231-р бүлэг : Чулуун аварга
Санни хэсэг хугацаанд аваргын савлаж буй алх дээр үлдэж, амьсгаагаа намсган амрав. Гэвч удалгүй харанхуй тэнгисийн ус хангалттай өндөрсөж, түүний байрлал аюултай боллоо.
Гүнзгий санаа алдаад тэр босож, Мөшгигч Өргөсөө чулуунаас сугалав. Аварга гараа өргөхийг хүлээгээд Санни доош үсрэв. Салхи чихэнд нь исгэрч, хэдхэн хормын дараа аваргын бугуй дээр өнхрөн газардлаа. Дөнгөж босож амжтал доорх чулуун гадаргуу огцом доош савлав.
Кунайгаа дахин нэг ан цавд шигтгэн, шүдээ зуун амь тэмцэн зууралдав. Удалгүй зогсож буй гадаргуу нь доош хазайж, дараа нь босоо хананд хувирч, доор нь харагдах зүйл гэвэл зөвхөн хараалт тэнгисийн харанхуй ангал.
Тэр хананаас унжсан чигээр хараал урсган, аварга гараа дахин өргөхийг хүлээлээ.
Тэр мөч ирмэгц Санни шууд урагш давхив. Дараагийн савлагаанаас өмнө түүнд хэдхэн үнэт секунд байсан тул аваргын гар савлах бүрд аль болох их зайг туулж амжих ёстой.
Хэт удаан байвал хар тэнгис түүнийг гүйцнэ.
Алхдаг хөшөөний тохой руу ойртох тусам зам нь улам эгц болж, эцэст нь гүйх боломжгүй болов. Санни авирч эхлэв. Гар нь тулаанаас болон жингээ дааснаас ядарсан ч тэр зөрүүдлэн дээшилсээр.
Тохойд хүрч, дээш авирахад савлагааны далайц мэдэгдэхүйц багасав. Одоо түүнд зөвхөн босоо ханыг туулж, аваргын мөрөнд хүрэх л үлдсэн.
Хальтиргаа чулуун дээр авирах амаргүй ч Санни ийм зүйлд аль хэдийн дассан. Ямар ч байсан энэ нь нэгэн цагт ширүүн шуурганы үеэр өсөн нэмэгдэх тэнгистэй уралдан, эцэст нь хар усанд урсгагдаж, сүүлчийн мөчид Нефисд аврагдсан үеэс хавьгүй дээр.
Ядаж энэ удаа тэр түүнийг аврах шаардлагагүй.
Энэ ичгүүртэй байх байсан…
Хэсэг хугацааны дараа Санни дугуй тавцангийн ирмэгийг давж, төв рүү нь мөлхөн очоод, түүнийг түгшүүртэй харцаар хүлээж байсан бусдын дэргэд хэвтэн унав.
"Санни? Зүгээр үү?"
Кай ухаан орсон байлаа. Жаахан замбараагүй харагдаж байсан ч урьдын адил гайхалтай царайлаг. Санни түүн рүү гөлрөн ширтээд санаа алдав.
"…Амьд байна."
Удалгүй Нефис асуулаа.
"Юутай тулалдсан бэ?"
Санни нүүрээ ярвайлгав.
"Том муухай өт. Буцаагаад ус руу нь шидчихсэн."
Ингээд тэр босож суун, чулуун аваргын мөр давсан харанхуй тэнгисийг ширтэв.
Гадаргуу нь нам гүм, хар.
Хэн ч тэднийг хөөж байсангүй бололтой.
"Одоо алга болсон. Амарцгаа. Би харуулд гарна."
───
Тэр үүр цайтал сэрүүн байж, дараа нь бусдыг сэрээв. Тэд босоход Санни хүйтэн чулуун дээр хэвтэж, ядарсан нүдээ анилаа.
Өчигдөр тэр алхдаг чулуун аваргын дээр унтаж чадахгүй гэж бодож байв. Гэвч энэ урт шөнө ямар их ядраадаг болохыг дутуу үнэлжээ. Хэдий хүчирхэг Нойрсогч байсан ч бие амрах хэрэгтэй.
Үнэндээ савлагаа нь хүртэл нэг л тайвшруулмаар.
Удалгүй тэр гүн нойронд автав.
…Сэрэхэд нар аль хэдийн тэнгэрт өндөр манджээ. Эвшээж суусан Санни Төгсгөлгүй Булгийг дуудаж, шуналтайгаар ус уув. Хажууд нь хэн нэгэн хоол тавьсан байсныг олж хараад, бодолгүйгээр авч идэж эхлэв.
'Аа, яг таарлаа.'
Амтаас нь Нефисын хоол гэдгийг танин, тэр тэдний зоригт ахлагч руу харж инээмсэглэв.
Бусад нь ажиллаж байхад залхуутай хэвтэх сайхан юм.
Санниг унтаж байх хооронд тавцан өөрчлөгджээ. Жигшүүрт аалзнуудаас салгаж, Эффигийн цүнхэнд хадгалсан төмөр хавтангуудыг тойруулан байрлуулж, алтан олсоор холбон түр зуурын хашлага хийсэн байв. Мөн заримыг нь саваа хэлбэрт оруулж, агаараас довтолбол ашиглах шидэх жад болгон төв хэсэгт байрлуулжээ.
Одоогоор Кай, Эффи хоёр аваргын зүүн мөрөн дээр нэмэлт хамгаалалт барьж, Нефис дээрээс нь ажиглаж байлаа.
Тэд ямар ч эрсдэл гаргахыг хүсэхгүй. Шүрэн ойгоор хийх аялал хэчнээн гайхалтай ч аюул дүүрэн хэвээр. Болгоомж илүүдэхгүй.
Санни ёжтой инээмсэглэв.
'Яасан их ажил вэ. Ямар муу юм тохиолдох вэ дээ… үгүй. Энэ үгээ дуусгахаа больё.'
Түүний дэргэдэх сүүдэр ёжтой алга ташив.
Толгой сэгсрээд Санни чимээгүйхэн хоолоо дуусгаж, тавцангийн ирмэг дээр очин Мартагдсан эргийг доош ширтэв.
Доор Шүрэн ойн улаан газрын байдал аажмаар өнгөрөнө. Чулуун аварга өмнө зүг рүү алхаж, алхам бүрдээ улаан шүрэн уулсыг хайхрамжгүй гишгэлэн буталж байв. Үзэгдэл нь нэгэн зэрэг сэтгэл татам атлаа гунигтай.
Хаашаа ч харсан, нүд хүрэх газар хүртэл зөвхөн улаан шүр. Энд тэнд саарал тэнгэр лүү цухуйх өндөрлөгүүд л үзэгдэнэ.
Мартагдсан эрэг үнэхээр уудам.
Мөн түүний сантиметр бүр аймшигт аюулаар дүүрэн.
Түүнээс холгүй Кастер ч газар нутгийг судалж байлаа. Гэвч түүний сонирхол зүгээр нэг сониуч биш. Өөрчлөгдөж буй Одын газрын зураг түүний хажууд дэлгэгдэж, тэр үе үе шинэ тэмдэглэгээ нэмж байв.
Санни санаа алдав.
Тэд зорьсон газартаа хүрэхийн тулд чулуун аваргын мөрөн дээр зорчиж байгаа ч буцахдаа Харанхуй хот хүртэл бүх замыг өөрсдөө туулна.
Энэ нь олон сарын аялал.
Энэ там мэт газар дундуур, зөвхөн өөрсдийн хүч чадал, ухаанд найдан амьд үлдэх аялал.
Кастерын өнөөдөр нэмж буй мэдээлэл ирээдүйд үнэлж баршгүй үнэтэй болно.
…Гэхдээ тэр бол маргаашийн асуудал.
Одоо бол Санни багахан амсхийх эрхтэй.
Тэр харцaa буруулан доорх үзэмжийг дахин ажиглав.
…Тамын үзэсгэлэнт дүр төрхийг ийм ойроос харах боломж ховор шүү.