161-р бүлэг : Ухралтгүй нөхцөл байдал
Харпер түүнийг өнөөх өрөвдмөөр, даруухан инээмсэглэлээрээ уруулаасаа салгалгүй ширтэнэ. Нүдэнд нь хуурамч найрсаг байдал, санаа зовнил, цөхрөл гурав холилдсон байлаа. Яагаад ч юм Санни түүний тэр инээмсэглэлийг түүний нүүрнээс арчиж хаях хүчтэй хүслэнд автлаа.
_Муу гөлөг…_
Сэтгэл санаа нь хямарсан тэр үед Санни сэтгэл хөдлөлөө барихад бэрх байсан ба нүүрэн дээр нь ямар нэг сэтгэл хөдлөл илэрхийлэгдсэн бололтой, Харпер гэнэт нүдээ анивчаад нэг алхам ухрав. Гэвч эцэст нь Харперийн Гэрэлт Цайзад буцаж орох хүслэн болгоомжлолыг нь яллаа. Тэр өөрийгөө хүчлэн зогсоож, хэдэн хором тээнэгэлзсэний эцэст хэллээ.
"Би… би өглөө намайг гэртээ урьсанд баярлалаа гэж хэлэх гэсэн юм."
Санни туранхай залуу руу ширтэв. Бүрэнхийд түүний цонхийсон царай гүн сүүдэрт дарагдаж эцэст нь тэр хэллээ.
"Тийм ээ. Ярилцаж болно."
_Бод, Санни, бод…_
Гэвч оюун ухаан нь дуулгавартай байсангүй. Ирээдүйн үнэний илчлэлтээс төрсөн хүйтэн айдсын далайд бараг бүхэлдээ живжээ. Үлдсэн өчүүхэн хэсэг нь ч чиг баримжаагүй байв.
Санни нүүрээ гэнэт үрж:
_Тэр бол тагнуул. Ганлаугт биднийг алахад нь туслахаар ирсэн новш. Түүнийг яах ёстой вэ?_
Өглөө… тийм, бүх зүйл өөрчлөгдөхөөс өмнө Санни Харперыг Харуулуудын нэгэнд мэдээлж байгааг харсан. Тэр аймхай залууг зодож, байрлаж буй газраас хөөж гаргамаар санагдсан.
Гэвч энэ бол буруу шийдвэр.
Хамгийн зөв үйлдэл бол тагнуул гэдгийг нь илчлэх биш, харин мэдээгүй дүр эсгэн, худал мэдээллээр түүний тархийг нь тэжээх явдал.
Тийм ээ… мэрэгчийг ингэж л барьдаг. Ирээдүйд тагнуулч болохыг мөрөөддөг Санни ийм зүйлийг сайн мэднэ.
Гэхдээ тэр Харперыг хуурч чадах уу?
Азгүй мэдээлэгч очиж очиж хамгийн буруу хүнээ байгаа болгожээ. Санни олон нууц мэддэг бас худал хэлж чаддаггүй.
Гэвч тэр бас хууран мэхлэх мастер.
Тэгэхээр…
"Санлесс?"
Санни цочин, туранхай залуу руу харлаа.
"Уучлаарай. Өнөөдрийн агнуурын дараа оюцн санаа минь жаахан замбараагүй байна. Ярилцана гэсэн үү?"
Тайтгарсан Харпер дахин инээмсэглэв.
"Би… чамд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Чиний надад, суурингийн хүмүүст хийсэн бүхний төлөө. Би цайзаас гарахдаа нэг их онцгой зүйл авчирсан. Чамтай хуваалцъя гэж бодсон юм!"
Санни хөмсгөө зангидлаа.
"Онцгой зүйл?"
_Түүний яг ямар төлөвлөгөөтэй гэдгийг мэдье. Жаахан үнэн, жаахан худал өгөөд, өглөө болоход Нефист бүгдийг хэлнэ. Ти—тийм үү?_
Харпер эрчтэй толгой дохино.
"Нэг… нэг шил архи. Цэцэрлэгт ажилладаг Урчууд сар бүр хэдийг зардаг юм. Олж авахад хэцүү, гэхдээ аз таарсан. Хамт уух уу? Манай овоохой эндээс ойрхон."
Санни хэсэг анхаарал сарнивч, дараа нь өөрийгөө төвлөрүүлэв. Харпер яг юу ярьж байсан вэ?
Урчууд, архи, аз…
"…Яагаад болохгүй гэж?"
Тэр толгой дохиж, Харпераар замаа заалган дагалаа.
Ядуусын хорооллын хүмүүсийн дундуур явахдаа Санни тэднийг алхаж буй цогцос мэт мэдэрч байв.
Ихэнх нь аль хэдийн үхсэн.
Зүгээр л өөрсдөө түүнийгээ мэдэхгүй.
…Харин Санни бол мэднэ.
Энэ мэдлэгийн жин аажмаар түүнийг нухчин дарж байлаа. Харперын овоохой бусдаасаа ч дорд. Муудсан банзаар яаруу сандруу барьсан, хүйтэн салхи нэвтрэх завсар ихтэй. Дотор нь далайн замгаар хийсэн хэврэг дэвсгэр, намхан модон ширээнээс өөр юу ч байсангүй.
Яагаад тэр Цайзад буцахыг үхэн хатан хүсдэгийг Санни багахан ойлголоо.
Ядаж хаалгатай байгаа нь яамай даа.
Дотор ормогц Харпер ичингүйрэн эргэн тойрноо хараад, Санниг ширээний өмнө шалан дээр суухыг урилаа. Дараа нь замагны доороос шилэн сав гарган, ховор эрдэнэ мэт өмнөө тавив. Хаа нэгтээгээс бүдүүлэг төмөр хутга гаргаж, архины лацыг задлаад, шавар аяган дээр сүүн цагаан шингэн хийв.
"Аваарай!"
Санни аягыг авч үнэрлэв.
Тэр захын хороололд архинд живж, эсвэл хямд сэргээш, мансууруулах бодисоор амиа егүүтгэсэн хүмүүсийг саналаа. Тэр өөрөө сэтгэцийн байдалд нөлөөлөх хүчин зүйлсээс үргэлж болгоомжилдог байсан. Бас нэгэн зорилгоо биелүүлэхээсээ өмнө үхэх эрхгүй байв.
Тиймээс архинд таатай ханддаггүй.
Аягийг уруулдаа хүргэн амьсгаагаа түгжиж, нэг амьсгаагаар залгиллаа. Таатай дулаан биеэр нь тарж, багахан ч гэсэн тайвшрал авчирлаа.
_…Сонирхол татах нь аргагүй л юм._
Муу биш.
Харпер яаран дахин хийж, асуулаа.
"Сүүлийн ангийн тухай сонслоо. Бурхад минь, чи Цамхагийн элчтэй тулгарч амьд гарсан гэнэ! Аймшигтай байсан биз дээ…"
Санни хэсэг саатсанаа мөрөө хавчив.
"Би зүгээр л ард нь зогссон."
Харпер толгой сэгсрэв.
"Гэсэн ч чи гайхалтай! Хатагтай Өөрчлөгдөж буй Одтой хамт Шүрэн ойд хоёр сараас илүү хугацаанд амьд гарсан гэж дуулсан. Үнэн үү?"
Жүжиглэлт үнэхээр муу байлаа. Санни тагнуул гэдгийг нь мэдээгүй байсан ч сэжиглэхээр юм байна.
Гэвч мэдээгүй дүр эсгэх илүү амархан.
_Надад жаахан хүндэтгэл үзүүлчих юм бол хархнууд бүгдийг ярьж өгнө гэсэн бодолтой байна уу?_
Архинд халсан Санни аажуухан инээмсэглэв.
"Өө… тийм ээ! Үнэндээ би байгаагүй бол тэр аль хэдийн үхчихсэн. Хэдэн удаа намайг Нэфисийн амийг нь аварсныг мэдэх үү?"
Энэ бол төлөвлөсөн үг. Өчүүхэн атаархал, өчүүхэн бардам зангаар хэл нь суларч байна гэсэн сэтгэгдэл төрүүлэх зорилготой.
Гэвч дараагийн үгс өөрийн эрхгүй амнаас нь гарлаа.
Шүдээ зуун, царай нь цайж шивнэлээ.
"...Тэгээд яах гэж? Юуны төлөө? Ийм байх ёсгүй байсан. Яаж ингэв ээ?!"
Тэр толгойгоо базан харанхуй инээд гаргав.
_Баларлаа… би юу яриад байна вэ?_
Харпер айдсыг нь архины нөлөө гэж эндүүрэн улам зоригжив.
"Чи Хатагтай Нефистэй мөр зэрэгцэн их тулалдсан байх!"
Санни толгойгоо буулгаад мөрөө хавчаад:
"Тийм."
Харпер тээнэгэлзэн:
"Тэгвэл… түүний Аспектын чадварыг харсан биз?"
Дайсны чадварыг мэд. Дутагдлыг нь мэд. Сул талыг нь мэд.
Тэгж байж ална.
Санни Нефистэй анх тулалдсан өдрөө саналаа. Тэр үед Нефис үхсэн Сэгээр хооллогчийг задлан сул талыг нь судалж үзсэн үү гэж асууж байсан.
Одоо Харпер тэднийг задлан шинжилж байлаа.
Хэдийн тэд үхээгүй ч… хараахан.
"Тийм ээ. Эдгээж чадна."
Харперын нүд гялалзан:
"Тэгэхээр эдгээгч юм байна! Мэдээж. Тийм чадвар Өөрчлөгдөж буй Одод яг тохирно. Бүгд л түүнийг сахиусан тэнгэр гэдгийг мэднэ…"
_Сайн._
Эхний зорилго биелэв. Нефис зөвхөн эдгээх чадвартай гэх буруу ойлголт төрүүлж чадлаа.
Түүний дөл эдгээж ч, устгаж ч чадна гэдгийг хэн таамаглах вэ?
Харпер дахин архи хийлээ.
"Дашрамд… Хатагтай Нефис Жинхэнэ нэрээ яаж авсныг чи мэдэх үү?"
Оюун санаа нь самуурсан, эсвэл архины нөлөө, эсвэл агшин зуурын алдаа гэмээр…
Санни бодолгүй хариулав.
"Надтай адилхан аргаар авсан байх."
Тэгээд тэр хөшив.
_Хараал ид!_
Нефийн тухай хуурамч дүр бүтээхдээ өөрийн нууцыг хамгаалахаа мартжээ.
_Тэнэг! Тэнэг! Тэнэг!_
Сандарснаа нууж, толгойгоо гэдрэг шидэн инээлээ.
Аз болж Харпер итгэсэн бололтой. Тэр ч бас инээгээд, тоглоомтой харцаар:
"Өө! Мэдээж, Ноён Санлесс! Тэгвэл чиний Жинхэнэ нэр юу вэ?"
Санни инээмсэглэлээ царцаасан чигт ширтэв.
_Бод! Яаж мултрах вэ?!_
Гарах гарц байсангүй. Тэр баригджээ. Танил дарамт оюун санаанд нь мэдрэгдэв. Аажмаар царай нь үхсэн хүн мэт цайлаа.
Харпер инээсээр, хариуг нь хүлээнэ. Түүний царайнд айдас, цөхрөлт найдвар хоёулаа байлаа.
Эцсийн эцэст тэр зүгээр л сул дорой, өрөвдмөөр хүүхэд. Дарамт гялсхийх өвдөлт болон хувирч, Саннигийн биеийг чичрүүлэв.
Яагаад тэр асуултыг асуух ёстой байсан юм бэ?!
Гэвч оройтсон.
Буланд шахагдсан араатан шиг Санни ганцхан зүйлийг бодож байлаа.
…яаж амьд үлдэх вэ.
Өвдөлт хязгаараас нь давж, хариултыг хүчээр хэлэхын яг өмнөх агшинд Санни гэнэт урагш тонгойж, нарийн төмөр хутгыг шүүрэн авч, хөөрхий залуугийн зүрх рүү шигтгэлээ.