өв залгамжлагч түүнийг удаан хүлээлгэсэнгүй. Хэдхэн хормын дараа тэд дахин ширүүн тулаанд орлоо. Харин энэ удаа Нефисийг хоёр сүүдэр дагаж байв.
Хоёулаа үнэнчээр түүний хөдөлгөөнийг дуурайж байсан ч, нэг нь ялимгүй... бараг анзаарагдашгүй... өөр байлаа.
Санни цагаан гантиг дээр хоёр нүх гаргах шахам ширүүн харцаар түүнийг ширтэв.
Удалгүй түүний нүд томорлоо.
'Би... би харж байна! Би ойлгож байх шиг байна!'
Тэнд, Өөрчлөгдөж буй Одын жинхэнэ сүүдрийн хөдөлгөөн болон өөрийн сүүдрийн хөдөлгөөний хоорондох тэр өчүүхэн ялгаан дотор, тэр эцэст нь олж харлаа.
Тэр өөрийн гэсэн нээлтийг хийжээ.