259-р бүлэг : Цуст хядлага
Санни өөрөөсөө гаргаж чадах бүх хурдаараа хөшөө рүү гүйв. Хүний хэмжүүрээр бол энэ нь аль хэдийн асар их хурд байлаа, үгүй, бүр бусад Нойрсогчдын хувьд ч мөн адил.
Чихнийх нь хажуугаар салхи исгэрэх зуур сүүдэр Шөнө Дундын Хэлтэрхийн ирнээс тасран эргэж, шархадсан жигшүүрт амьтныг ажиглав. Далавч нь няцран сүйдсэн атлаа Цамхагийн элч огтхон ч сандарсан шинжгүй байлаа. Харин ч аймшигт хошуугаа ангайж, цус царцаам чарлаан гаргаад, өчүүхэн хүмүүс рүү улам зэрлэг догшин ууртайгаар дайрч оржээ.
'...Лав л баяртай биш байна!'
Хэдийгээр нөхөд нь үхлийн ирмэг дээр байсан ч Санни тэдэнд туслахаар зогссонгүй. Нефис агуйг манаж буй тэр амьтныг эртний хөшөөнд хүрсэн хүн алах ёстой гэж хэлсэн. Тэр хүртэл энэ тулаан бол ямар ч үр дүнгүй, тэнэг аюултай тоглоомоос өөр юу ч биш.
Эцсийн эцэст тулааны мөн чанар бол аллага.
Хэрэв хэн ч тэр хараал идсэн амьтныг үнэхээр алахыг зориогүй бол амьд үлдэх тухай ярих ч хэрэггүй.
Тэгэхээр Санни өөрийнхөөрөө тэдэнд тусалж л байсан.
Арын байдал багийнхны хувьд сайнгүй байлаа. Цамхагийн элч хэтэрхий том, хэтэрхий хүчтэй, хэтэрхий хурдан байв. Хэчнээн авьяастай байсан ч Нойрсогчдын бүлэгт энэ бол бараг дийлдэшгүй өрсөлдөгч байлаа. Одоог хүртэл хэн нь ч тас татуулж үхээгүй байгаа нь өөрөө гайхамшиг.
Гэвч энэ гайхамшиг хэр удаан үргэлжлэх вэ?
Сүүдэр ажиглан байхад аймшигт хошуу дахин бууж ирэв. Дахин нэг удаа Эффигийн бат бэх бамбай дээр ойж буцлаа.
Гэхдээ энэ удаа дугуй бамбайн гадаргуу дээр өргөн ан цав үүсэв.
Анчин бүсгүй хариу үйлдэл үзүүлж амжаагүй байтал хэд хэдэн хүчирхэг мөч тэр ан цавтай бамбай руу зэрэг шунган цохив. Бөмбөг мэт хүчтэй цохилтууд дараалан буухад эцэст нь Дурсамж тэсэлгүй бутрав.
Эффигийн гар ч мөн хамт хугарчээ.
Санни ясны хэлтэрхий чидун өнгийн арьсыг нь цоолж гарч ирэн, гар нь байгалийн бус өнцгөөр мурийж байгааг харлаа.
'Новш! Илүү хурдан!'
Хар чулуун багана улам ойртох зуур тэр Цамхагийн элч шархадсан анчныг эцэслэхийг оролдсон ч Чулуун Гэгээнтэнд саатуулагдаж байгааг харав. Яг тэр мөчид Нефис амьтны урд мөчнүүдийн хамгаалалтыг нэвтлэн орж чаджээ. Түүний илд гялсхийн цайвар махыг зүсэж, жигшүүрт биетийн хажуугаар гүн шарх үлдээв.
Нуруу руугаа гэнэтийн дайралт ирэхээс айхгүй хангалттай хол болсон гэж үзээд Санни сүүдрээ эргэж өөр дээрээ буцаахыг тушаав. Тулааны дүр зураг тэр даруй тасарч, удалгүй сүүдэр гүйцэн ирж биед нь ороогдов.
Саннигийн хурд хоёр дахин нэмэгдэв.
Хэрцгий тулааны чимээнд шахуулсаар тэр дуусаагүй хөшөөнд ойртлоо.
Гэвч хүрэхийн өмнө хүний дүр бүдэг сүүдэр мэт гэнэт урд нь гарч ирэн хар элсэн дээр халтирч, чулуун баганын яг өмнө зогсов.
Тэр бол Кастер байв.
Бардам Өв залгамжлагчийн байдал тун тааруу харагдана. Гялалзсан хайрсан хуяг нь аймшигт араатны савраар урагдаж, булчинлаг цээжин дээр нь дөрвөн гүн шарх үлджээ. Цус нь тасралтгүй урсаж, царайлаг залууг цонхийж замбараагүй харагдуулна.
Үгүй, зөвхөн тэр ч биш.
Кастер ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн мэт байлаа. Санни яг юу нь буруу байгааг тодорхой ойлгож чадахгүй байв. Харин нэг зүйлийг анзаарав.
Хүзүүнд нь мөнгөн гинжнээс унжсан элсэн цаг хэлбэртэй болор сахиус байлаа.
'Тэр юу вэ? Сахиус төрлийн Дурсамж уу? Кастерт ийм зүйл байдаг гэж би мэдээгүй ю байна шүү.'
Цаг алдалгүй Кастер цус болсон гараа хөшөөн дээр тавиад хэсэгхэн нүдээ анив.
'...Гантиг нуман дээр байхад нь тэр үүнийг зүүгээгүй байсан. Тийм биз?'
Нүдээ нээгээд тэр Санни руу бараан харцаар нэг хараад дахин бүдэг дүр болон тулаан руу буцан давхив.
Түүнийг алга болмогц Санни чулуун багана руу бүх хүчээрээ мөргөж, хурдаа зогсоохын тулд бараг л биедээ тулган ашиглав. Хатуу гадаргуугаас ойж газарт өнхрөөд арай гэж өндийв.
"Ах! Хараал ид!"
Ингэхэд хөшөөнд хүрсэнд тооцогдох ёстой... тийм биз?
Тэгэх л ёстой.
Эргэн харахад дахин нэг Цусан Сум Цамхагийн элчийн биед шигдэн, дараахан нь бутран сарнив. Ядаж устчихсангүй, зөвхөн Кай руу буцжээ.
Аниргүй Бүжигчин аварга жигшүүрт амьтны эргэн тойронд цахилан хөдөлж, нүд рүү нь чиглэн довтолно. Нарийн дэгжин туялзуур сэлэм бол Сүүдрийн хувилбар учраас Үүрийн Хэлтэрхийн адислалыг эдэлдэггүй, тиймээс араатанд бодит аюул биш, зүгээр л тээртэй зүйл байлаа.
Гэсэн ч хэд хэдэн гүехэн зүсэлт хийж чадсан бөгөөд тэр новшоос цус гарч байв.
Яг Саннид хэрэгтэй зүйл.
Цус.
Аль болох их цус.
Урагш хүчтэй шидэгдэн тэр Шөнө Дундын Хэлтэрхийг арагш барьсаар Цамхагийн элч рүү давхив.
'Хэн нь түрүүлж алахыг харъя даа, Кастер. Над шиг захын дүүргийн харх гурав дахь Дэвшсэн Дурсамжаа авчихаад, харин чам шиг өндөр зиндааны Өв залгамжлагч одоо хүртэл нэг ч үгүй үлдвэл ёстой инээдтэй биш гэж үү?'
Олзноосоо багахан зайд ирээд Санни Чулуун Гэгээнтэнд тулааны хэв маягаа солихыг тушаав.
Сүүдэрт хамгийн тохиромжтой гэж үздэг хэв маяг нь тооцоотой, дэгжин, тогтуун байв.
Гэвч одоо Саннид тэр хэрэггүй.
Одоо түүнд хэрэгтэй зүйл бол алан хядах догшин байдал, зэрлэг балмад хүч, цусаар будагдсан замбараагүй сүйрэл байлаа.
Хормын төдий саатсаны дараа Чулуун Гэгээнтэн гэнэт бамбайгаа шидэн хаяж, илдээ хоёр гараараа атгаад урагш дайрав. Өмнөх дэгжин байдал нь үгүй болжээ.
Язгуурт хүлэгт баатрын оронд одоо тэр зэрлэг махчин нядлагч шиг харагдана.
Өөрийгөө хамгаалах, багийнхныг хамгаалах, бүр дайснаа алах ч түүнд чухал биш мэт.
Түүний зорилго ганцхан.
Аль болох их өвдөлт учруулах.
Аль болох их хохирол тарих.
Хамгийн чухал нь аль болох их цус урсгах.
Яг Саннигийн тушаасанчлан.
Санни буцан гүйх зуур Цамхагийн элчийн аварга биед улам олон жижиг боловч их цус алдсан шарх гарч байлаа. Цайвар бие нь одоо бараг хагасаараа бараан цусаар бүрхэгджээ.
Кастерийн шидэт илд нэг хоёр шарх нэмсэн ч ихэнхийг галзуурсан Сүүдэр болон Өөрчлөгдөж буй Од үлдээж байв.
Эффи ч бас тулаанаас гараагүй байлаа.
Гар нь хүнд хугарч, уруулаас нь цуст хөөс гарч байсан ч түүний гоёмсог жад амьтны хамгаалалтыг нэвтлэн арьсан дээр нь дахин цуст мөр үлдээжээ.
Гэвч эдгээр довтолгооны аль нь ч тэр амьтныг бүр мөсөн эцэслэхэд хангалтгүй байв.
Аллагын талбарт бараг хүрч ирээд Санни сүүдрээ Шөнө Дундын Хэлтэрхий рүү урсгахыг хүсэв.
Үүрийн Хэлтэрхийн хүч дотор нь шатаж, бат бөх ирийг дуулуулж байлаа.
Дээрээс нь жигшүүрт Цуст Сакура ханашгүй цусны шунал, өлсгөлөнгөөр түүнийг дүүргэж байв.
Санни хурдаа сааруулалгүй Цамхагийн элч рүү дайрлаа.
Тэгээд нуруугаараа унав.
Хурд нь түүнийг урагш чирэхэд хар элсэн дээр гулсаж, Шөнө Дундын Хэлтэрхийг дээш хүчтэй хатгав.
Аймшигт амьтны хэвлийг нэвт сүлбэсэн тэр хурц илд арьс, булчинг төвөггүй зүсэж, гэдсийг нь урж тасдан жигшүүрт амьтныг ганхуулан унагаав.