300-р бүлэг : Гэрэлт Эзний боол
Хувь тавилангийн сонин эргэлтээр энэ өдөр Харүс Мартагдсан Эрэг дээрх Нойрсогчдын дундаас өөрт нь тулгарах хамгийн аюулта өрсөлдөгчдийн нэгтэй нүүр тулжээ.
Гэвч Санни гайхсангүй.
Тэр өөрийгөө болон тэр алуурчин бөгтөрийг эцсийн мөч хүртэл тулалдахаар заяагдсан гэж үргэлж мэдэрч ирсэн. Урьд нь үүнийг зүгээр л зөн совин гэж боддог байсан бол одоо тэр хааяа төрдөг бүдэгхэн зөн нь огт санамсаргүй зүйл биш гэдгийг ойлгож байлаа.
Тэр хоёр аль хэдийн хувь тавилангийн утсаар холбогдсон гэдгийг мэдэрч байсан.
Тэгэхээр түүний Аспект Харусын Аспектийн ихээхэн эсэргүүцдэг нь гайхах зүйл мөн үү?
Үнэхээр эсэргүүцдэг байв. Гэхдээ төгс биш.
Хэрвээ өөр хэн нэгэн Саннигийн оронд байсан бол аль хэдийн үхсэн байх байсан. Хараагаа алдсан хойно тэр аймшигтай хүчтэй бөгтөрийн догшин довтолгоог эсэргүүцэж чадах хүн тун цөөн, магадгүй огт байхгүй. Гэвч Санни бол жирийн нэгэн биш.
Сохор байсан ч түүний талд Сүүдрийн Мэдрэхүй байлаа. Энэ нь Харусыг шууд харахтай адил биш ч, сүүдрийнх нь хөдөлгөөнийг мэдэрснээр Санни түүний довтолгоог тодорхой хэмжээнд урьдчилан таамаглаж чадна.
Гэхдээ энэ төгс биш. Энэ мэдрэмж харааг бүрэн орлож чадах түвшинд тэр хараахан хүрээгүй.
Тиймээс одоо Санни сонголт хийх хэрэгтэй болов.
Сүүдэр нь биеийг нь бүрхсэн үед түүнд гайхалтай хүч, хурд, тэсвэр өгдөг. Харин хоёр дахь нүд болж өгч чаддаггүй.
Тиймээс тэр зөвхөн Сүүдрийн Мэдрэхүйд найдаж энэ хүчээ хадгалах уу, эсвэл сүүдрээ суллан, өөрийн хүчээр тулалдах ч харж чаддаг болох уу гэдгээ сонгох ёстой.
'Сонголт, сонголт…'
Алуурчин бөгтөрийн сүүдэр урагш дайрч буйг мэдрээд Санни зүүн тийш бултлаа. Түүний чамархайгаар аймшигтай хурдтай зүйл шунгинан өнгөрөв. Хэдхэн агшны дараа л түүний гавал дайсны нударгад ороосон төмөр гинжинд бут цохигдох байжээ.
Гэвч тэр нөгөө гарыг нь анзаараагүй.
Гэнэт бугуй нь төмөр мэт чанга атгалтад орж мушгигдан, Санни орилж, Шөнө Дундын Хэлтэрхийг алдлаа. Дараагийн агшинд л яс нь хугарах байв…
Тэр мушгих чиглэл даган агаарт эргэлт хийж гараа авран, дургүйхэн сүүдрээ биеэсээ салгах тушаал өглөө.
Чулуун дээр буухдаа Санни эцэст нь дахин харж чаддаг болов.
Харус нэг гараараа түүний бугуйг атгасан хэвээр, нөгөө гараа бут цохих цохилт өгөхөөр өргөжээ. Хэрвээ тэр цохилт буувал нүүр нь үлдэх зүйлгүй болно гэдгийг Санни ойлгож байв.
…Гэхдээ нөгөө гараараа тэр Шөнө Дундын Хэлтэрхийг барьсан хэвээр байлаа.
Тачигаа дээш эргүүлэн, Санни бөгтөрийн хоолой руу хатгав. Харусын нүдэнд гайхсан оч гялсхийхэд тэр довтолгоогоо өөрчилж, хамгаалалт бий болголоо.
Хурц ир түүний шууг ороосон хүнд гинжинд шигдээд ойж холдов.
Гэвч энэ нь Саннид бугуйгаа мултлан, ухрах боломж олгов. Шархалсан гар нь чичирч байсан ч тэр дахин илдийн ишийг атган, Харустай нүүр туллаа.
Бөгтөр толгойгоо гилжийлгэн, хөгжилтэй мэт харцаар түүнийг ширтэв.
"Гулгамтгай өт… чи үүнийг яаж хийгээд байна?"
Санни ёжтой инээмсэглэв.
"Мэдэхийг хүсэж байна уу?"
Тэгээд хэсэг чимээгүй байсны дараа ярвайж нэмж хэлэв:
"…Би Аспектийнхаа ачаар чамайг харж байна."
Харүс инээв.
"Өө? Сайн байна… хэлж өгсөнд баярлалаа…"
Ингээд тэр гэнэт гараа урагш шидэв.
'Юу хийж байна?'
Зай хэт хол, цохиж хүрэх боломжгүй…
Гэвч дараагийн агшинд Санни алдаагаа ойлгов. Гэвч оройтсон байлаа.
Гинж гэнэт бөгтөрийн гараас тасран, тэр дороо хоорондын зайг туулж, Шөнө Дундын Хэлтэрхийн ирийг чанга ороолоо.
Дараа нь Харус асар их хүчээр татав.
Санни газар унах уу, эсвэл илдээ орхих уу гэсэн сонголттой тулгарлаа.
Тэр хоёр дахь сонголтыг хийв.
Шөнө Дундын Хэлтэрхий хол нисэн, гантиг шалан дээр хөгжим мэт жингэнэн унав. Түүнийг буцааж авах найдвар бараг үгүй байв. Дахин дуудан гаргах хугацааг Харус өгөхгүй нь ойлгомжтой.
Үнэхээр ч дараагийн агшинд аймшигт бөгтөр аль хэдийн дайрч, төмөр алх мэт нударгаараа Саннигийн биеийг бутлахад бэлэн болжээ.
'Үх, новш минь!'
Санни архирч, урагш ухасхийв. Үхлийн цохилтоос бултаж, биеэ эргүүлэн, догшин цохилт буулгав. Нударга нь бөгтөрийн эрүүнд тусч, Харусыг ганхууллаа.
Санни туранхай, өндөр биш ч сул дорой захын хорооллын хүү байхаа больсон.
Түүний судсаар төсөөлшгүй аймшгуудтай тулалдан олж авсан есөн зуун сүүдрийн хэлтэрхийн хүч урсаж байлаа. Тэр харагдахаасаа хавьгүй хүчтэй.
Нүцгэн гараараа чулууг буталж чадахаар хүчтэй.
…Гэвч Харусаас хамаагүй сул.
Нүүрэндээ цохилт авсан ч бөгтөр ноцтой гэмтсэн шинжгүй байв. Харин түүний дараагийн цохилт Санниг сөхрөх шахуу болгов.
Хэдхэн агшинд тэд харгис, зэрлэг тулаанд оролцов. Гар, хөл, бүр шүдээ хүртэл ашиглан бие биенээ устгахыг оролдов. Харүс туршлагатай алуурчны нарийн арга барилаар тулалдсан бол Санни амьдрал нь сургасан зэрлэг ов мэхээр тулалдав.
Гэвч бөгтгөр илт давуу байлаа. Асар их хүч, жин, уртын давуу талтай тул Санниг газар унагахад л хангалттай байв. Үүнийг мэдсэн Санни наалдаж барьцалдахаас зайлсхийхийн тулд бүхнээ дайчлав. Тэр мушгиран, хөдөлж, довтолгооноос бултаж, дахин дахин цохив.
Удалгүй Харусын нүүрэн дээр хэд хэдэн шарх гарч, цус урсаж эхлэв. Харин Санни хамаагүй дор байдалтай байлаа. Нударга болон тэр хараал идсэн гинж нь түүний биед аймшигтай мөр үлдээжээ. Дух нь хагарч, цус нүүрээр нь урсаж байв.
Ердийн үед энэ нь хүнийг сохлох байлаа.
Гэвч тэр аль хэдийн сохор.
Тэр сүүдрээрээ харж байлаа.
'…Ямар инээдтэй юм бэ.'
Гэсэн ч энэ нь цаг хугацааны л асуудал байлаа. Тэгээд удалгүй тэр алдаа гаргав.
Санни ганцхан агшнаар хоцорсон ч Харүст хангалттай байлаа. Тэр том алгаараа Саннигийн мөрийг базаж, ясыг нь бутруулах шахам атгав. Ингэснээр Саннигийн цорын ганц давуу тал болох хөдөлгөөнт байдал үгүй болов.
Саннигийн нүд томрон нээгдэхэд бөгтөр инээв.
"…Үхэх цаг чинь боллоо, өт өө."
Ингээд тэр Санниг хананд шидэж, чулуун гадаргууд ан цав үүсгэв. Өвдөлт, мансуурал дунд Санни хүзүүг нь хүйтэн, даван гарашгүй зүйл атгаж буйг мэдрэв.
Хохирогчийнхоо нүд рүү ширтэн Харүс хоолойг нь базаж, инээмсэглэв.
"Сайн байна. Чи харж чаддаг нь сайн юм. Ихэнхдээ тэд чаддаггүй. Ямар харамсалтай вэ…"
Санни нударгаа өргөн түүнийг цохив. Үр дүн гарсангүй. Биеэ зөв хөдөлгөж чадахгүй байлаа.
Гэсэн ч дахин, дахин, дахин оролдлоо.
Боомилогчийнх нь нүүрний арьс хагарч, цус урссаар байсан ч Харүс зүгээр л инээмсэглэн, сонирхолтойгоор ширтсээр байв.
"Сайн. Сайн. Үнэхээр сайхан… үнэхээр…"
Санни сулхан гараа дахин өргөв. Гэвч энэ удаа хэсэг тээнэгэлзэв.
Уушгинд нь үлдсэн багахан агаараар тэр сөөхөн хэлэв:
"Хөөе, новш минь… би чамд… заль хэрэглэхгүй гэж… хэлж байсныг… санаж байна уу?"
Харус инээв.
"…энэ чинь… заль байсан юм…"
Яг тэр мөчид Санни дахин цохив. Энэ удаа ч гэсэн энгийн цохилт гэж бодсон Харус анхаараагүй.
Гэвч энэ удаа Саннигийн гарт гэнэт хий үзэгдэл мэт хутга гарч ирэв. Энэ Дурсамж энгийн үе шиг дуудагдаагүй, бараг агшин зуур хоосноос сүлжигдэн бий болсон байлаа.
Дараагийн агшинд тэр ир Харусын чамархайг нэвт сүлбэж, тархинд нь гүн шигдэн, түүнийг тэр дор нь хөнөөв.
Бөгтгөрийн инээмсэглэл тэр дороо хөшив. Нүд нь томорч, дараа нь аажмаар хоосорч эхлэв. Саннигийн хоолойг атгасан аймшигт атгалт бага багаар сулралаа.
Удалгүй тэр эвдэрсэн хүүхэлдэй мэт шалан дээр нуран унав. Нүд нь хоосонг ширтсээр.
Санни өвдөг сөхрөн, сөөнгө амьсгаа авлаа.
"Үх… новш минь. Үх, үх, үх…"
Түүний нүүрэнд нь догшин, галзуу инээмсэглэл тодров.
"Үхээд эзэнтэйгээ тамд очиж нийл!"
Чичирсээр тэр хананд түшиж босоод, үхсэн нядлагчийг үзэн ядалт, ялалт, бас жигшил хосолсон харцаар ширтэв.
Хэсэг хугацааны дараа тэр ийнхүү нэмж хэлэв:
"Хүсэхгүй байна гэдэг чинь огт хийхгүй гэсэн үг биш, эргүү новш минь."