123-р бүлэг : Тус болсон гар
Нефис эцэст нь ухаан санаагаа бүрэн олоод удаагүй байхад тэд аварга чулуун гарын хоргодох газраас явахаар бэлтгэв. Өглөө дөнгөж эхэлж байсан тул үлдсэн зайг туулж, гүн бөгөөд асар том тогооноос гарч авирахад хангалттай цаг байлаа. Хэрвээ бүх зүйл санаснаар болбол, дараагийн нар жаргах үед тэд нууцлаг хотын өндөр ханан дээр хүрч очих ёстой байв.
Мэдээж, түүнээс өмнө олон зүйл буруугаар эргэх боломжтой. Гэсэн ч ямар нэг шалтгаанаар Санни өөдрөг санагдаж байлаа.
Энэ бол түүний хувиа хичээсэн, байнга сэжиглэж сэрддэг зүрх сэтгэлд ховорхон тохиолдох мөч байв.
Өмнөхтэй адил Санни, Нефис хоёр ээлжилж хэдэн арван метр уруудан бууж, алтан олсны тусламжтайгаар Кассиг бие бие рүүгээ доошлуулж байлаа. Гэхдээ энэ удаа тэд сүүлчийн удаагаас хамаагүй хүчтэй болсон байв.
Санни аварга хүлэгт баатрын хөшөөнөөс ингэж уруудах ямар их ядаргаатай байсныг санан инээмсэглэв. Одоо бол тэр үүнийг дараалан гурван удаа, бүр илүү хурдан хийж чадна гэж мэдрэгдэж байлаа. Сүүлийн хэдэн өдрийг эцэс төгсгөлгүй Хар дарсан зүүдэнд өнгөрөөж, бие махбодоо бараг унтраах хэмжээнд хүргэсэн атлаа одоо булчин бүр нь уян хатан хүчээр дүүрэн байв.
Улаан Шүрэн ойн аюултай тамд өнгөрүүлсэн энэ хоёр сар амь насаа хамгаалан тасралтгүй тулалдаж, ямар ч Нойрсогч хэзээ ч нүүр тулах ёсгүй Хар дарсан зүүдний мангасуудыг нэг нэгээр нь хороосон тэр хугацаа тэд гурвыг асар ихээр хүчирхэгжүүлжээ.
Ийм харгис хэрцгий “гарааны шалгуур”-ыг давж, амьд үлдээд ярьж чадсан Сэрэгчид олон байдаг гэдэгт Санни эргэлзэж байв. Бодит ертөнцөд буцаж очвол тэр өнөөгийн үеийнхний элит төлөөлөгчдийн нэгт тооцогдох нь гарцаагүй.
_Хмм, энэ чинь асуудал ч болж мэднэ шүү_, гэж тэр дотроо бодов.
За яах вэ, бүхнийг Нефис дээр тохож болно. Тэр аль хэдийн домгийн мэт оршихуйд дөхсөн домогт Үхэшгүй Дөл овгийн сүүлчийн охин, Анхны Хар дарсан зүүдэнд Жинхэнэ Нэр хүртэж чадсан түүхэн цөөн Сэрэгчдийн нэг, Академийн Нойрсогчдын дундах шилдэг оюутан… гэх мэтээр.
Ийм суут ухаантан бүсгүй хоёр өрөвдмөөр сул дорой амьтныг нуруундаа үүрээд Хаалга хүртэл аваачсан гэдэгт хүмүүс амархан итгэнэ.
Санни ялалтынхаа түүхийг ярихдаа үгээ л няхуур сонгох хэрэгтэй байв. Аз болоход энэ тал дээр тэр жинхэнэ мастер. Ийм бодлоор өөрийгөө зугаацуулсаар тэр цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч анзаарсангүй. Удалгүй тэд аль хэдийн газарт ойртож байлаа.
Зөөлөн хар шаварт үсрэхийн өмнөхөн Нефис Санни руу хараад:
“Сэрэмжтэй бай” гэж хэлэв.
Түүнд сануулах ч шаардлага байсангүй. Санни хамгийн сүүлчийн хэсэг хамгийн аюултай байдгийг сайн мэднэ. Учир нь хүмүүс энэ үед тайвширч, хамгийн муу нь аль хэдийн ард үлдсэн гэж эндүүрэх нь элбэг. Зорилго нь нүдэнд харагдаж байхад л олон Сэрэгчид эмгэнэлтэйгээр амиа алдсан байдаг.
Тэр тэдний нэг болох бодол огт байсангүй.
Санни Кассиг болгоомжтойгоор доошлуулж, Нефис түүнд олсны гогцооноос гарахад нь туслахыг харсны дараа өөрөө үсрэн буув. Тэр уян хатан өнхрөлтөөр газардан, агшин зуур босож, нэг гараа сунган, хэрэг гарвал хормын дотор Шөнө Дундын Хэлтэрхийг дуудах бэлэн байдалд орлоо.
Гэвч тэднийг алах гэж оролдсон юм юу ч байсангүй.
Санни, Нефис хоёр хурц харцаар бие бие рүүгээ хараад, дараа нь аажмаар урагш алхав.
Минут өнгөрөх тусам алсад харагдах саарал хана улам ойртсоор байлаа. Нэгэн агшинд Санни Өөрчлөгдөж буй Одод зогсох дохио өгөөд, харанхуй тэнгисийн хараалд идсэн гүнээс тэднийг аварсан хөшөөг дахин харахаар эргэв.
Асар том тогооны налуу дээр, жаахан хазайсан байдалтай, хөнгөн намирсан хувцастай, нарийхан биетэй эмэгтэйн аварга хөшөө хар шаврын дээгүүр сүндэрлэж байв. Тэр үзэсгэлэнтэй, уян налархай биений нарийн бэлхүүс, тэнгэр өөд тэлсэн нарийхан гарууд нь тэнгэрийг тэврэх гэж буй мэт.
Ядаж л хэзээ нэгэн цагт тийм байсан бололтой. Одоо бол нэг гар нь тасарч, зөвхөн мөрний хэсэг нь л үлджээ. Аз болоход нөгөө гар нь бүтэн хэвээр байсан бөгөөд тэдний цөхрөлийн мөчид гурван Нойрсогчийн авралын орон байр болж өгсөн юм.
Санни таамагласанчлан, түүний дээлний чулуун гадаргуу дээр долоон гялалзсан од сийлээстэй байлаа.
Гэвч түүний сониуч занг хамгийн их татсан зүйл бол аварга хүлэгт баатрын адил энэ уян гоолиг эмэгтэй ч мөн толгойгүй байв. Эдгээр чулуун аваргуудыг анхнаасаа нүүр царайгүй бүтээсэн үү, эсвэл хожим нь ямар нэгэн сүйтгэгч уур хилэнгийн оргил үед толгойг нь тасалсан уу гэдэгт Санни дахин эргэлзэв.
“…долоон тамгийг манах долоон таслагдсан толгой…” — гэж тэр Кассиагийн аймшигт зөгнөлийг санан бодлоо.
Тэр үзэгдлийн нууц нь үнэхээр сэтгэл татам байлаа. Гэсэн ч энэ нь тайлагдах хувь тавилангүй мэт санагдав. Бодит ертөнцөд буцсаны дараа Санни энэ хараалд идэгдсэн газарт дахин хэзээ ч ирнэ гэдэгтээ эргэлзэж байв.
Зүүдний ертөнц асар олон бүстэй, тэдгээрийн бараг бүх нь там шиг Мартагдсан Эргээс хавьгүй дээр.
_Энэ бүх балай юмсыг чөтгөр аваг_ гэж тэр дотроо хараав.
Амийг нь аварсан хөшөөнд дуугүйхэн талархал илгээгээд, Санни эргэж баруун тийш алхав.
…Налуу нь бараг босоо шахуу болсон хэсэгт ойртоход л эцэст нь ямар нэгэн аюултай зүйл тохиов. Санни хар шаварт булсан том хавтгай чулуун дээр гишгэх гэж байтал, гэнэт тэр чулуу хөдөлж, хажуу тийш өнхрөв.
Асар том тогооны хоосон уудамд аймшигтай архиралт цуурайтаж, түүний зүрхийг жихүүдэс хүргэв.
Хөрсний доороос ямар нэгэн зүйл мөлхөн гарч ирж байна гэж айсан Санни ухран үсэрч, сэлмээ дуудлаа. Хажууд нь Нефис мөн адил хөдөлж, харин Кассиа саад болохгүйн тулд хурдан ухарсан байв.
…Гэвч шаварт юу ч хөдөлсөнгүй. Аварга араатан гарч ирэн махыг нь зооглоогүй, аймшигт жигшүүрт зүйл мөчрөө сунган тэднийг доош чирсэнгүй.
Тэгвэл… тэр аймшигтай архиралт юунаас болов?
Санни юу болж байгааг ойлгох гэж оролдож байтал, гэнэт баруун шилбэнд нь хурц өвдөлт нэвт сүлбэв. Доош харахад тэр… тэр харсан зүйл нь
"Хараал идсэн чулуу миний шилбийг мэрж байна!"
Чулуу үнэндээ бол хачин жигтэй Хар дарсан зүүдний мангас байлаа. Гадаргуу дээр урт, хурц шүдээр дүүрэн ам ангайж ил гаргав. Тэр эв дүйгүйхэн хэд өнхөрч Саннид ойртон, зөөлөн мах руу нь соёогоо шигтгэхийг оролдлоо.
Аз болоход, Хүүхэлдэйчний Нөмрөгийн арьсан гутал чулуун шүдэнд дэндүү хатуу байв. Тиймээс тэр чулуу хүчгүй ууртайгаар арьсыг л мэрж байлаа.
Нөхцөл байдал өвдөлттэй байсан ч, огтхон ч аюултай биш байв.
Санни чулуу руу ширтээд, толгойгоо өргөн Нефис рүү будилсан харцаар харав. Түүний царай өмнөх шигээ л хайхрамжгүй байсан ч, хамт өнгөрүүлсэн бүх хугацааны дараа Санни нүүрэн дээр нь тодхон бичигдсэн төстэйхэн инээдэмтэй байдлыг таньж чадлаа.
“Ээ…”
Санни булчингаа чангалаад, хавчуулагдсан хөлөө дээш өргөн хэд сэгсэрч, тэнэг чулууг хол шидэхийг оролдов.
Гэвч энэ хачин мангас үнэхээр зөрүүд байлаа. Дахин нэг нүргээнт архиралт гарган, Саннигийн шилбийг мэрэх оролдлогоо улам ширүүсгэв. Чулуун шүд нь даралтад цуурах дөхөж байв.
"Ямар өрөвдмөөр амьтан бэ. Намайг алах ганц найдвар нь намайг уурлуулж байгаад үхүүлэх л байх даа" гэж Санни хөмсгөө атируулан бодов.
Ийм Хар дарсан зүүдний мангас яаж оршдог байна аа?!
"Тэдний дунд ч гэсэн бүтэлгүйчүүд байдаг юм байна, тийм үү?"
Толгойгоо сэгсрэн, Санни сүүдрээ Шөнө Дундын Хэлтэрхийг ороон бүрхэхийг зөвшөөрөөд, бүх хүчээрээ ирийг нь өлсгөлөн чулуун дээр буулгав.
Сэлэм тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгарсан ч, эцэст нь мангасын чулуун биеийг нэвт сүлбэн бут цохиж чадлаа.
Хачин амьтан эцсийн мөч хүртлээ Санниг хазах гэж оролдсоор, тэрсэлсэн хэвээрээ үхэв.
Чулуун үйрмэгүүд шаварт унахад, Хараалын хоолой шивнэн сонсогдов:
[Чи Сэрсэн мангас : Өнхөрдөг Чулууг устгалаа.]
[Чиний сүүдэр илүү хүчирхэгжив.]
[Чи …]
Саннигийн царайд гарсан этгээд илэрхийллийг хараад Нефис асуув:
“Юу болсон бэ?”
Тэр түүн рүү хараад хэсэг хугацаанд гацав.
“Аа… би дөнгөж сая нэг Дурсамж авчихлаа.”
Өөрчлөгдөж буй Од хөмсгөө өргөөд, баясгалантай өнгөөр:
“Сайн хэрэг байна. Ямар төрлийн Дурсамж вэ?”
Санни толгойгоо маажиж, хэсэг эргэлзсэний эцэст хариулав:
“Ээ… энэ чинь… чулуу юм шиг байна. Энгийн нэг чулуу…”