166-р бүлэг : Гэрэл ба Сүүдэр
Өөрчлөгдөж буй Од хөмсгөө атирууллаа. Түүний хүйтэн саарал нүдэнд өчүүхэн гайхшрал гялсхийнэ.
"Миний… зорилго гэнэ үү? Илэрхий биш гэж үү?"
Тэр эргэн тойрон дахь ядуусын хороолол, тэдний дээгүүр сүрлэгээр сүндэрлэх цайзыг заалаа.
"Би энэ хүмүүсийг аврахыг хичээж байна. Өөр юу гэж?"
Санни санаа алдаэ тэгээд харцаа буруулан асуулаа.
"Хөөе, би чамд дүүгийнхээ тухай ярьж байсан билүү?"
Нефис нүдээ ирмэснээ:
"Үгүй. Яагаад гэнэт энэ тухай яриад байгаа юм?"
Санни гунигтай инээмсэглэл тодруулангаа:
"Саяхан би түүнийг дурссан юм. Тэгээд хуваалцъя гэж бодлоо. Биднийг бага байхад эцэг эх маань нас барчихсан. Дараө нь түүнийг өөр хүмүүс өргөж аваад харин би гудамжинд ганцаараа үлдсэн. Миний амьдрал амттай байгаагүй. Үнэндээ бол гашуун, бохир, заваан л байсан. Тэгээд жаахан хүүхэд байсан би түүнийх ч бас над шиг яг адилхан гэж төсөөлдөг байлаа. Тиймээс л би түүнийг олох тухай бодолд автсан. Толгой дотор минь нэг мөрөөдөл байдаг. Түүнийг аварч, хамгаалаад дахиад гэр бүл болно гэж."
Санни ярвайснаа үргэжлүүлэн:
"Гэхдээ над шиг мөнгөгүй, хэнд ч хэрэггүй новш хэнийг яаж эрж олохов дээ? Хотын мэдээллийн сангуудыг чи мэднэ. Ажиллаж байсан ч хамаагүй, ямар нэг мэдээлэл хайя гэвэл иргэн байх ёстой. Тэгээд ч нэлээд дээгүүр зэрэгтэй. Харин би зорилгодоо хүрэхийн тулд юуг ч хийхэд бэлэн байсан. Тиймээс мөнгө цуглуулсан. Гудамжны хүүхэд их олж чадахгүй л дээ. Гэсэн ч би чадах бүхнээрээ хадгалсан."
Түүний царай бараан болж:
"Бараг идэх юмгүй байсан ч би хийж болохгүй бүх муухай ажлыг хийж олсон өрөвдмөөр хэдэн цаасыг хадгалсаар байсан. Ингээд дөрөв, таван жилийн дараа, арван долоод дөхөх үедээ би хувийн мөрдөгч хөлслөх хэмжээний мөнгөтэй болсон."
Тэр үл ялиг инээмсэглээд:
"Нэг мөрдөгч бидэн шиг хэнд ч хэрэггүй хүүхдүүдийг хааяа мэдээлэл цуглуулахад ашигладаг байсан юм. Үйлчилгээ нь хямд биш. Гэхдээ би түүнд итгэсэн. Ядаж итгэхийг хүссэн. Тэгээд бүх мөнгөө түүнд өгөөд дүүг минь ол гэж хэлсэн. Тэгээд юу болсон гээч? Тэр олсон. Гэрээ хийснээс хойш сар орчмын дараа нэг хаяг бичсэн цаас өгсөн. Тэгээд би очсон л доо."
Нефис хэсэг эргэлзээд, намуухан асуулаа.
"Тэгээд яасан? Чи дүүтэйгээ уулзсан уу?"
Санни нүүрээ илж, тэнгэр өөд хальт хараад хэлэв.
"Нэг ёсондоо. Би түүнтэй трамвайны буудлын ойролцоо таарсан. Гэхдээ тэр үед намайг таньсангүй. Түүнийг аварна гэж сүртэй боддог байсан мөртлөө би түүний царайг ч тод санадаггүй байж. Арван хоёр орчим настай, цэвэрхэн сургуулийн дүрэмт хувцастай нэг охин надтай нэг зүгт алхаж байсан. Тэр хаяг дээрх байшин руу ороход л би ойлгосон."
Тэр хэсэг дуугүй болов. Дараа нь хачин хөндий хоолойгоор үргэлжлүүлэв.
"Харанхуй болсон байлаа. Бороо орж байсан байх. Тэр байшин их гоё дүүрэгт, бүр бүхэл бүтэн том байшин ганцхан гэр бүлийнх. Ганцхан айл. Төсөөлж байна уу? Үгүй дээ, чи төсөөлж чадна. Тэнд зүлэгтэй хашаа байсан. Бас том цонх… гаднаа гэрэл цацруулсан. Тэр цонхоор тэднийг харах яг л телевизийн нэвтрүүлэг үзэж байгаа мэт байсан."
Санни тэр тансаг байдлыг, өөрийн ичгэвтэр гайхшралыг саналаа. Инээмсэглэх гэж оролдсон ч чадсангүй.
"Би гэрлийн захад, сүүдэр дотор зогсоод тэднийг ажигласан. Түүнд хайрладаг, сайн ханддаг эцэг эхтэй байсан. Жинхэнэ хоолтой, хэзээ ч өлсөхгүй хангалттай. Гоё хувцастай, үнэтэй сурах бичигтэй. Бүр хөөрхөн дүү нартай. Тэд бүгд инээж, ярилцаж, аз жаргалтай байсан."
Нефис түүн рүү хараад асуулаа.
"Тэгээд чи яасан?"
Санни шууд хариулсангүй.
Тэр аз жаргалтай хүмүүсийг зүгээр л ширтэж зогссоноо санав. Дараа нь өөрийнхөө туранхай бие, хиртэй уранхай хувцас, цус болсон нударган дээрх хөх няц руу харснаа саналаа. Тэр дүр зурагт хэчнээн илүүц, хэчнээн зохимжгүй харагдаж байснаа ойлгосон юм.
Олон жил дүүгээ олж, аварна гэж мөрөөдсөн ч үнэн нь маш энгийн байлаа. Тэр… хэзээ ч дүүдээ хэрэгтэй нэгэн байгаагүй. Магадгүй бүр оршин байсныг нь ч санадаггүй байсан байх. Түүнээс гадна Санни дээр буцаж очих нь түүнд ямар ч сайн зүйл авчрахгүй. Саннид түүнд өгөх сайхан, хэрэгтэй зүйл огт байгаагүй. Тэр зөвхөн бүхнийг дордуулна.
Тэр харанхуй, бороотой шөнө сүүдэрт зогсож байхдаа зүрхэнд нь байсан нэг зүйл үүрд унтарсан.
Дараа нь ямар ч нөхцөл байдалд орсон бай, тэр мөчийн харанхуйтай юу ч зүйрлэгдэхгүй.
Удаан хөдөлгөөнгүй зогссоны эцэст тэр аажмаар ухарч, эргээд харанхуй руу алхсан.
…Хэд хоногийн дараа түүнд Хар дарсан зүүдний Хараалаар халдварласан анхны шинж тэмдгүүд илэрсэн.
Үлдсэн нь бидний мэдэх түүх.
Таагүй дурсамжаа түлхэн зайлуулж, Санни хайхрамжгүй дүр үзүүлэн мөрөө хавчив.
"Би амьдралдаа хийсэн цорын ганц өөрийн хүсээгүй үйлдлээ хийсэн. Тэр нь эргээд явсан. Яагаад гэдгийг мэдэх үү?"
Нефис удаанаар толгой сэгсэрлээ.
Санни ёжтой инээмсэглэв. Нүдэнд нь уур эцэстээ дүрэлзэв.
"Над шиг тэнэг ч ядаж аврах гэж байгаа хүнд нь аврал хэрэггүй гэдгийг ойлгож чадсан. Тэгэхэд чи яагаад, ийм ухаантай, ийм тодорхой хардаг байж, ижил зүйлийг ойлгож чадахгүй байгаа юм бэ, Неф?"
Тэр ширтсээр. Нүүрэнд нь гүн үрчлээ тодров.
"Чи намайг энэ хүмүүсийг аврах гэсэн үгээрээ худал хэлсэн гэж хэлэх гээд байна уу? Хэрэв тийм бол чиний буруу."
Санни нударгаа зангидлаа. Өөрийгөө зогсоож амжаагүй үгс амнаас нь урсав.
Үнэндээ тэр өөрийгөө хуурч чадахгүй байлаа. Тэр зогсоохыг хүсээгүй. Тэр хэтэрхий ядарсан, шархалсан, сэтгэл нь донсолсон байв. Нефистэй энэ тоглоомыг үргэлжлүүлэх тэнхээ түүнд байгаагүй. Бүхнийг ил гаргах цаг болсон. Тэгвэл магадгүй тэр дахин тодорхой харж чадах байх.
Өөрчлөгдөж буй Од руу ширтэн, Санни шүдээ зуун хэлэв.
"...Новш гэж, Неф."
Тэр нүдээ ирмэв.
"Юу гэнэ ээ?"
Санни мурий инээмсэглэл тодрууллаа.
"Би хэллээ. Тэр гэгээнтэн мэт дүр эсгэлтээ боль… Ариун Нефис минь. Чи бусдыг хуурч болно. Харин би чамайг мэднэ. Хэнээс ч илүү мэднэ. Тиймээс чиний аврагчийн талаарх жүжигт би ганц хором ч итгэхгүй."
Тэр эргэн тойрны навсгар овоохойнуудыг заалаа.
"Эднийг аврана гэнэ үү? Яаж? Цогцос болгоход нь туслах уу? Чи бид хоёр төгсгөл нь ямар болохыг мэднэ. Касси аль хэдийн хэлсэн. Гал, цусан голууд, тийм биз? Чиний төлөвлөгөө энэ үү?"
Нефис түүнийг ширтэв. Зааны ясан царайд нь бараан сүүдэр тусна. Хүйтэн саарал нүд нь тайван байхаа больжээ. Тэнд ямар нэг зүйл дүрэлзэж байв. Төөрөгдөл үү? Өвдөлт үү? Урам хугаралт уу?
Тэр амаа ангайгаад, дахин анилаа. Дараа нь Өөрчлөгдөж буй Од аажмаар толгой сэгсрэв.
Эцэст нь үгээ олсон бололтой. Саннигийн нүд рүү эгцлэн хараад, эрүүгээ үл ялиг өргөн хэллээ.
"...За за. Эцэст нь чи намайг мэдчихлээ."