179-р бүлэг : Шинэ үе
Гадаа гармагцаа Санни Эффи, Кай хоёрыг хайхад хэсэг хугацаа зарцууллаа. Тэд эндхийн бүүр хооллох хэсэгт суучихсан, хоорондоо ямар нэг зүйл ярилцаж байв.
Касси хаана ч харагдсангүй. Харин хоёрдугаар давхар руу өгсөх шатны дэргэдээс Кастер түүнийг ажиглаж байгааг Санни анзаарлаа.
_Касси надаас зайлсхийж байгаа юм болов уу?_
Бага зэрэг сэтгэл гонсойсон Санни хоорондоо танилцаж амжсан хоёр хүнийхээ хажуугийн сандал дээр сууж, тэдэн рүү бараан харцаар ширтэв.
"Юу вэ, та хоёр бие биенээ таньдаг юм уу?"
Кай инээмсэглэв.
"Анчин Афинаг мэдэхгүй хүн гэж байдаг юм уу? Бид өмнө нь, аан… хэд хэдэн удаа таарч байсан."
Яг ямар "тааралтууд"-ын тухай ярьж байгааг нь асуухгүй байхаар шийдсэн Санни санаа алдаад асуулаа.
"Тэгвэл Эффи чиний тэр хачин Дутагдалын тухай мэддэг үү?"
Царайлаг залуу хэд хэд нүдээ анивчаад, будилсан байдалтай хэлэв.
"Мэддэг байх аа? Би үүнийг нээх их нууцалдаггүй."
Сайн хэрэг.
Дэлхий дээрх өчнөөн олон хүний дундаас Санни хамгийн нууц, хамгийн эмзэг сул талаа тааралдсан хэн бүхэндээ ярьж өгөөд явчихдаг хоёр хачин хүнтэй хамт гацчихсан байлаа.
...Гэхдээ Кай шиг Дутагдалтай байсан бол Санни ч бас тийм их санаа зовохгүй байх байсан биз.
_Азтай золиг_
Одоо жүжиглэх ямар ч хэрэггүй болсон тул Санни шууд асуув.
"Тэгээд? Тэр өрөөнд хэн нэгэн худлаа ярьсан уу?"
Үүнийг сонссон Эффи ёжтой гэх чинь инээлээ.
"Аан, тийм учраас л чи Найтийг дагуулж орсон юм байна, тийм үү? Яасан их хартай юм бэ дээ?"
Санни энэ асуултыг зүгээр л тоохгүй өнгөрөөхийг маш их хүсэж байлаа. Гэвч харамсалтай нь түүний өөрийн Дутагдал Кайгийнхаас хавьгүй хатуу хязгаарлалтай.
"Үгүй дээ. Үнэндээ бол хүн яг байх ёстой хэмжээгээрээ л харддаг гэж бодож байна. Өөрөөр хэлбэл... туйлын их."
Ингэж хэлээд тэр Кай руу хүлээлттэй харцаар харав.
Кай хэсэг тээнэгэлзэн:
"Үгүй байх. Хэн ч худлаа хэлээгүй. Чиний найзууд бүгд маш үнэнч хүмүүс байна, Санни."
_Бяцхан хурга юм даа хөөрхий минь_
Ийм гэнэн байдлыг яаж хүлээж авахаа мэдэхгүй Санни толгойгоо сэгсрээд дуугаа намсгав.
"Кастер ч бас уу?"
Кай толгой дохив.
"Тийм. Тэр ч бас үнэн ярьсан."
Санни андуурсан юм болов уу? Кастер үнэхээр зүгээр л шударга, нэр төртэй хүн байсан юм болов уу? Түүний үл итгэх байдал зүгээр л хий хоосон хардлага байсан юм болов уу?
Бага зэрэг эргэлзсэн Санни хэсэг бодолхийлснээ Эффи рүү эргэж харав.
"Нефис бид хоёр долоо хоногийн дараа яриагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон. Тэр хүртэл чи миний хамгаалалтанд байна."
Энэ үгийг сонссон анчин бүсгүй гэнэтхэн чангаар инээд алдав.
"Хөөх. Үнэхээр аюулгүй санагдаж байна шүү. Баярлалаа, тагжгар аа."
Санни энэ доромжлолыг сонсоод шүдээ тас зуулаа. Нүүр нь удалгүй ярвайж:
"Санаа зоволтгүй. Би харагдаж байгаа шигээ биш байж магадгүй. Гэхдээ миний хамтран амьдрагчийг чи харвал ч..."
Кай гэнэт ундаандаа хахаж, царай нь бага зэрэг цайв. Ямар нэг зүйл санаанд нь орсныг анзаарсан Санни түүний нурууг алгадаад хэлэв.
"Ямартай ч тусалсанд баярлалаа. Бидний тохироо дууслаа. Дараа хальт тааралдъя даа."
Санни энэ залууг огт санахгүй байх нь лавтай.
Санни өөрөө ч царай зүсээрээ онцгой сайхан биш байхад, Кайгийн хажууд бүр... аан... дөнгөж л дундажийн дээгүүр юм шиг харагддаг байлаа.Царайлаг нумчин түүн рүү хэсэг харснаа хүчээр инээмсэглэл гаргав.
"Тийм ээ, чамтай танилцсандаа баяртай байна, Санни. Чамтай хамт өнгөрүүлсэн цаг үнэхээр... аан... мартагдашгүй туршлага байлаа гэж чин сэтгэлээсээ хэлж чадна."
Ингээд тэр Эффи рүү бага зэрэг өрөвдсөн мэт харснаа босоод явчихлаа.
Ингээд тэд хоёрхон үлдэв.
Анчин бүсгүй ядарсан янзтай эргэн тойрноо ажигласнаа төвийг сахисан өнгөөр асуулаа.
"Тэгээд? Хэзээ явах вэ?"
Санни огтхон ч эргэлзсэнгүй.
"Яг одоо. Үнэндээ би балгас руугаа буцахыг тэсэж ядаж байна. Энэ газар... надад нэг л эвгүй мэдрэмж төрүүлээд байна."
Эффи түүн рүү сонин харцаар харснаа мөрөө хавчив.
"Тэгэлгүй яах вэ. Энэ аймшигтай газраас хурдан зайлж, хэдэн мянган жилийн настай хараалт балгас дотор очиж нуугдъя. Тэнд л лав аюулгүй санагдах байх, тийм ээ?"
Хэсэг хугацааны дараа тэд Харанхуй хотын гудамжаар болгоомжтой алхаж байлаа. Өдрийн гэрэлд энд байх нь Саннид дасал болоогүй зүйл тул тэр үндэслэлтэйгээр түгшүүрт байв.
Аз болоход тэд хоёулаа туршлагатай анчид байсан бөгөөд хамтран ажиллахдаа гаргууд. Санни Эффитэй хамт ан хийдэг байсан хуучны хэмнэлдээ амархан орж, яг л гурван сар огт өнгөрөөгүй мэт байлаа. Үнэндээ бүр хөгжилтэй ч санагдаж байв.
Нэгэн үед зөрүүд анчин бүсгүй түүн рүү хараад асуулаа.
"Гэхдээ нээрээ, чи яаж амьд үлдсэн юм бэ, Санни?"
Санни бараан харцаар түүн рүү хараад, гараа эргүүлэн:
"Яаж гэж бодож байна? Би сүүдэрт нуугдахдаа мэргэжлийн гэдгийг чи мэднэ шүү дээ. Өдөр унтаж, шөнө ан хийдэг байсан. Дайрахынхаа өмнө олзоо анхааралтай ажиглаж, сул талыг нь олдог. Харин алах тал дээр эргэлзэж байгаа зүйлтэй таарвал... зугтдаг байсан."
Эффи хэсэг бодолхийлснээ хэллээ.
"Анзаарагдаж байна шүү. Чи их өөрчлөгджээ. Одоо чи... жинхэнэ анчин шиг харагдаж, бас мэдрэгдэж байна."
Энэ магтаалыг сонссон Санни инээмсэглэв.
"Тийм байгаасай гэж найдаж байна. Үнэндээ бол би боломжтой гэдэг хэмжээнээс хэтэрсэн олон Хар дарсан зүүдний амьтан агнасан."
Эффи шоолсон янзтай инээв.
"Хэдийг?"
Сайхан асуулт байлаа. Санни хариулахаасаа өмнө бага зэрэг тээнэгэлзэв.
"Жар орчим? Тийм ээ, түүнээс их биш байх."
Шүрэн ойд дотор устгасан тэр аюулуудыг нэмбэл түүний алсан тоо аль хэдийн зуу давсан байсан.
Эффи нүдээ анивчаад түүн рүү бараан царайгаар харав. Гурванхан сарын дотор ийм олон ан хийсэн байна гэдэг... үнэхээр итгэмээргүй тоо байлаа.
Үнэндээ бол галзуу хүний хэмжээнд.
Бодит ертөнцөд бол Сэрсэн Хар дарсан зүүдний амьтад энгийн Нойрсогч нарт хэтэрхий хүчтэй байдаг гэдгийг бүгд мэддэг. Тийм нэгнийг ялсан хүн нэр хүндтэй болдог. Харин арав гаруйг устгавал бүр алдаршина.
Хэрвээ Санни эх дэлхийдээ буцаж очоод өөрийгөө зуу гаруйг устгасан гэж хэлбэл, тэр дундаа Нүгэлт жигшүүрээр дүүрсэн хараалт балгас дотор хийсэн ангаа яривал, түүний нэр хормын дотор дэлхий даяар тархах байсан.
Түүнийг үеийнхээ хосгүй суутан, бүхэл бүтэн үеийн найдвар гэж өргөмжлөх байв.
...Гэвч Харанхуй хотод түүнтэй адилхан, бүр түүнээс ч илүү амжилттай олон арван хүн байлаа.
Эффи л гэхэд хэдэн зуун ан хийсэн.
Гаднах сууринд ч бас ийм амжилттай анчид хэд хэд байсан. Гэхдээ Жүбей нас барснаас хойш тэдний тоо багассан. Гэрэлт Цайз дотор бол Ганлауг өөрөө, түүний таван дэслэгч, Цэргүүдийн бүх Замчид, олон туршлагатай анчид, мөн тулааны шарх сорвиор дүүрэн хэдэн Харуул байлаа. Тэд бүгд Нойрсогч хүн хэзээ ч хүрэх ёсгүй түвшинд хүрсэн байв.
Мартагдсан эрэг үнэхээр... сонирхолтой газар байлаа.
Хэрвээ Нефис ямар нэг байдлаар амжилт гаргаж, тэднээс хэдийг нь ч болов бодит ертөнц рүү авч гарч чадвал... дэлхий яаж өөрчлөгдөх бол?
Өмнө нь боломжгүй гэж тооцогддог байсан олон зүйл гэнэт дахин үнэлэгдэх болов уу?
Тийм учраас л Хараал түүнд Өөрчлөгдөж буй Од гэсэн нэр өгсөн юм болов уу?
Нефис зөвхөн өөрчлөлтийг бий болгох биш, харин тэр өөрчлөлтийн хурдасгуур болох хувь тавилантай байсан юм болов уу?
Ийм бодолд автан Санни хараалт балгас дундуур алхсаар байлаа. Удалгүй түүний нүдний өмнө танил хэлбэр гарч ирэв.
Сүмийн орой.
Түүнийг хараад Санни чичирч эхлэв.
Эффид өөрийгөө хэрхэн амьд үлдсэнийг хэлэхдээ тэр үнэн ярьсан. Гэхдээ нэг зүйлийг дурдаагүй нь тэр энэ бүх хугацаанд үхэлтэй хэр ойрхон явснаа.
Сүмд анх орсон тэр өдөр... мөн үүний үр дүнтэй холбоотой дурсамжыг Санни аль болох бодохгүй байхыг хичээдэг байлаа.