125-р бүлэг : Тахлын үеийн найр
Нефис ч, Санни ч хананаас доош буухыг хүссэнгүй. Учир нь тэгвэл ямар нэгэн аймшигтай зүйл тохиолдвол ухрах замгүй болно. Ямар ч маргаангүйгээр тэд хананд суурилсан хамгийн ойрын цамхгийг шалгаж, дотроос нь доош буух тохиромжтой зам байгаа эсэхийг үзэхээр шийдэв.
Тэд хананы ялимгүй мурийсан хэсгийг даган хойд зүгт явж, доорх балгасыг ажиглан алхав. Үе үе Санни эртний хотын эзгүй гудамжаар ямар нэгэн амьтад хөдөлж буйг олж харна. Гэсэн ч тэдний хэн нь ч өндөр боржин хэрмийг авирах сонирхолтой мэт харагдсангүй.
Ядаж одоохондоо тэд аюулгүй байв.
Гэвч Санни өөрийгөө аюулгүй гэж огт мэдэрсэнгүй. Харин ч алсад сүндэрлэх Улаан цамхагийн тэнхлэгийг байн байн харж, жихүүдэс хүрсээр байлаа.
Тэр зүйл… дэндүү ёрын муу байв.
_Ядаж л удахгүй эндээс гарах байх аа…_
Энэ бодол л түүнийг утгагүй айдаст автахаас аварч байв. Мартагдсан Эрэг дээрх аялал нь төгсгөлдөө ойртож байлаа. Тэд маш ихийг туулж, маш ихийг даван гарсан. Заримдаа эндээс амьд гарна гэдэгтээ тэр өөрөө ч итгэлгүй байсан. Харин одоо бүх зовлон нь шагнагдах гэж байв. Эрх чөлөөнд хүрэх зам аль хэдийн нүдэнд харагдана… гэртээ ялалтын сүр жавхлантайгаар харихын тулд энэ сүүлчийн саадыг л давах хэрэгтэй.
…Удалгүй тэд хананд баригдсан асар том цамхгийн нэгэнд ойртож ирэв. Дугуй хэлбэртэй энэ байгууламж үндсэн хэрмээсээ бараг арав гаруй метрээр илүү өндийсөн байлаа. Цамхаг руу орох өргөн модон хаалга байсан ч, тэр нь аль эрт эвдэрч, эртний төмөр нугас дээр нь хэдхэн хэлтэрхий л үлджээ.
Хаалганы цаана харанхуй л байв.
Санни энэ орц руу хараад үл ялиг эвгүйрхэв. Мэдээж, харанхуй түүнд айдас төрүүлдэггүй. Гэсэн ч…
Гэнэт Касси түүний мөрийг татаж, Санниг зогсоов. Тэр болон Нефис хоёр зэрэгцэн түүн рүү эргэж, сэлмээ дуудах бэлэн байдалтай гараа сунгав.
“Юу болсон бэ, Касси?” гэж Санни түгшсэн хоолойгоор асуулаа.
Зарим нөхцөлд хараагүй охин аюулыг тэднээс өмнө мэдэрч чаддаг байв. Хурц сонсгол, үнэрлэх мэдрэмж нь жирийн хүмүүсийн анзаарахгүй зүйлийг түүнд илрүүлэх боломж олгодог.
Одоо Кассиагийн царайд уцаартай төрх тодорчээ. Тэр толгойгоо жаахан хазайлгаад, шивнэн хэлэв:
“Сонс.”
Санни амьсгаагаа даран, сонсголоо дээд хязгаарт нь хүртэл чангав. Удалгүй цамхгийн дотроос хачин дуу гарч байгааг ялган сонслоо.
Жалир. Жалир. Гүлд. Жалир
Яг л… ямар нэгэн зүйл идэж буй мэт. Мах, яс хурц шүдэнд няцлагдан бутарч байгаа мэт. Мах урагдаж, зажилж буй жигшүүртэй чимээ түүнийг эвгүйрхүүлэв.
Санни, Нефис хоёр бие бие рүүгээ харснаа сэлмээ дуудлаа. Дүрэм ёсоор, урагшлахын өмнө Санни сүүдрээ илгээж, боломжит дайсныг тандав.
Сүүдэр нь чулуун дээр гулсан, цамхагт хурдан ойртлоо. Дараа нь харанхуй руу шумбан орж, барилгын доторх асар их сүүдэрт уусан алга болов.
Санни дотор талыг нь харж чадсан юм.
Түүний харсан хамгийн эхний зүйл бол цусаар тогтсон шалбааг дунд хэвтэх хэд хэдэн үхсэн мангас байлаа. Чулуун шал дээрх цуст мөрүүд нь тэдний аварга биесийг асар их хүчтэй ямар нэгэн зүйл энд чирж авчирсныг илтгэнэ. Яг л алах хүсэл дүүрэн махчинд “задлуулсан” мэт, бие нь хэсэг хэсгээрээ таслагдсан байв.
Дараа нь тэр чулуун дээр овоорч буй гөлгөр болтол нь мэрсэн яснуудыг олж харлаа. Заримд нь махны үлдэгдэл наалдсан хэвээр, зарим нь хугарч, чөмөг нь хүртэл хоосорчээ.
Дараагийнх нь… чулуугаар хүрээлсэн галн отог байв. Гал дээр нь мангасын махыг шорлог шиг л шарж байлаа.
Галын дэргэд, хазаж шажигнуулж байсан дууны эзэн чулуун дээр суун, сайтар шарсан хавирга мэрж байв.
…Тэр бол хүн байлаа.
Бүр тодруулбал, залуу эмэгтэй. Нас нь тэднээс жаахан л эгч харагдана.
Санни нүдээ анив.
Тэр эмэгтэй өндөр нуруутай, үзэсгэлэнтэй. Бордуу ногоон нүдтэй, сайхан хүрэн үсээ энгийн гэзгээр боосон байв. Бие галбир нь туйлын булчинлаг, чийг даасан олив өнгийн арьсан доогуур нь хөдөлгөөн бүрт нарийн, төгс хөгжсөн булчин нь таталдана. Харин… хувцас нь тун нимгэн, хачин байдлаараа тачаангуй богино цагаан хувцас өмсөж, хүрэл өвдгөвч, гарын хуяг, мөн арьсан унжлагатай цээживч зүүжээ.
Нефис нарийхан, уян бол энэ танихгүй эмэгтэй амьдралын эрч хүч, тэсрэх мэт эрүүл байдлыг цацруулж байв. Түүнд буй бүхэн элбэг дэлбэг, илүүдэл мэт хүч чадал, давамгайллын илэрхийлэл.
Гэхдээ хамгийн хачирхалтай нь түүний царай дээрх бүрэн тайван, сэтгэл хангалуун, аз жаргалтай илэрхийлэл байлаа. Мартагдсан Эрэг дээр өнгөрүүлсэн саруудын турш Санни хэзээ ч, ганц хором ч хамгаалалтаа бүрэн сулруулж байгаагүй. Нефис, Кассиа ч мөн адил.
Аюулгүй хоргодсон, ховорхон амралтын мөчүүдэд ч тэд үргэлж бага зэрэг түгшүүртэй, шүд, хор, сарвуугаар дайрч ирэх аймшгуудыг хүлээн суудаг байв. Сүнс Залгигчийн хараалд орсон үед ч зүрхэнд нь үл үзэгдэх айдсын сүүдэр байсаар.
Харин энэ залуу эмэгтэй энэ хараалд идэгдсэн газарт байгаадаа бүрэн сэтгэл хангалуун мэт. Бүр бодит ертөнцөд байсан Саннигаас ч илүү аз жаргалтай харагдана.
Санни харж зогсох зуур, тэр эмэгтэй азгүй мангасын махыг заваан маягаар идэж байлаа. Шүүс нь нүүр, хуруунаас нь гоожино. Махаа дуусгаад, тэр ясыг нь хазав.
Үүнийг харж буй Саннигийн нүд томров.
Хар дарсан зүүдний мангасын гантиг ясыг тэр эмэгтэй шүдээрээ амархан няцалж, таашаалтайгаар нүдээ анин чөмгийг нь сорж, дараа нь ясны ихэнхийг зажилж залгив.
Шажиг. Шажиг. Шажиг…
Хавиргыг дуусгаад, үлдэгдлийг хөл дороо байгаа аймшигтай том ясны овоолго руу шидэн, ёс жаяг огтхон ч тоолгүй чанга гэгч нь хэхрээд, шууд л гал дээрээс дараагийн махыг авч, тас хазав..
Санни дахиад хэд анивчаад, харах өнцгөө буцаан сольж, Нефис рүү харлаа.
“Чи юу харсан бэ?” гэж тэр асуув.
Хэсэг тээнэгэлзсэний эцэст, Санни эргэлзсэн өнгөөр хэлэв:
“За… хоёр л сонголт байна. Эсвэл маш их өлссөн охин…
эсвэл хэт ховдог ад зэтгэр.”