151-р бүлэг : Толгой анчин
Хэсэг хугацааны дараа тэд нэгэн түр барьсан байшингийн өмнө зогсож байв. Өөрчлөгдөж буй Одны эвлүүлж барьсан сууцтай адил, энэ байшин ч бас нурсан балгасаас түүж цуглуулсан янз бүрийн хэмжээ, хэлбэртэй чулуун блокуудаар өрөн босгосон ажээ. Энд тэндээ мангасын арьсаар бүрхэж, гаднах суурингийн бусад овоохойноос арай илүү нягт нямбай баригдсан нь илт байлаа.
Хаалганы дээр аварга араатны гавал өлгөөстэй ба түүний зузаан дух хурц зэвсгийн аймшигт цохилтоор хаг цуурсан байв.
Гавлыг ажигласнаа Нефис урагш алхаж, хаалга тогшлоо. Гэвч хариу алга.
Санни санаа алдан:
"Магадгүй тэр гэртээ байхгүй байх."
Хариуд нь Өөрчлөгдөж буй Од хөмсгөө зангидан, нударгаараа хаалгыг улам хүчтэй нүдэв. Эхний цохилт зөөлөн байсан ч сүүлчийнх нь дээр байх гавал хананаас мулт үсрэх шахтал байлаа.
Дотроос нойрмог, ууртай хоолой сонсогдож:
"Тэнгэр бурхадаар тангараглая!! Хэн ч байсан чи Хар дарсан зүүдний мангас л байгаасай!"
Удалгүй хаалга руу ойртон алхах чимээ дуулдав. Хаалга нээгдэхийн өмнө Нефис гэнэт ийнхүү хэлэв.
"Санни, хойшоо ухар."
Түүний дуунаас үл мэдэг яарсан өнгө мэдрэгдэв. Санни хөмсгөө атируулан хүссэн ёсоор нь эргэв.
"Сүүдрээ ч бас."
"Юу болоод байна аа? Асуудал гарсан уу?"
Тэр байшингаас харцаа буруулан хойшоо зогсож байтал мод шаржигнах чимээ гарч, хаалга савагдан нээгдэв.
"Ямар чөтгөр нь... өө. Чи юу."
Нефисийн шүд хавирах чимээ сонсогдох шиг болов. Хэдэн хормын дараа Өөрчлөгдөж буй Од дуугаа аль болох тэгш хэмийг барин:
"...Дурсамжаа өмс, Эффи. Гуйя."
"Юу гэнэ ээ?"
Яагаад тэр... аа...
Аа!
Эргэж харахыг зөвшөөрөхөд Эффигийн өдөөн хатгам богино нимгэн даавуун хувцас дээрх этгээд гэрлийн сүүмгэр туяа дөнгөж замхарч байлаа. Тэр доороо юу ч өмсөөгүй байв.
"За. Одоо дээрдэв үү?"
Анчин бүсгүй өмнөхтэйгөө яг адилхан, өндөр, хүчирхэг, амин хүчээр дүүрэн. Хүрэл хуяг, арьсан унжлага бүхий хуучинсаг хуяг дуулгагүй тул түүний чийглэг бор өнгөт арьс бүр ч ил гарчээ.
"Та нар ахиад л нийлчихэв үү? Нөгөө хоёр нь цэвэрхэн, гялалзсан байгааг харваас Цайз дахь амьдрал тун дажгүй байсан бололтой?"
Санни Касси руу нэг харснаа даруухан өнгөөр:
"Тийм ч сайхан биш ээ. Чиний хэлснээр тэндхийн уур амьсгал... хмм... дасаж байж ойлгогдох төрлийнх юм байна."
Эффи инээмсэглэн:
"Гоё хэллээ! За тэгээд, та нарт юугаар туслах вэ?"
Өөрчлөгдөж буй Од хаалгыг заагаад
"Дотогш орж болох уу?" гэхэд эмх замбараагүй анчин арагшаа харснаа мөрөө хавчив.
"Болно шдээ."
Гэрийн дотор тал жижигхэн ч гэлээ нэлээд тухтай. Нэг буланд нь асар том арьсан овоо байх бөгөөд тэр нь Эффигийн ор. Анх харахад тийм ч тансаг биш. Гэвч Санни тэр бүх арьс тус бүр Хар дарсан зүүдний мангасын цогцсоос хуулж авсан гэдгийг ойлгоод бодлоо өөрчлөв.
Магадгүй энэ түүний харж байсан хамгийн тансаг зүйл байх.
Мөн... тэр арьсан дунд юу болж өнгөрдөг бол гэж төсөөлөхөд...
"Цэвэр бодол, Санни! Анхаарлаа төвлөрүүл!"
Мөн задгай зуух, нэг ширээ, ганц модон сандал, бат бөх хоёр авдар байв. Үлдсэн зайг олон жилийн турш балгасаас түүж цуглуулсан сонин содон эдлэлүүд эзэлжээ. Ямар нэгэн логик дараалал үгүй, зүгээр л тухайн үед түүний сонирхлыг татсан бүхэн энд цугларсан бололтой.
Гурвуулаа суусны дараа Эффи арьсан овоон дээрээ очиж, нэгийг нь нөмрөөд асуулаа.
"За, ийм эрт өглөө намайг заавал сэрээх тийм чухал шалтгаан юу байна?"
"Өглөө гэнэ ээ? Аль хэдийн үд болж байна!"
Нефис хэсэг дуугүй сууснаа:
"Бид анх уулзсанаас хойш чи ан хийгээгүй. Тийм үү?"
Эффи эвшээгээд, сулхан дуугаар:
"Үгүй ээ. Хоол дуусахаар балгас руу буцна. Магадгүй нэг хоёр хоногийн дараа биз."
Яаж тэр вэ? Түүний төхөөрсөн мах гэхэд хэдэн сарын хоол болохоор их байсан. Аль хэдийн дуусчихсан гэж үү? Энэ анчин яг хэр их иддэг юм бэ?
Өөрчлөгдөж буй Од толгой дохиод:
"Дараагийн удаа явахдаа биднийг дагуулаад яв. Бидний замч бол."
_За даа... шулуухан л хэллээ_
Санни Нефис ийм шууд байна гэж бодоогүй. Тэр энэ яриа илүү удаан үргэлжилж байж жинхэнэ зорилгодоо хүрнэ гэж төсөөлсөн байв.
Эффи тэднийг ширтэж байснаа толгойгоо гэдийлгэн чангаар инээлээ.
"Аан, сайхан онигоо байна! Надаар асрагч хийлгэх гээ юу?"
Инээж дуусаад толгой сэгсрэн:
"Доромжлол биш шүү, хүүхдүүд ээ. Та нар Харанхуй хотод дөнгөж ирсэн ногооноороо жаалууд. Эндхийн шилдэг анчид хүртэл намайг багтаа элсүүлэх гэж оролдсон. Би бүгдэд нь татгалзсан. Яагаад гэдгийг мэдэх үү?"
Нефис нухацтайгаар толгой дохилоо.
"Ихэнх анчдын баг олзоо хуваадаг. Хүн бүр өөрийн идэх хувиа авч, үлдсэнийг нь ядуусын хороололд зардаг. Гэхдээ чиний Дутагдлаас болоод чи тэгж чадахгүй. Ан бүрээс гарах бүх тэжээлийг чи өөртөө авах хэрэгтэй. Хамтрагч олон байх тусам чиний хувь багасна. Тиймээс чи ганцаараа ан хийж, зөвхөн арьсыг нь л худалдаж, махыг нь огт зардаггүй. "
Эффи инээмсэглэн:
"Хэн нэгэн гэрийн даалгавраа сайн хийжээ."
Өөрчлөгдөж буй Од толгойгоо ялимгүй гилжийлгэн, үгнийх нь ёжлолыг үл анзааран яриагаа үргэлжлүүлэв.
"Бид энэ асуудлыг шийдэж чадна. Ингэж..."
Гэвч ганцаарчилсан анчин түүнийг таслаад:
"Зогс. Таамаг чинь сайн. Гэхдээ чиний буруу. Би анчдаас татгалзсан шалтгаан энэ биш."
Нефис гайхан нүдээ анилаа. Удаан завсарласны дараа эргэлзээтэй өнгөөр:
"Тэгвэл... яагаад?"
Эффигийн нүүрнээс инээмсэглэл алга боллоо.
"Учир нь тэд сул дорой. Нэг бүрчлэн сул дорой. Хамгийн амжилттай нь хүртэл. Яагаад гэдгийг мэдэх үү?"
Түүний хүрэн нүдэнд харанхуй оч гялсхийж:
"Ганлауг өөрийн хяналтаас гадуур хүчтэй хүн байлгахыг зөвшөөрөхгүй. Тиймээс... би та нарын замч болохгүй. Уучлаарай, гүнж ээ."
Өөрчлөгдөж буй Од хөшиж, илт сандарсан байдалтай болов. Амаа нээж хааж, уруул нь эв хавгүй жимийв.
Шүрэн ойгоор аялж байхдаа нийгмийн ур чадвараа хичнээн сайжруулсан ч энэ яриа түүнд хэтэрхий хүнд байлаа.
Чимээгүйд Санни гэнэт тайван атлаа үл ялиг өдөөн хатгасан өнгөөр:
"Тэгвэл тэр Ганлауг чинь чамайг оршихыг зөвшөөрч байгаа юм биш үү?"
Эффи нэг хөмсгөө өргөн инээмсэглээд, юу ч хэлсэнгүй.
Эцэст нь Нефис өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах боломжтой болов.
"Бид шинэ байж магадгүй. Гэхдээ сул дорой биш. Шүрэн ойд Санни бид хоёр нийлээд Сэрэгч араатныг зуу зуугаар нь устгасан..."
Гэтэл анчин үгийг нь дахин таслаад:
"Үнэн байсан ч тэр бол тэндээ мундаг нь. Харин энд бол өөр, Харанхуй хотод байдал Шүрэн ойн байдал газар тэнгэр мэт ялгаатай."
Тэр хоёр бие бие рүүгээ тас ширтлээ. Нэг нь тайван инээмсэглэлтэй, нөгөө нь нүдэндээ зөрүүд гал асаасан байв.
_Энэ надад таалагдахгүй байна..._
Эцэст нь Өөрчлөгдөж буй Од ярвайв.
"Тэгвэл бид хүч чадлаа баталчихвал чи бодлоо өөрчлөх болов уу?"
Үүнийг сонссон Эффи хөхрөн инээд алдав.
"Хөөх. Чи дандаа амархан юм шиг хэлэх юм. Балгас руу хөл тавьж ч чаддаггүй хүмүүс хичнээн байдгийг мэдэх үү? Та нар энэ тамд хэдэн жил амьд үлдээд... магадгүй дараа нь энэ тухай ярилцаж болно."
Нефис хэсэг түүн рүү харснаа, нүүрэндээ бараан инээмсэглэл тодрууллаа.
"Орой дахин ярилцъя. Тэр үед чи бодлоо өөрчилсөн байх болно шүү."