113-р бүлэг : Харанхуй худаг
Сүүдрийн Гэгээнтэн хуягт центурионыг өршөөлгүйгээр зад татан устгаж, түүнийг ийм аргаар хөгжүүлэх боломжгүй гэсэн Саннигийн таамгийг баталсны дараа, түүнд хийх зүйл бараг үлдсэнгүй.
Шөнө дөнгөж эхэлж байсан ч, тэр зорилгодоо аль хэдийн хүрсэн байлаа. Одоо хүссэн зүйлээ хийх эрх чөлөө түүнд байсан ч… хараагдсан хотод тийм ч олон сонголт байгаагүй.
Тэр үргэлжлүүлэн агнаж, шинээр олж авсан хүч чадалдаа умбан, мангасуудын цусаар балгасыг угааж болох байв. Чулуун Гэгээнтэн түүний мэдэлд байсан цагт, Санни бүхэл хотыг цусанд живүүлэх чадалтай. Гэвч хэчнээн сэтгэл татам санагдсан ч, энэ бодол түүнийг тайван бус болгож байлаа.
Энэ тамын газар агнахын тулд тэвчээр, нарийн бэлтгэл зайлшгүй хэрэгтэй. Тэр өнөөг хүртэл амьд үлдсэн нь тулааны боломжит талбарыг урьдчилан судалж, олзоо сүүдрээс ажиглан, давуу ба сул талыг нь ойлгосныхоо дараа л ялалтын бодит боломж байгааг баттай мэдрэх хүртлээ тулалдаанд ордоггүй байсаных.
Сүүдрийн Гэгээнтэнтэй байсан ч, эдгээр зарчмыг зөрчих нь түүнийг мөн л үхэл рүү түлхэнэ. Түүнчлэн, түүний сэтгэцийн байдал… жаахан тогтворгүй байсан тул, амархан ялалтууд ар араасаа ирж эхэлбэл болгоомжоо алдахгүй гэдэгтээ Санни өөрөө итгэж чадахгүй байв. Тэр аажмаар урагшлах ёстой.
Нам гүм балгасыг ажиглан, Санни үл ялиг инээмсэглэв.
"Үнэндээ… Номын сан тийм ч хол биш юм байна…"
Тэр Хар дарсан зүүдний мангас агнахыг нэг төрлийн “мэргэжил” болгосон нь үнэн ч, энэ нь ердөө л ажил байлаа. Харин аливаа эрүүл саруул сэтгэлгээтэй залуугийн нэгэн адил, түүнд бас хобби бий.
Чөлөөт цагаараа, Санни балгасыг судлах дуртай.
Бузар Хулгайч Шувууны нууц үүрийг олсон тэр агшинд мэдэрсэн дулаахан сэтгэл ханамж түүний ой санамжаас огтхон ч арилсангүй. Эрт цагт мартагдсан түүхийн өчүүхэн хэлтэрхийг илрүүлж, хооронд нь холбох тэр үйл явц үнэхээр татам байв. Магадгүй энэ сонирхлыг тэр Жулиус багшаасаа өвлөсөн байж болох, эсвэл аль хэдийн зүрхнийх нь гүнд унтаж байсан ч юм билүү.
Ямартай ч, эртний хотыг судлах нь түүнд асар их таашаал өгдөг байлаа. Энд том жижиг гэлтгүй элдэв нууц дүүрэн. Мянга мянган жилийн турш харгис цаг хугацааны урсгал өнгөрсөн үеийн ихэнх ул мөрийг арчиж устгасан ч, зөв газрыг нь олж харж, шүүн тунгаах ухаан, ажигч гярхай байдал, төсөөллөө ашиглавал, үнэний өчүүхэн хэлтэрхийг эвлүүлэн сэргээх боломжтой.
Тараан байрласан мэт санагдах баримтууд нэгэн цул зураг болон холбогдох тэр мөч бүрд, Санни таатай догдлол мэдэрдэг байв. Хачирхалтай нь, тэр зураг чухал зүйлтэй холбоотой эсэх, эсвэл огт хэрэггүй зүйл байсан эсэх нь огтхон ч хамаагүй.
Үнэндээ, тэр эртний хотын оршин суугчид өдөр тутмын амьдралаа хэрхэн өнгөрөөдөг байсан тухай өчүүхэн деталь мэдэхийг, өөрсдөд нь тохиолдсон сүйрлийн учир шалтгааныг мэдэхээс ч илүү сонирхдог байлаа. Сүүлийнх нь түүний амьд үлдэхтэй шууд холбоотой байсан ч гэсэн.
Жишээлбэл, тэр өөрийн нууц оромж болгосон залуу санваартан бүсгүйн хувийн өрөөний талаар ихэд сонирхдог байв. Түүний үлдээсэн эд зүйлс хотын хүмүүс хэрхэн хувцаслаж, ертөнцийг хэрхэн ойлгож байсныг өгүүлж, түүний төсөөлөлд хүн дүүрэн гудамж, сүрлэг сүм дугануудын дүр зургийг амилуулна. Гэхдээ энэ нь хангалтгүй байлаа.
Түүний хамгийн сүүлийн судалгааны төсөл бол асар том номын сангийн балгас байв. Мэдээж, мянган жилийн хараагдсан харанхуйд ямар ч ном, бичээс амьд үлдээгүй. Аз болоход, хотын мөхлөөс өмнө энд амьдарч байсан хүмүүс чулуун сийлбэрт ихэд дуртай байжээ. Санни бүтэн үлдсэн ханын сийлбэрүүд, мөн амьд үлдсэн шашны зургуудын хэлтэрхийг судлахад их цаг зарцуулсан.
Ялангуяа нэг бурхны хөрөг онцгой сүр жавхлантай, нууцлаг санагддаг байв. Номын сангийн гол танхимын шалыг бүхэлд нь хамарсан аварга зураг. Харамсалтай нь, тэр бараг бүхэлдээ нурсан дээврийн дор булшлагджээ. Санни зарим хэсгийг нь цэвэрлэж чадсан ч, ихэнх чулууг ганцаараа өргөхөд хэтэрхий хүнд байсан.
Магадгүй Сүүдрийн Гэгээнтэн илүү азтай байх байсан биз.
Төлөвлөгөө боломжийн мэт санагдсан ч, ямар нэг шалтгаанаар Санни тэр шөнө номын сангийн судалгаандаа буцаж очихоос үл ойлгогдох байдлаар цэрвэж байлаа.
"Хмм… өөр юу хийж болох вэ?"
Тэр чулуун баганаас үсэрч буугаад, үхсэн хуягт центурионд дөхөн мах, сүнсний хэлтэрхий гарган авахаар болов.
Бодоод… бодоод бодын шийр дөрөв гэгчээр тэр хачин ангийн багийн ахлагчийн цогцсоос олсон бүдүүлэг газрын зураг дээр тэмдэглэсэн газар ч бас тийм ч хол биш байжээ.
"Магадгүй очоод харах уу?"
Санни огцом толгой сэгсрэв.
"Үгүй, үгүй… тэр газрын зураг чинь хуурамч байх ёстой. Тийм биз дээ?"
Цээжинд нь асаж буй эрүүл бус сониуч заныхаа галыг дарахыг хичээн, Санни хийж буй ажилдаа төвлөрөв. Харин мах, хэлтэрхийнүүдийг бүрэн авсны дараа, газрын зургийг дагах хүсэл дахин сэргэв.
"Хэрэв хуурамч биш байвал бүр ч муу. Тэр тэнэгүүд тэнд ямар гээч аймшгийг хайж байсан юм бол?"
Тэнд ямар ч эрдэнэс, чухал нууц байхгүй нь лавтай. Энэ бүхэн цэвэр аюулын үнэр ханхлуулж байлаа. Үнэндээ, ёрын, аймшигтай, туйлын бузар зүйл үнэртэх шиг.
Гэвч санни санаа алдав.
"Гэхдээ үнэндээ, ганцхан удаа хальт харснаас юу болох вэ дээ? Зүгээр л нэг харна… хамгийн муудаа юу тохиолдох вэ дээ?"
***
Чулуун нурангийг чимээгүйхэн гишгэн, Санни газрын зураг дээр тэмдэглэсэн газарт болгоомжтой ойртлоо. Ямар нэг хачин шалтгаанаар, Хар дарсан зүүдний мангасууд хотын энэ алслагдсан хэсгийг агнах газар болгон сонгодоггүй бололтой. Тэд энэ газраас зайлсхийхэд хүрдэг мэт.
Бодоод үзэхэд, энэ баримт ганцаараа л түүнийг айлгах хангалттай шалтгаан байлаа. Энгийн нөхцөлд бол. Харин одоо, Сүүдрийн Гэгээнтэн түүний сүүдэрт нуугдаж байсан тул, тэр өөрийгөө арай зоригтой санаж байв.
"Ямар нэг юм болвол, ядаж зугтааж чадна…"
Нэгэн цагт сүр жавхлантай байсан том барилгад ойртон, Санни нурсан ханыг давж, харанхуй, тусгаарлагдсан дотоод хашаанд орж ирэв.
Хашааны төвд нэгэн худаг байлаа.
Түүний дугуй ам чулуунд нээгдсэн ил шарх мэт харагдаж, дотор нь хоосон хар харанхуйгаас өөр юу ч үгүй. Худаг хачин, гоёмсог төмөр тороор таглагдсан байв. Энэ хэдэн тонн жинтэй байх ёстой. Хэн нэгэн үүнийг хэзээ ч онгойлгож, орхихоос цөхрөнгөө барж сэргийлсэн мэт.
Санни шүлсээ залгивч, ойртон очоод торны завсраар доош шагайв. Дуугүй худаг асар гүн тул ёроол нь огтхон ч харагдсангүй.
…Магадгүй ёроол гэж байгаагүй ч юм билүү.
Жижиг чулуу авч, доош унагав. Хар ам нь чулууг залгин, нүд ирмэхийн зуур алга болгов.
Олон секунд өнгөрсөн ч, чулуу ямар нэг зүйлд цохигдох дуу гарсангүй. Санни бараг дахин оролдох гэж байсан ч…
Худаг ярив.
Гүн харанхуйгаас уянгалаг, хачин татам хоолой цуурайтаж, түүний чихийг зөөлнөөр дүүргэв.
“Аан… зочин уу?…”
Тэр ухасхийн ухарч, айдсаас болж нүдээ том нээлээ.
"Болохгүй юм байна. Би үүнийг хиймээргүй байна! Ер нь хийхгүй ээ"
Санни эргэж гүйхийг хүссэн ч, ямар нэг зүйл түүнийг зөн совингоо дагахаас зогсоов. Өшөө зүйлсийг мэдэхгүйгээр зугтвал, буруу шийдвэр болохыг тэр мэдэрч байлаа.
Түүнчлэн, тэр хоолой… хэтэрхий хүнийх шиг сонсогдсон.
Яг л чиний найз байхыг хүсэх хүний хоолой мэт.
Санни толгойгоо сэгсэрч, тэрхүү манангаас ангижрав.
"Тэр хараал идсэн тэнэгүүд юу юу хийж байсан юм бэ?! Тэд тэр хараалт цайзад юу хийгээд байна?! Би Нефист анхааруулах хэрэгтэй… үгүй, түр азная… эхлээд илүү ихийг мэдэх хэрэгтэй. Юу болоод байгааг ойлгохыг оролдоё. Харин аюулын өчүүхэн ч шинж илэрвэл би шууд зугтана."
Шүдээ зуун, Санни өөрийгөө албадаж, хөдөлгөөнгүй зогсов.
Хэсэг хормын дараа, худаг шивнэлээ:
“Ямар гайхамшиг вэ. Намайг маш, маш удаан хугацаанд хэн ч тайтгаруулсангүй…”