187-р бүлэг : Хүчний сорилт
Сүүдрийн нууцыг сурах оролдлого маш удаан явцтай байлаа. Санни Чулуун Гэгээнтэнтэй тулалдах үедээ л тэр нууцлаг тулааны хэв маягийн өчүүхэн хэсгийг харж чаддаг байсан. Харин ингэхийн тулд ихэвчлэн бүх анхаарлаа тулаанд төвлөрүүлэх шаардлагатай болдог байлаа. Тэр өрсөлдөгч дээрээ бүрэн төвлөрөөгүй үед тэдний мөргөлдөөн хэдхэн секундэд дуусдаг тул ажиглах зүйл бараг үлддэггүй.
Гэвч тулаанд бүрэн төвлөрөх үедээ тэр сүүдэртээ анхаарал хандуулах боломжгүй болдог. Ингэснээр ажиглах боломж бүрмөсөн үгүй болно.
Энэ хоёрын хооронд зөв тэнцвэр олох нэлээд амаргүй байлаа. Бас маш их өвдөлттэй. Алдаа гаргах бүрд түүний биед шинэ хөхрөлт нэмэгдэнэ.
Гэсэн ч ахиц байсаар байлаа.
Санни одоохондоо тэр тулааны урлагийн гүн рүү нэвтэрч чадахгүй байсан ч аажмаар мэдрэмжийг нь олж эхэлж байв. Түүний сүүдэр өөрөөс нь илүү аюулгүй хэрнээ аюултай, илүү шингэн урсгал мэт, илүү уян хатан байлаа. Түүний хөдөлгөөнд Саннид байхгүй нэг төрлийн гоёмсог хэмнэл мэдрэгдэнэ.
Яг л бүжиглэж байгаа мэт.
Сүүдрийн бүжиг.
Том нээлт хийж чадахгүй байгаад бухимдсан Санни өөрийгөө улам шахахыг хүссэн ч эцэст нь өөрийгөө зогсоов. Цусан сүлжээний тэсвэртэй нөлөөг тооцсон ч түүний бэлтгэлийн хуваарь биеийг нь аль хэдийн хязгаарт тулгасан байлаа.
Хэрэв тэр Нефистэй хамт урт аянд явах гэж байгаа бол биеийнхээ эрүүл байдлыг хадгалах ёстой.
Эс тэгвээс Шүрэн ой руу туйлдсан, шархадсан байдалтай орох болно.
Гэхдээ Санни нэг зүйлийг ойлгоогүй байв. Туршлага дутмаг байснаас гадна тэр ихэнхдээ өөрөө өөрийгөө сургаж ирсэн тул үүнийг анзаараагүй.
Үнэндээ түүнтий энэ амжилт аль хэдийн хүмүүсийн дунд онцгой зүйл болсон байлаа.
Ихэнх эхлэгчид янз бүрийн тулааны хэв маягийн өнгөц хэсгийг нь ч эзэмшиж чаддаггүй. Тэр байтугай тэдний үндсэн шинж чанарыг ойлгох нь бүр ч хол. Тэд зүгээр л дүрмийг дагадаг. Яагаад тийм байдгийг ч ойлгодоггүй. Тулааны хэв маягийг маргаангүй, хатуу зүйл мэт үздэг.
Зөвхөн маш их туршлагатай тулаанчид л тулааны урлагийн мөн чанарыг хангалттай ойлгож, түүнийг өөрчлөх гэж оролддог.
Тиймээс Санни аль хэдийн бусдаас хол түрүүлсэн байлаа. Гэхдээ түүнд хэзээ ч жинхэнэ багш байгаагүй тул энгийн хүн хэзээ ч хийж чадахгүй зүйлийг оролдож байгаа эсэхээ мэдэхгүй.
Түүний өөртэйгөө харьцуулах цорын ганц хүн бол Нефис. Харин Нефис өөрөө ч бас ер бусын нэгэн.
Хэрэв нэртэй тулааны мастерууд нэг захын хорооллоос гарсан, өөрөө өөрийгөө сургасан нэгэн залуу хоёр маш төвөгтэй тулааны хэв маягийг задлан шинжилж, үндсэн элементүүдэд хуваагаад өөрт тохируулан нэгтгэж чадсаныг мэдвэл тэд цочирдох байсан.
Дээрээс нь тэр өөрийн сүүдрээс гурав дахь хэв маягийг сурах гэж оролдож байлаа. Гэвч Санни өөрийгөө зүгээр л бүтэлгүй, бас маш удаан байна гэж бодож байв.
'Ёстой новш юм аа. Магадгүй би зүгээр л тэнэг байх…'
Шалнаас босож, Санни санаа алдан духныхаа хөлсийг арчив. Дараа нь Чулуун Гэгээнтэн рүү харж хананд налав.
"Чи бэлтгэл хийж дууссан уу?"
Эффи ойролцоо сууж, уйдсандаа үхэх шахаж байлаа. Санни өөрийгөө тамлаж байгааг харах нь түүний энэ харанхуй өрөөнд зугаацах цорын ганц арга байв. За, тэрнээс гадна өөрөө түүнийг тамлах. Бас бусад зүйл.
'Ямар хамаатай юм..'
Санни ядарсан байдалтай толгой дохив.
"Тийм. Өнөөдөр аль хэдийн орой болж байна. Би жаахан амраад дараа нь гадагшаа гарна."
Анчин бүсгүй нүдээ нарийсган:
"Дашрамд хэлэхэд, чи цаг хэд болж байгааг яаж мэддэг юм бэ? Энд цонх байхгүй. Далай ч сонсогдохгүй."
Санни гунигтай царай гарган түүн рүү харж, дургүйхэн хариулав.
"Улаан цамхгийн сүүдэр. Би түүнийг мэдэрч чаддаг."
Эффи хэд хэдэн удаа нүдээ анивчаад мөрөө хавчив.
"Аан, ойлголоо. Ямартай ч чи дууссан юм чинь... би найз бүсгүйтэй чинь нэг бэлтгэл хийж болох уу?"
Санни шүдээ зууж, бараг бодолгүйгээр хариулав.
"Тэр миний найз бүсгүй биш!"
Тэр үед л Эффи яг юу асууж байсныг ойлгов.
Тэр өмнө нь Чулуун Гэгээнтэнтэй бэлтгэл хийх сонирхол огт гаргаж байгаагүй. Тийм байтал яагаад одоо гэж?
Гэхдээ тэр хамаагүй л дээ.
"Үгүй. Болохгүй."
Анчин бүсгүй толгойгоо хазайлгав.
"Юу? Яагаад болохгүй гэж?"
Санни ёжлон инээв.
"Би тайлбарлах хэрэгтэй гэж үү? Ингэх хэтэрхий аюултай! Чамд ямар нэг зүйл тохиолдвол яах юм вэ?"
Эффи инээд алдав.
"Тэгэхээр ойлголоо. Чи өдөржин түүнтэй бэлтгэл хийж болдог. Харин надад бол хэтэрхий хэцүү гэж бодож байгаа юм уу?"
Санни толгой сэгсрэв.
"Буруу ойлгох хэрэггүй. Надад ямар нэгэн зүйл тохиолдвол хамгийн муу үр дүнд нь би үхнэ. Харин чамд ямар нэг зүйл тохиолдвол Нефис намайг ална. Эцсийн үр дүн адилхан ч нэг нь нөгөөгөөсөө хамаагүй дээр. Ойлгов уу?"
Эффи гараа зөрүүлэв.
"Өө боль доо! Би зүгээр л хэн нь илүү хүчтэйг мэдэхийг хүсэж байна!"
Санни хөмсгөө зангидан хэлэв.
"Ямар ч боломжгүй. Бүр бодох ч хэрэггүй."
Эффи чимээгүй түүн рүү ширтэв.
"Би үгүй гэж хэлсэн шүү дээ. Би чамайг түүнтэй тулалдуулахгүй!"
Анчин бүсгүй инээмсэглээд:
"Аан, за тэгвэл... асуудалгүй юм байна."
───
Хэдэн минутын дараа Санни урдаа өрнөж буй дүр зургийг итгэж ядан ширтэж байв.
Энэ яаж ийм болчихов?
Тансаг модон ширээний дээр Эффи болон Чулуун Гэгээнтэн хоёр тохойгоороо тулж зогсоно. Тэдний баруун тохой ширээн дээр тулж, алга нь хоорондоо нийлсэн байв.
Сүүдрийн хувилбар дуугүй, хүйтэн харцтай байлаа.
Харин анчин бүсгүй баяр хөөрөөр дүүрэн.
Тэд...
Гар барилдахаар бэлдэж байв. Эффи Санни руу хараад инээмсэглэв.
"Хэн нь ялахыг мөрийцөх үү? Хэрэв би найз бүсгүйг чинь дийлбэл чи надад нэг хэлтэрхий... үгүй ээ, арван хэлтэрхийний өртэй!"
Санни санаа алдан:
"Хэрэв чи ялагдвал?"
Сахилгагүй анчин бүсгүй түүн рүү нүдээ ирмэв.
"...Боль боль, би мэдэхийг ч хүсэхгүй байна. Би мөрийтэй тоглоом тоглодоггүй. Тиймээс үүнийгээ март."
Эффи санаа алдан:
"Ямар уйтгартай юм бэ. За тэгвэл... эхэлье!"
Тэр Чулуун Гэгээнтний гарыг чанга атгаад гар барилдахаар бэлдэв.
"Явлаа!"
Даруйхан Сүүдэр болон анчин бүсгүй хоёр хоёулаа өрсөлдөгчийнхөө гарыг доош дарж эхлэв. Асар их дарамтад орсон ширээ чахарч эхэллээ. Хэсэг хугацаанд Чулуун Гэгээнтэн ялагдах гэж байгаа мэт санагдсан ч эцэст нь түүний гар ердөө ганц миллиметр л хөдөлжээ.
Мангас бадмаараг улаан нүдээрээ залуу бүсгүйг ширтэнэ. Түүний нүүр дуулганы хаалтны цаана нуугдсан байв.
Харин Эффигийн хүрэн ногоон нүд баяслаар дүүрэн байлаа. Нүүрэнд нь тайван инээмсэглэл тодорсон хэвээр.
Гэвч Санни түүнтйг бүх хүчээ дайчилж байгааг харж байв. Нурууны бор өнгийн арьсан доор нарийхан булчингууд нь чангарч байлаа. Түүний бүх бие пүрш шиг чангарч, хүчээр дүүрэн байв.
Гэсэн ч Сүүдрийн гар огт хөдөлсөнгүй. Хоёулаа нэг нэгнээ дийлэхгүй байгаа мэт.
'Хмм. Хэн нь түрүүлж бууж өгөх бол...'
Нэг секунд, дараа нь дахиад нэг секунд өнгөрөв. Гэхдээ юу ч өөрчлөгдсөнгүй.
Эффи болон Чулуун Гэгээнтэн хоёулаа тууштай зогсож, өчүүхэн ч бууж өгөхгүй байлаа. Тэдний энэ эмзэг тэнцвэрийг хадгалахын тулд гаргаж буй хүчийг хараад Саннигаас хүртэл хөлс гарч эхлэв.
'Хоёулаа мангас юм!'
Эцэст нь... Хамгийн түрүүнд бууж өгсөн нь тэдний хэн нь ч биш байлаа.
Харин ширээ байсан юм.
Асар их даралтыг даахаа больсон ширээ зүгээр л...
Дэлбэрчихлээ.
Нүүрээ хамгаалахын тулд нисэж буй модны хэлтэрхийгээс халхалж зогссон Санни хэсэг хөшив. Дараа нь жижигхэн үйрмэгүүдийн овоо руу ширтлээ.
Гүн гуниг болон уур хилэн зүрхийг нь нэвт сүлбэлээ..
'Өө... үгүй ээ! Миний ширээ!'