208-р бүлэг : Үр ашигтай зүйл
Кай руу алхахдаа Санни хоолойгоо засан, нүдээ дарахгүй байхыг өөртөө хүчээр тулгав. Энэ хараал идсэн харваач хэтэрхий гялалзсан. Бодит ертөнцөд байсан бол цамцгүйгээр олон нийтийн газар явахыг нь шууд аюултай ангилалд оруулах байсан байх.
Хэрэв тэгээгүй бол үнэхээр том алдаа.
'Ийм амьтан яаж бүтээгдсэн юм бол? Нууц засгийн газрын лабораторид уу, эсвэл ямар нэг шидэт тогоонд уу. Үнэндээ энэ нөхөр надтай адил төрөл зүйл байх боломжтой гэж үү… тийм биз дээ?'
Хэдэн секунд дуугүй ширтсэний дараа Кай эелдгээр инээмсэглэв:
"Өө, Санни? Чамд ямар нэг хэрэг гарсан уу?"
Санни цочин, нүдээ дарлаа.
"Аа! Над руу битгий инээмсэглэ"
Кай нүдээ анивчуулан:
"...За тэгье."
Хүнд амьсгалан Санни түүн рүү ширтэж, гараа аажмаар буулгав.
"Ингэвэл дээр. Тийм ээ, надад чиний хэрэг байна."
Кай гэнэт сонирхсон харцтайгаар цээжээ заав.
"Юу вэ? Нэмэлт хэрэгсэл үү?"
'Юу яриад байна…'
Доош харахад Санни хүзүүндээ уясан утсан дээр дүүжлэгдсэн нууцлаг түлхүүрийг анзаарав.
Тэр үүнийг бусдад харуулахыг хүсээгүй ч Хүүхэлдэйчний Нөмрөг Сүнсний тэнгистээ сэргээгдэж байсан тул нуух газар бараг байсангүй.
Ядаж өөрийн зөвшөөрөх газар.
Түүнээс гадна бусад нь тэнгэрлэг гэрлийг харж чадахгүй, тэдэнд бол зүгээр л жижиг төмөр түлхүүр харагдана.
Санни хөмсгөө зангидлаа.
"Нэмэлт хэрэгсэл биш ээ. Түлхүүр."
Кай хэсэг тээнэгэлзэв.
"Өө. Юуг нээдэг юм?"
Санни мөрөө хавчив.
"Би яаж мэдэх юм?"
Сэтгэл татам харваач бага зэрэг будилсан бололтой.
"Хэрэв нэмэлт хэрэгсэл биш, бас юу ч нээдэггүй бол яагаад авч яваад байгаа юм?"
Асуултууд нь түүнийг залхааж эхэллээ. Санни санаа алдав.
"Юм нээхийн тулд шүү дээ!"
Кай хамраа маажин:
"Гэхдээ чи сая юу нээдгийг нь мэдэхгүй гэлээ шүү дээ."
Санни шүдээ зуун:
"Энэ чинь хараал идсэн түлхүүр биз дээ?! Тэгэхээр ямар нэг юм нээж таарна! Би зүгээр л тэр түлхүүрээр онгойлгож болох юм олдох вий гэж авч явж байгаа юм! Юу нь ойлгомжгүй байна?!"
Үзэсгэлэнт харваач түүн рүү хачин харцаар харав.
"Өө… ойлголоо. Одоо л ойлгомжтой болж байна."
'Хараал ид… ингэж эхлэх бодолгүй байсан шдээ…'
Санни шууд нүүрний хувирлаа сольж, Кай руу өргөн инээмсэглэлээр харав.
…Гэнэтийн өөрчлөлт бага зэрэг аймшигтай харагдана.
"Өө, би хэлэх гэсэн юм нь, Найтингэйл минь, хайрт найз минь… бид найзууд биз дээ? Ямартай ч, би чиний сониуч занг хангалттай хангаж чадсан гэж найдаж байна. Найз хүн ингэж хэлдэг… тийм биз?"
Кай эргэлзсэн харцаар:
"Тийм байж магадгүй?"
Санни инээмсэглэлээ улам өргөж, нүүр нь бага зэрэг өвдөж эхлэв.
"Гайхалтай! Тэгэхээр бид найзууд. Зарим хүмүүс өнөөдөр чиний азтай өдөр гэж хэлж магадгүй. Яагаад гэвэл өнөөдөр, зөвхөн өнөөдөр, магадгүй, Саннигийн Гоёмсог Дэлгүүр онцгой найзын хөнгөлөлт санал болгож байна! Зөвхөн найзуудад. Чи үнэхээр азтай байна, тийм үү?"
Кай гэнэт ханиалгав.
"...Өмнө нь Саннигийн Гайхамшигт Дэлгүүр байсан биш үү?"
Санни нүдээ анив.
"Тийм байсан бил үү? Ямар хамаа байна. Санал хэвээрээ. Сонирхож байна уу, үгүй юу?"
Харваач хэсэг бодолхийлснээ болгоомжтой хэлэв:
"Гэхдээ Санни… яг ямар санал вэ гэдгийг чи хэлээгүй байна. Найзуудад зориулсан худалдаа юу, эсвэл чи надад "нөхөрлөл"-өө зарах гээд байна уу? Эсвэл минийхийг авах уу? Эсвэл хоёуланг нь? Би бүр будилчихлаа."
Яг ийм хариу хүлээж байсан мэт Санни толгой дохив.
"Тийм! Сайхан асуулт байна. Үнэндээ би гайхалтай нэг зүйл зарах гэж байна. Маш гайхалтай болохоор өөрөөсөө салгах дургүй ч, чи найз учраас бараг үнэгүй өгнө. Бүрэн найзын хөнгөлөлт, зөвхөн чамд. Талархах хэрэггүй."
Дуу чимээнд татагдсан бусад нь ажлаа орхиж, тэднийг ширтэж байлаа. Эффи мах шарахаа мартан, энэ "үзүүлбэр"-ийг догдлон харж байв.
Анхаарлын төвд орсноо ойлгосон Кай санаа алдав.
"За яахав, сонсъё. Яг юу зарах гээд байна?"
Санни хэсэг чимээгүй байснаа гэнэт инээхээ больж:
"Зүгээр л Сүнсний тэнгистээ хадгалж байсан нэг зүйл. Хязгааргүй сум үүсгэж чаддаг Дурсамж. Мэдээж чи алдахгүй бол."
Кайгийн нүд гэнэт гэрэлтэв. Тэр сумны хайрцгаа хараад:
"Хүлээ… үнэхээр үү? Чамд тийм Дурсамж байгаа юм уу?"
Удаан бодсоны эцэст Санни Цусан сумыг Кайд өгөхөөр шийдсэн. Багийн харваач үүнийг ашиглавал аялал илүү хялбар болно.
Тэр ирээдүйд нум авч сурах боломжтой ч одоохондоо биш. Мөн Цусан сумны ид шид аюултай тул төгс ур чадвар шаардлагатай. Тийм ур чадвар эзэмшихэд цаг хэрэгтэй, харин түүнд тийм цаг алга.
Тиймээс чадварлаг харваачид өгөх нь илүү зөв.
Саяхны аалзнуудтай тулалдаан энэ шийдвэрийг улам баталгаажуулсан.
Гэхдээ тэр үнэгүй өгөхгүй.
"Тийм ээ, надад байгаа."
Дараа нь тэр санаандгүй мэт нэмэв:
"Аан, хэлэхээ мартчихаж. Хязгааргүй сумнаас гадна бүх сум нь Дэвшсэн зэрэглэлтэй."
Гантиг нуман дээр нам гүм ноёрхов.
"Чи… чи Дэвшсэн Дурсамж эзэмшдэг гэж үү?"
Энэ асуултыг Кастер асуув. Кай асуух шаардлагагүй, тэр Санни үнэн хэлж байгааг мэдэж байлаа.
Нүд нь бага зэрэг томров.
Мартагдсан Эрэг дээр Дэвшсэн Дурсамж маш ховор. Учир нь Нойрсогчид зөвхөн Нүгэлт Хар дарсан зүүдний мангасыг ялснаар ийм зүйл авах боломжтой, тийм чадалтай хүмүүс ч цөөн. Дээрээс нь алах бүрд Дурсамж өгдөггүй.
Ийм зүйл авах нь Харанхуй хотын хүн бүрийн мөрөөдөл.
Санни мөрөө хавчив.
"Надад бүр хоёр бий шүү дээ. Яасан?"
…Нөгөө нь оникс хуяг. Гэхдээ тэр нь эвдэрсэн. Үүнийг хэлэх шаардлагагүй.
Тэр инээмсэглэв.
"Зөвхөн шилдэг бараа Саннигийн Гайхамшигт Дэлгүүрт! Эсвэл… Гайхалтай Дэлгүүр байсан ч билүү? За ямар ч байсан ойлгож байгаа биз."
Кастер толгой сэгсрэв.
"Чи яаж Дэвшсэн Дурсамж авсан юм бэ?"
Саннигийн инээмсэглэл хөшиж, хэдэн хормын дараа дуу нь хүйтэн болов.
"Мэдэхийг хүсэж байвал… би Нүгэлт Араатныг алж авсан. Бас асуухаас чинь өмнө хэлчихье, энэ удаа би хуруугаа хөдөлгөж, шүлс үсэргээгүй. Зүгээр л харсан… тэгээд тэр үхсэн."
Дараа нь тэр толгойгоо эргүүлж, Кастер луу шууд ширтэв:
"Би юм ч устгахдаа нэлээд гаргууд шүү."