137-р бүлэг : Бүх харц над дээр
Хүчирхэг цайзын гол танхим сүр жавхлантай, аугаа том харагдана. Өглөөний нарны намуухан гэрэл өндөр цонхнуудаар асгарч, цагаан гантиг хананд ойж, танхимыг цэлмэг гялбаагаар дүүргэж байлаа. Хануудыг хэдэн арван метр үргэлжлэх нарийн сийлбэрүүд чимж, хааны сүр жавхлант хивс мэт дүр төрхийг бүтээжээ.
Танхимын алс захад шат өгсөж, харанхуй хонгил мэт хонхорт хүргэнэ. Тэр хонхрын арын хананд олон жижиг нүх гаргасан бөгөөд нарны гэрэл тэдгээрээр харанхуй руу тусахад, яг л ододтой шөнийн тэнгэрийн нэгэн хэсэг цайзын дотор түгжигдсэн мэт санагдана.
Тэр гэрлийн дор хоосон цагаан сэнтий байв.
Санни хэдэн хором сэнтийг ширтээд, дараа нь харцаа доошлуулан тэднийг ажиж буй хэдэн зуун хүн рүү харлаа.
Танхим дагуу урт модон ширээнүүд байрлуулж, бүдүүн банзан сандал дээр суусан элдэв янзын Нойрсогчид хоолоо идэж байв. Ямар нэгэн шатлал, дэс дараа тэдний суудалд илт харагдах ч, Санни одоохондоо учрыг нь ойлгосонгүй.
Одоогоор тэдний ихэнх нь түүний зүг ширтэж байлаа.
Санни шүлсээ залгив.
Хэдхэн секундын дараа л тэр нэг зүйлийг ухаарсан юм: эдгээр хүмүүс үнэндээ түүн рүү харж байгаагүй. Тэд бүгд Кассиг л ширтэж байв. Түүний гоо үзэсгэлэнд цочирдсон нь илт.
_Новш._
Яг бодож байснаар энэ асуудлын үнэртэй байлаа.
Хараагүй охин харин өөрийнх нь төрх ямар шуугиан тарьсныг огт анзаарсангүй. Саннигийн булчин гэнэт чангарахыг мэдэрмэгц тэр асуув:
“Санни? Яагаад зогсчихов?”
Санни нүдээ нарийсган, Нойрсогчдын зүг хамгийн сүрдмээр харцаа шидээд, нам гүм, хүйтэн хоолойгоор:
“Зүгээр л эндхийн үзэмжийг харж байна.”
Ингээд тэр хоол хуваарилж байсан залуу эмэгтэйчүүд рүү алхаж, уур савсаж буй мангасны махтай шөлнөөс хоёр таваг авав. Дараа нь Кассиг ширээний төгсгөлд арай хоосон буланд хөтөлж очлоо. Бүр цайтай төстэй зүйлтэй хоёр аяга ч олж авав.
Суугаад, бүдүүлэг хийцтэй халбага сэрээг Кассигийн гарт атгуулчихаад, өөрийн таваг руу ширтэв.
Энэ бүх анхаарал түүнд огт таалагдсангүй.
“Хараач, Касс! Ногоо хүртэл байна. Миний шөлөнд дор хаяж хоёр ширхэг… өө… улаан лооль байгаад байгаа юм шиг. Эсвэл лууван уу? Улаан төмс шиг харагддаг чинь юу билээ?”
Санни ногоог зөвхөн Академийн гуанзанд л харж байсан болохоор ялгаж салгахдаа тийм ч сайн биш байв. Багш Жулиус ч энэ тухай их яриагүй ба Зүүдний ертөнцөд бодит ертөнцийн ногоотой тааралдах магадлал маш бага байсан юм.
Тодруулбал, тэр Саннид дэлхийн хамгийн түгээмэл ногоонуудын зургийг түрхэн зуур үзүүлээд:
“Хэрвээ чи хэзээ нэгэн өдөр 'ээ, энэ чинь танил юм шиг харагдаж байна' гэж бодвол… эргэж харалгүй зугтаарай” гэж хэлсэн билээ.
Касси шөлөө үнэрлээд, инээмсэглэн:
“Манжин байх.”
Санни нүдээ анивчив.
“…Сонсож байгаагүй юм байна.”
Тэд ингэж гэмгүйхэн ярилцаж байх хооронд, Санни Сүүдрээрээ дамжуулан Нойрсогчдыг ажиглаж, бүх зүйл буруугаар эргэх мөчийг түгшин хүлээж байлаа.
Тэгээд удалгүй тэр мөч ирэв.
Хоёр ширүүн төрхтэй залуу гэнэт суудлаасаа босож, нүдэнд нь таагүй догдлол гялалзуулан тэдний зүг алхахад Санни шүдээ зуун чангарлаа.
_За ингээд эхэллээ._
Түүнийг асуудалд унагах шалтгаан Кассигийн гоо үзэсгэлэн байна гэж хэн санах вэ? Ихэнхдээ түүний хурц хэл, эсвэл ерөнхийдөө тэвчихийн аргагүй зан нь л гай тарьдаг байсан.
Гадаад төрх нь хэзээ ч биш.
_Өө. Би атаархах ёсгүй биз дээ?_
Хамгийн муу нь, ойртож буй хоёр Нойрсогч илт Ганлаугийн бүлгийнх байлаа. Тэдний хуяг, мөн зэвсгээ жинхэнэ хуйнд хийж авч явж байгаагаас нь л ойлгогдоно. Яг гаднах хоёр тэнэг шиг. Дурсамжийг хүссэн үедээ агаараас дуудах боломжтой атал, ил харагдуулж зүүх цорын ганц шалтгаан нь айлган сүрдүүлэх л байв.
Санни энэ зүйлийг өчигдөр цайзын харуулуудтай уулзахдаа анзаарсан.
Харпер юу гэж хэлсэн билээ?
"Хэрвээ Ганлаугийн хүмүүсийн нэгтэй “үл ойлголцол” гарвал, тэд их ачаа үүрч явдгийг сана. Хүндэтгэлтэй харьц."
Өөрөөр хэлбэл үгээ залги.
Залуу эрчүүд ширээний буланд нь хүрч ирээд, бүдүүлэг инээмсэглэл тодруулан Кассиг нүдээрээ тайлж эхлэв. Санни толгойгоо эргүүлж, тэдэн рүү харав.
Ойролцоох Нойрсогчид харцаа буруулж, айдас, тухгүй байдал илтгэнэ.
_Магадгүй зүгээр л мэндлэх гэсэн юм байлгүй._
Санни амаа нээв.
_Хүндэтгэлтэй… сана… хүндэтгэлтэй…_
Гээд ингэж хэлэв:
“Та нар юу руу ингэж новш шиг ширтээд байгаа юм, гаж донтонгууд аа?”
***
Бүх танхим гэнэт нам гүм болов.
Дахиад л Санни анхаарлын төвд оржээ.
Гэхдээ энэ удаа бүгд үнэхээр түүн рүү харж байлаа, Кассиг биш.
_Яах вэ… энэ нь дээр байсан юм болов уу?_
Хэдхэн хормын өмнө юу ч анзаараагүй мэт дүр эсгэж байсан Нойрсогчид толгойгоо гудайлган, бүрмөсөн алга болчихмоор санагдсан бололтой.
Санни тэднийг жигшин харчихаад, одоо дээрээс нь сүүдэрлэн зогсож буй хоёр залуу руу дахин хандлаа. Тэдний нүдэнд харанхуй, аюултай гэрэл гялалзана.
Үнэндээ түүнийг ингэж дэлбэрсэнд Санни өөрөө ч гайхсан. Уур нь агшин зуур давамгайлж, үгийг өөрийн эрхгүй амнаас нь гаргасан байв. Гэвч одоо оройтжээ.
Ах шиг хамгаалах зөн совин нь амьд байгаад зогсохгүй, хэтэрхий хүчтэй хэвээрээ байсныг тэр ойлгов.
_Хараал идэг. Харанхуй, аюултай зүйл хармаар байна уу? Үзүүлье л дээ_
Буцах зам үгүйг мэдсэн Санни хоёр тэнэгийг эгц ширтэнэ. Хажууд нь Касси толгойгоо эргүүлэн, түгшсэн царай гаргалаа.
Нэг нь ярвайж инээмсэглэв.
“Хм. Бид зүгээр л энэ хөөрхөн бяцхан хүүхэлдэйтэй соёлтой танилцъя гэж бодсон юм. Гэхдээ яах вэ, эхлээд муухай жижиг алиалагчтай танилцаж болно доо. Тийм үү?”
Тэр нөгөө Нойрсогч руу харлаа. Түүний харцанд ямар ч хошигнол байсангүй.
Касси хөмсгөө атируулаад:
“Та нар яагаад—”
Гэвч яг тэр мөчид нөгөө залуу нэг алхам урагшлан, түүнийг тасалдуулж архирлаа:
“Чи дөнгөж юу гэж хэлэв, алиалагч аа? Бидний хэн гэдгийг мэдэх үү? Тэнэг минь, бид Ганлаугийн хүмүүс.”
Түүний гар сэлмийн бариул дээр байлаа.
Нөхцөл байдлыг хурцатгах нь ухаалаг биш гэдгийг Санни мэдэж байсан ч, одоо ухрах боломжгүй. Одоо буцвал сүйрэл. Ийм хүмүүсийг тэр сайн мэднэ: сул талыг чинь мэдэрмэгц дуусна.
Тэд хоёр л зүйлийг ойлгодог нь айдас, хүч.
Нэг гараа сунган, царайгаа ярвайлган, тэдний нүд рүү эгцлэн хараад Санни хэлэв:
“Баяр хүргэе. Одоо эндээс зайл. Эс тэгвээс би та нарыг үхдэл болгочиж магадгүй шүү.”
Дууны өнгөнд нь уу, эсвэл нүдэнд нь байсан зүйлд үү? — сэлмийн бариул дээр гараа тавьсан Нойрсогч тээнэгэлзэв. Нэг хоромд Санни сүрдүүлэг нь бүтсэн мэт санагдав.
Гэвч залуу эргэн тойрноо нууцаар хармагц, тэр өчүүхэн найдвар замхарлаа.
Хоёулхнаа байсан бол магадгүй тэр ухрах байсан. Харин одоо ийм олон хүний нүдэн дээр айдсаа харуулж болохгүй.
Санни нэг чухал зүйлийг тооцоолоогүй байв. Бүх дээрэлхэгчид хулчгар… харин тэдний хамгийн их айдаг зүйл нь өөрсдийг нь хулчгар гэдгийг хүмүүс мэдэх.
Ганлаугийн хүн шүдээ ярзайлган, сүрдмээр инээв.
“Чам шиг өчүүхэн сул дорой амьтнаас гарахад дэндүү том үг байна даа. Мэдэх үү? Чиний охин илүү сайн хүрээлэлд байх хэрэгтэй юм шиг байна. Түүнд туслая. Чамайг алга болгочихъё.”
Санни инээмсэглэв.
“…За тэгэхээр өнөөдөр би хоёр тэнэгийг ална гэсэн үг юм байна.”
Касси харин энэ бүхэнд огт сэтгэл хангалуун байсангүй. Түүний хөмсөг улам гүн атируулав.
“Би хэнтэй хамт байхaa өөрөө шийднэ. Одоо, та нар—”
Гэвч тэд түүнийг сонссонгүй.
Санни аль хэдийнээ хамгийн муу хувилбарт бэлдэж, хэрэг гарвал агшин зуур Шөнө Дундын Хэлтэрхийг дуудахдаа бэлэн байлаа.
Гэтэл гэнэт түүний араас тайван хоолой сонсогдов.
“Тэднийг орхиоч. Гуйя. Тэд бол миний найзууд.”
Гэнэтийн дуунаас цочсон Санни яаран Сүүдрээрээ хараагаа шилжүүлэн, ардаа харлаа.
Түүний ард гараа ташаандаа тавьсан, өндөр, өөртөө итгэлтэй залуу тайван зогсож байлаа. Тэр бор үстэй, эелдэг царайтай, нүдэнд нь найрсаг инээд гялалзана.
Тэр бол...
_Кастер?!_